
Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын орлогч дарга С.Мандахбаттай ярилцлаа.
- Сүүлийн үед хууль зүйн бодлогыг барьдаг яамныхан ажлаа хийхгүй байна. Шинээр хууль санаачлан боловсруулж УИХ-д оруулж ирэхгүй, хууль эрх зүйн шинэчлэл хийгдэхгүй байна гэх мэтээр УИХ-ын зарим гишүүн, иргэд ч шүүмжилж байгаа. Энэ асуудлаар яриагаа эхлэе?
-Манай яамны зүгээс 2008 оноос хойш УИХ-аар олон хууль батлуулсан. Эрх зүйн шинэтгэл, тэр дундаа хууль тогтоомжийн шинэтгэлийн бодлого орчин үеийн хөгжлөө даган тасралтгүй үргэлжилж байгаа. Шинэлэг зүйлийн жишээ гэвэл, манай яамнаас “Хуулийн давхардал, зөрчил, хийдлийг тогтоох, уялдаа холбоог сайжруулах аргачлал”, “Хууль, хуулийн төслийн үр нөлөөг тооцох аргачлал”, “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлал” зэргийг боловсруулж батлуулсан. Эдгээр аргачлалыг амьдралд хэрэгжүүлэх, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ бол манай хууль зүйн салбарт хийсэн томоохон шинэтгэл мөн. Учир нь, эдгээр ажлын зарим нь барууны орнуудад, тэр дундаа Европт шинээр хийгдэж байгаа юм.
-Зарим хуульч “Манай улсад шаардлагатай бүх хууль бий. Гэхдээ эдгээр хуулийн зүйл заалт давхардаж, зөрчилдсөн, уялдаа холбоогүй, эсвэл хийдэлтэй” гэж шүүмжилдэг. Тиймээс ХЗДХЯ-наас 2008 оноос эхлэн хуулиудад “их цэвэрлэгээ” хийж эхэлсэн. Энэ ажлын явц ямар байна вэ?
-Монголын хамгийн шилдэг доктор, профессор, хууль батлах, хэлэлцэхэд оролцдог албан тушаалтнуудаас бүрдсэн баг гарч, 1998 онд батлагдсан Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрт хоёр жил орчим хяналт-шинжилгээ, мониторинг хийж дүгнэлт гаргасан. 2008 онд хэвлэгдсэн энэхүү багийн тайланд “Монгол Улсад шаардлагатай бүх хууль батлагдсан байна. Харин эдгээр хууль нь хоорондоо уялдаагүй, зөрчил, давхардал, хийдэл ихтэй байгаа тул цаашид энэ байдлыг арилгаж, хуулиудаа сайжруулах шаардлагатай” гэсэн дүгнэлт гаргасан.
Монгол Улс өнөөдрийн байдлаар 456 бие даасан хуультай байна. Иймд дээрх дүгнэлтийн дагуу эдгээр хуулийнхаа уялдаа холбоог сайжруулах ажлыг үе шаттай хийж байна.
2008 оноос эхлэн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран ажиллаж, хуулийн давхардал, зөрчил, хийдлийг тогтоох, уялдаа холбоог сайжруулах аргачлал боловсруулан батлуулсан. Энэ дагуу хуулийн давхардал, зөрчил, хийдлийг тогтоох, уялдаа холбоог сайжруулах ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажлыг хийхийн тулд хуулийн чиглэлээр хамгийн сайн дүнтэй төгссөн, шилдэг гэсэн 26 оюутныг гэрээт ажилтнаар авч ажиллууллаа. Ингэж бид үндэсний боловсон хүчнээ бэлтгэсэн.
Аргачлалаа баталсны дараа эхний ээлжинд иргэн, эдийн засгийн холбогдолтой 81 хуульд “их цэвэрлэгээ” хийсэн. Жишээ нь, Төрийн бус байгууллагын тухай хууль байлаа гэхэд энэ хуультай холбоотой бүх олон улсын гэрээ конвенц, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, хуулийн этгээдтэй холбогдолтой бүх хууль, Засгийн газрын тогтоол, Дээд шүүхийн тайлбар зэргийг цуглуулж байгаад хаанаа болохгүй байгааг тодорхой болголоо.
-Нэлээн өргөн хүрээтэй ажил юм аа даа?
-Тийм ээ. Эхний ээлжинд бид иргэн, эдийн засгийн холбогдолтой 81 хуулийг сонгож, жагсааж байгаад багцаар оруулж байгаа. Тухайлбал, 29 хуулийн давхардал, хийдэл, зөрчил арилгахын тулд түүнтэй холбоотой 63 хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болж байна. Ингээд 92 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах багц хуулийн төсөл боловсруулж өргөн мэдүүлсэн. Манайх хуулийг нэг нэгээр хэлэлцэж батлах зарчимтай. Тэгэхээр Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт оруулж давхардал хийдэл, зөрчлийг арилгахад “багц хууль” өргөн мэдүүлж болох цоо шинэ нэр томъёог нэвтрүүлж, холбогдох хууль нэмэлт оруулсан.
-Хуульд “цэвэрлэгээ хийх” ажлын хүрээнд хэчнээн багц хуулийн төсөл өргөн мэдүүлээд байна вэ?
-Иргэн, эдийн засгийн 29 хуулийн давхардал, зөрчил, хийдлийг арилгах багц хуулийн төслийг Засгийн газар 2011 онд УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир анхны хэлэлцүүлэг үргэлжилж байна. Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний хуулийн уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн багц хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн байгаа. Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Ерөнхий сайд болон ЗГХЭГ-ын даргын эрхлэх асуудлын хүрээний багц хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанад хэлэлцүүлэхээр холбогдох яамдууд ЗГХЭГ-т хүргүүлсэн.
-Ер нь, давхардал, хийдэл, зөрчил гэж юу хэлээд байгаа талаар бодитой жишээ хэлэхгүй юү. Өргөн мэдүүлсэн багц хуулийн төслөөс?
-Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх журмыг зөвхөн хуулиар зохицуулна гэж заасан. Гэтэл Усан замын тээврийн тухай, Авто замын тухай хоёр ч хуульд тусгай зөвшөөрөл олгох журмыг сайдын баталсан журмаар зохицуулна гэсэн байгаа юм. Хуулиас давсан журам эрх мэдлийг тухайн сайдад олгочихож байна. Яагаад тусгай зөвшөөрлийн хуульд “зөвхөн хуулиар” зохицуулахаар заасан бэ гэхээр тусгай зөвшөөрөл олгохдоо Засгийн газар, сайд эрх мэдлээ давуулаад хэрэгжүүлчихвий, компаниудад хүнд суртал үүсгэчихвий гэж сэргийлэх үүднээс УИХ-ын онцгой бүрэн эрх байхаар заасан болов уу. Бид энэ хоёр заалтыг хүчингүй болгоод заавал хуулиар зохицуулна гэж өөрчлөхөөр тусгасан, энэ бол илт зөрчил.
Хуулийн хийдлийн тухай жишээ дурдья. Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнийг УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилдог. Дараагийн хүнийг томилох асуудлыг УИХ-ын дарга оруулж ирнэ. Гэтэл хэзээ оруулж ирэх нь тодорхойгүй. Зургаан жилийн бүрэн эрх дуусчихаад байдаг. Дараагийн хүнээ томилуулахгүй байгаад байж болохгүй. Гэтэл өмнөх хүн нь хагас жил гаруй, эсвэл хоёр жил ч болох болчихож байна. Тэр нь хорооны гишүүний ажлаа хийгээд эрх мэдлээ хэрэгжүүлээд, үндсэндээ хууль зөрчөөд л яваад байх хаалгыг нь нээх боломжтой. Тэгэхээр манай төсөлд дараагийн хүнийг 30 хоногийн дотор танилцуулж байхаар тусгаж байгаа юм.
Нөхөрлөл, компанийн тухай хууль хүчингүй болсон. Гэтэл олон хуульд Нөхөрлөл компанийн хуулийг ишэлсэн байдаг. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн” гэдэг нэр томъёог хэрэглээд удаж байна, гэтэл олон хуульд “тахир дутуу” гэдэг нэр томъёо хэрэглэсэн байна. Энэ бүхнийг нэр мөр болгосон.
-Ямар ч тооцоо судалгаагүй хууль боловсруулж баталдагаас болж тухайн хууль амьдралд хэрэгждэггүй. “Урт нэр”-тэй хуулиас авахуулаад ийм жишээ олныг дурдаж болно. Тиймээс энэ талаар танай яам юу хийж байна вэ?
-Тооцоо судалгаа муу, үр дүнг нь судлаагүй хууль батлагдаж байгаа талаар гарч байгаа шүүмжлэл нь зарим талаар үнэн. Төрөөс гаргасан шийдвэрээс болж, төрийн байгууллага болон иргэн, аж ахуйн нэгжид ачаалал, зардал их ирдэг. Нэг бичиг баримтаа наториатаар батлуулах, компани нь нэг зөвшөөрөл авах, гарын үсэг зуруулах, төрийн албан хаагчийн хүлээн авах өргөдлийн тоо олшрох гээд аль алинд нь зардал шинээр үүсдэг. Тиймээс бид Европ болон барууны бусад тогтолцоог судалж үзсэн л дээ. Барууны орнуудад төрөөс гаргасан шийдвэрийн улмаас дээрх гурван этгээдэд гарч байгаа ачаалал, зардлыг ойрын таван жилд 20, эсвэл 25 хувиар бууруулна гэх мэтээр зорилго тавьж ажилладаг жишигтэй байна.
Бид энэ туршлагыг судлаж үзээд 2010 онд “Хууль, хуулийн төслийн үр нөлөөг тооцох аргачлал” /дотроо дөрвөн хэсэгтэй/ батлан мөрдүүлж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, яамдууд хуулийн төслөө боловсруулж, үзэл баримтлалаа манай яамаар батлуулахаас өмнө энэхүү аргачлалын дагуу үр нөлөөг нь тооцсон байх шаардлагатай. Жишээ нь, барилгачин болоход зөвшөөрөл авдаг тогтолцоо нэвтрүүлэхийн тулд иргэнд ямар ачаалал үзүүлэх, барилгын компанид ямар зардал үүсэх, барилгын яаманд буюу төрд ямар зардал нэмэгдэх гэдгийг тооцож тодорхой болгоно. Тухайлбал, энгийн үгээр бол хуулийн төсөл батлагдсан тохиолдолд төр, иргэн, ААН-д 20 тэрбум төгрөгийн зардал гарахаар байна. Уг асуудлыг Засгийн газар тогтоол гаргаад шийдвэл таван тэрбум төгрөгийн зардал гарахаар байна гэсэн дүгнэлт гаргавал тухайн хууль санаачлах гэж байсан этгээдэд энэ дүгнэлтийг танилцуулж, зардал хэмнэхэд эцсийн зорилго оршиж байгаа юм.
-Хууль тогтоомжийн төслийг муу боловсруулсан, ойлгомжгүй, хоёрдмол утгатай зүйл олон байгаагаас УИХ-ын ажил удааширч байна гэсэн шүүмжлэл байдаг. Хууль тогтоомжийн төслийг чанартай, сайн болгохын тулд ямар ажил хийв?
- Гурван жилийн өмнө “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлал”-ыг шинэчилсэн. Яамдууд, УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгчөөс санаачилж байгаа хуулийн төслүүд нь найруулга, үг үсгийн алдаатай, ойлгомжгүй байх, өөр хуульд байгаа асуудлыг заавал дахин оруулж ирэх, эсвэл Үндсэн хуулийн зарчим болон бусад хуульд нийцэхгүй байх зүйл гардаг. Тиймээс бид найруулгын хувьд ойлгомжтой, гадаад нэр томъёо хэрэглэхгүй байх, зөв дугаарлах, ишлэл алдаагүй байх гээд техникийн шинжтэй дэлгэрэнгүй зааврыг тусгасан аргачлал гаргасан юм. Энэ төрлийн аргачлал бүх оронд байдаг. Нэгдсэн аргачлалын дагуу бүх хууль санаачлагч төслөө боловсруулах ёстой. Тэгж байж хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх асуудал жигдэрнэ.
-Хуулийн зүйл заалтыг хуульчид янз янзаар тайлбарлаж байгаа нь иргэдийг төөрөгдүүлж, аль нь зөв юм бол оо гэж эргэлзэхэд хүргэж байна. Энэ байдлыг цэгцлэхийн тулд яах ёстой вэ?
- Манайхан долоо хоногийн дотор хууль боловсруулж, УИХ-ын гишүүн өргөн мэдүүлээд батлуулах тохиолдол гарч байна. Тэр нь ямар ч тооцоо судалгаагүй. Долоо хоногийн дотор бичиж байгаа юм чинь хүн алдаа гаргаж л таарна. Тухайн хуулийн төслөө сайн боловсруулж, бусад хуультай давхардаж, зөрчилдөж байна уу, үгүй юү гэх мэтээр бүх талаар нягталж үзэх шаардлагатай. Гэтэл тэгээгүйгээс муу хууль батлагдах магадлалтай. Хууль санаачилж, боловсруулахдаа дээр миний хэлсэн гурван аргачлалыг хэрэглээд явбал ийм асуудал гарахгүй. Аль ч орны хуульч хуулийн зүйл заалтыг өөр өөрийнхөөрөө л тайлбарладаг. Өөртөө болон үйлчлүүлэгчдээ ашигтайгаар тайлбарлах гэж оролдоно. Энэ бол угаасаа хуульчдын зан. Үүнтэй холбоотой ийм нэг онигоо байдаг. “1+1= хэд вэ” гэхэд нэгдүгээр ангийн сурагч “хоёр” гэж хариулсан. Эдийн засагч бол “арван нэг” гэж, харин хуульч хүн “Хэд гаргуулмаар байна” гэсэн гэж байгаа. Тэгэхээр хуульч хүн бол уг нь, хэд ч хамаагүй гаргуулахын төлөө ажилладаг байж таарахгүй, гэхдээ ийм хуульч байхыг бас үгүйсгэхгүй.
Харин төрийн байгууллага, түүний ажилтан хуулийг нэг мөр ойлгож, нэг мөр хэрэглэх учиртай. Хуулийн төсөл боловсруулах аргачлалд “Аливаа заалтыг боловсруулахдаа хоёрдмол утгагүй байхаар томъёолох ёстой” гэж заасан. Үүнийг сайн хэрэгжүүлж чадахгүй байгаа учраас тухайн зүйл заалтыг би нэг янзаар ойлгоод, өөрөө нэг янзаар ойлгох гээд байгаа юм.
-Өмнө нь хүн худалдаалах гэмт хэргийн тухай хуульд зөвхөн нэг заалт төдий л байсан. Харин одоо бие даасан хууль болсон. Энэ мэт орчин үеийн шаардлага нөхцөлөөс улбаалаад шинээр хууль санаачлах явдал цөөнгүй гарч байгаа. Хууль зүйн бодлого барьдаг яамны хувьд энэ мэт ямар хуулиудыг санаачилж, батлуулсан бэ?
-Бид чанартай, цөөн хууль батлуулахын тулд ажиллаж байгаа. Таны хэлдэг Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийг шинээр батлуулсан. Энэ бол шинэ тутам үүсч байгаа гэмт хэргийн талаар тусгайлсан хууль боловсруулж байгаа ээлжит хууль юм. Өмнө нь мөнгө угаах, терроризмтой тэмцэх асуудлыг зохицуулсан тусгай хууль боловсруулж батлуулсан. Цаашид ч энэ ажил үргэлжилнэ.
Манай улсад 2008, 2009 онд санхүүгийн хямрал болсон доо. Тэр үед УИХ-аас санхүүгийн хямралыг даван туулах тусгай тогтоол гаргаж, тодорхой хуулиудыг яаралтай боловсруулж батлуул гэсэн. Манай яам тухайн тогтоолд заасан бүх хууль тогтоомжийг боловсруулж батлуулсан. Мөн түүнчлэн санхүүгийн хямралыг даван туулахад чиглэсэн Концессын тухай хууль, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийг батлуулсан. Эдгээр хуулийг баталснаар манай улсад уул уурхай дагасан томоохон бүтээн байгуулалт өрнөж, хэдэн сая, тэрбумаар тоологдох хөрөнгө оруулалт, мөнгө орж ирэх үүд хаалга нээгдсэн.
Жолоочийн даатгалын тухай хууль батлуулсан. Энэ бол Монголд нэвтэрч байгаа албан журмын даатгалын анхны хууль. Бүх улсад байдаг тогтолцоо. Хууль батлагдсанаар даатгалын салбарын хөгжил шинэ шатандаа орох, олон нийтэд илүү ойлгомжтой болох боломж нээгдсэн юм. Энэ нь цаашид Уул уурхайн албан журмын даатгал, Эмчийн хариуцлагын албан журмын даатгал, Хуульчийн хариуцлагын албан журмын даатгалын тухай хууль гээд үргэлжлэхийг үгүйсгэхгүй. Ямар ч хүн алдаа гаргана. Алдаа гаргаж, хэн нэгнийг хохироосон тохиолдолд халаасанд нь мөнгө байхгүй ч даатгуулсан тохиолдолд даатгалын байгууллагаас хохирол барагдуулах боломжтой байх нь л чухал.
-Асуудал аль хэдийнэ үүссэний дараа хууль баталж, хуулийн төсөл өргөн барих явдал ажиглагдаж байна. Шаардлагатай хуулийг хугацаа алдалгүй батлаагүйгээс сөрөг үр дагавар ч гарч байх шиг. Тухайлбал, Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг гурван жилийн өмнө санаачилж, өргөн барьсан байдаг. Гэтэл хэлэлцэхгүй явсаар саяхан “Саут Гоби Сэндс” компанийн асуудал сөхөгдөхөд хэлэлцэж байх жишээтэй.
-УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч хууль санаачлахдаа Засгийн газраас заавал санал дүгнэлт авдаг. Тэрийг нь манай яам бэлтгэдэг. УИХ-ын гишүүн Г.Занданшатар сайд Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг гурван жилийн өмнө санаачилсан. Тухайн үед Засгийн газраас энэ хуулийн төслийн ерөнхий үзэл баримтлал, зарчмыг нь дэмжиж, гэхдээ ийм асуудалд анхаараач, энэ нь болохгүй байна гэсэн тодорхой санал өгсөн юм. Тэгэхээр энэ бол асуудал үүссэний дараа гэнэтхэн хуулийн төсөл барьж явсан асуудал биш шүү. Гэхдээ тийм тохиолдол бас байдгийг үгүйсгэхгүй.
-Ямар нэг хууль баталлаа гэхэд түүнийг тухайн салбар, агентлагууд хэрэгжүүлж, тэдний ажил болоод явдаг. Гэтэл цаана нь тэр хуулийг боловсруулж, өдөр шөнөгүй сууж ажилласан хүний хөдөлмөрийг нэг их яриад байдаггүй...
- Хуулийн төсөл боловсруулах ажил их сонин. ЭБЭХЯ, ЗТБХБЯ-ны ажил бол тодорхой, олны нүдэнд ил. Тухайлбал, Оюу толгой, Ухаа худгийн бүтээн байгуулалтыг хэн ч хараад ойлгоно. Зам, барилга барилаа гэхэд олны нүдэнд үр дүн нь шууд харагдаж байдаг. Гэтэл хуулийн ажил тийм биш. Бид загнуулж, өдөр шөнөгүй сууж, хууль боловсруулж, батлууллаа гэхэд энэ маань бусдын ажил болох тал бий. Гэхдээ энэ бол хуульч хүний хувьд, аль ч улсад хамгийн цөөн тооны хуульч хийдэг, мэргэжлийн ур чадвар шаардсан бахархмаар, залуу хүний хувьд олон зүйлд сурсан, бас сорьсон сайхан ажил даа. Үүнийг манай яамны удирдлага ойлгодог, мэддэг болохоор бүх талын дэмжлэг үзүүлдэг.
Зохиогчийн эрх. Ардчилал сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ