Р.Сэддорж, Ц.Мөнхбат нар боловсролоос ухрах алхам санаачлав

img

 

6, 7 настнуудын эрхийг “сонголт” нэрээр хязгаарлах уу?

УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Ц.Мөнхбат нар боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж, хөдөө орон нутгийн 1, 2-р ангийн сурагчдыг эцэг эхийн хүсэлтээр онлайнаар эсвэл явуулын багшаар сургах, шаардлагагүй гэж үзвэл танхимаар хичээллэх боломжийг хуульчлах тухай ярьж байна. Өнгөц харахад сонголт өгч байгаа нь аятай сонсогдох ч уг санаачилга бодит амьдрал дээр хүүхдийн суурь эрхэд халдах ноцтой эрсдэл дагуулж байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй.

Юуны өмнө, Монгол Улсын Үндсэн хууль болон Боловсролын тухай хуульд хүүхэд бүр чанартай боловсрол эзэмших, аюулгүй орчинд суралцах эрхтэй гэж заасан. Энэ бол “боломж байвал” эдлэх эрх биш, төрөөс заавал хангах үүрэг. Харин одоо яригдаж буй өөрчлөлт энэ үүргийг эцэг эхийн хүсэл рүү шилжүүлж, бодит байдал дээр хариуцлагаас зугтах гарц болж хувирах эрсдэлтэй.

Хөдөө орон нутагт амьдарч буй малчин өрхийн нөхцөл байдлыг бодитой харах хэрэгтэй. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр малчин өрхийн дундаж орлого тогтворгүй, интернетийн хүртээмж муу, дижитал хэрэглээ хязгаарлагдмал хэвээр байна. Зарим сум, багт тогтвортой сүлжээ ч байхгүй. Ийм нөхцөлд “онлайнаар сургах сонголт” гэдэг нь бодит сонголт биш, харин боломжгүй байдлыг хуульчлах хэлбэр болно.

Ковидын үеийн туршлага үүнийг тод харуулсан. Судалгаагаар бага ангийн сурагчдын унших, бичих чадвар мэдэгдэхүйц хоцорч, багш, сурагчийн шууд харилцаа тасарснаас суралцах чанар эрс муудсан нь тогтоогдсон. Тэр үед ч хотын хүүхдүүд хүртэл хэцүү байсан. Харин хөдөө орон нутагт байдал бүр дор байсан нь ойлгомжтой.

Хууль санаачлагчид малчин өрхийн амьдрал, гэр бүлийн задрал, хүүхдээ дагаж төв суурин руу нүүх асуудлыг шалтгаан болгож байна. Гэхдээ энэ бол үр дагавар, харин суурь шалтгаан нь өөр.

  • Хөдөөгийн сургуулийн дотуур байр, тээврийн хүртээмж хангалтгүй
  • Багшийн хүрэлцээ, тогтвортой байдал сул
  • Орон нутагт ажлын байр, нийгмийн үйлчилгээ дутмаг
  • Малчин өрхийн нийгмийн хамгаалал сул

Эдгээрийг шийдэхийн оронд хүүхдээ гэртээ байлгаад онлайнаар сурга гэж хэлэх нь асуудлыг тойрч гарсан, хамгийн амархан боловч хамгийн буруу шийдэл.

Нууц биш үнэн бол зарим айлд хүүхэд бол хөдөлмөрийн хүч. Зун амралтаараа туслах нь нэг хэрэг, харин 6, 7 настай хүүхдийг жилийн турш малд дайчлах өөр хэрэг. Хэрэв онлайнаар сургах сонголтыг хуульчилбал хүүхдээ сургуульд явуулахгүй байх шалтгаан улам амархан болно.

Энэ тохиолдолд

  • Хүүхдийн боловсрол тасалдах
  • Нийгмийн харилцаа, хөгжлийн боломж хязгаарлагдах
  • Ирээдүйд ядуурлын тойрог үргэлжлэх бол эрсдэл биш, бараг баталгаатай үр дагавар.

Хууль санаачлагчид гадаад орны жишээ татаж, онлайнаар сурах боломж байдаг гэж ярьж байна. Гэхдээ тэр улсууд чинь

  • Өндөр хурдны интернетийн 90%+ хүртээмжтэй
  • Эцэг эхийн боловсролын түвшин өндөр
  • Сургалтын платформ, хяналтын систем хөгжсөн
  • Хүүхэд хамгааллын тогтолцоо хүчтэй

Монголын хөдөөгийн бодит байдалтай харьцуулахад огт өөр орчин. Нөхцөл нь өөр байхад шийдлийг шууд хуулбарлах боломжгүй.

Төрийн үүрэг бол

  • Хүүхдийг сургуульд хүргэх
  • Сайн багшаар хангах
  • Дотуур байр, тээврийн асуудлыг шийдэх
  • Орон нутагт амьдрах нөхцөлийг сайжруулах

Гэтэл одоо эсрэгээрээ хэцүү байвал гэртээ байлгаад онлайнаар сурга гэж байдаг. Энэ бол бодлогын ухралт шүү дээ. Хүүхэд бол мал биш, хөдөлмөрийн хэрэгсэл ч биш. Тэд бол ирээдүйн Монгол Улсын иргэн. 6, 7 настай хүүхдийн боловсролын чанарыг сонголт нэрээр сулруулна гэдэг улс орны ирээдүйг сулруулж байгаатай ялгаагүй.

Хэрэв үнэхээр малчдын амьдралыг ойлгож байгаа бол

  • Сургуульд хүрэх замыг нь ойртуул
  • Багшийг нь хүрэлцээтэй болго
  • Орон нутагт амьдрахыг үнэ цэнтэй болго

Түүнээс биш хүүхдийг сургуульгүй орчинд үлдээхийг хуульчлах нь шийдэл биш. Асуудлыг шийдэхийн оронд хүүхдийг асуудалд нь үлдээж болохгүй.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ