Техникийн шинжлэх ухааны доктор Р.Сүхмягмар арваад жилийн өмнөөс биотехнологийн ололтыг сонирхон судалсан эрдэмтэн. 2000 оны эхээр Францын Леон хотноо явж байхад франц найз нь нэгэн шатахуун түгээх станц дээр бусдаас сондгой шар цэцэгний зурагтай хоолойноос машинаа цэнэглэхэд нь учрыг лавлажээ. Хариуд нь байгальд ээлтэй, агаар орчныг бохирдуулдаггүй биодизель болохыг мэдсэн байна. Зам зуур тааралдах талбайд шаргалтах мөнөөх цэцгүүд рапсын тариалан болохыг илтгэж байж. Ингээд л компьютерийн программ хангамжийн инженер маань сэргээгдэх эрчим хүчний салбарт эргэлт буцалтгүй оров. 2006 онд Монголд биодизелийн үйлдвэрлэл өргөн дэлгэр хөгжөөсэй хэмээн билэгдэж, Монголын биодизель үйлдвэрлэгчдийн холбоог үүсгэн байгуулжээ. “Жонон” технологийн дээд сургуулийн Р.Сүхмягмар профессорын багийнхан анхны биодизель амжилттай гарган авсан.
Цаашид өндөр технологи, ялангуяа биотехнолгиор экспорт болон импортыг орлох жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх ямар боломж байгаа талаар түүнтэй ярилцав. Доктор яриандаа биодизель, биогаз, биоэтанолын тухай байн байн дурдаж байлаа. Тэдгээрийг нэгтгээд гурван био хэмээн онцлох нь ч бий.
-Монголд өндөр технологи нэвтэрсэн үү. Түүнийг хөгжүүлэх ямар нөхцөл бололцоо байна вэ?
-Улс орон уул уурхайн салбартаа дулдуйдан, алт, зэс, нүүрс гэж хошуураад ирэхээр баялгаа түүхийгээр нь гадагш гаргадаг. Монголд хэрэглэж байгаа техник технологийн 80 хувийг нойл (0) технологи эзэлж, дөнгөж 0,2 хувь нь өндөр технологид хамаарч байна. Бидний үндэс суурийг нь тавьж байгаа биодизелийн үйлдвэрлэл маань биологи, химийн шинжлэх ухаан дээр суурилсан биотехнологид хамаарна. Үүнийг ургамал, амьтны гаралтай хаягдал тосноос гарган авдаг. Монголд түлш, шатахууны үнэ өсөхөд бүх юмны үнэ нэмэгдэж, хүмүүсийн амьдралыг өөрчилж байна. Гэтэл дизелийн түлшийг бага зардлаар ашигтай аргаар үйлдвэрлэх арга гарын дор байна шүү дээ. Гагцхүү төр, засгаас анхаарал тавьж, эрх зүйн орчноор нь дэмжиж, эдийн засгийн талаас нь урамшуулахад л болно. Наад зах нь биодизелийн тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд гаалийн татваргүй болгож, үйлдвэрлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэн, байгаль орчинд ээлтэй биодизель хэрэглэгчдэд урамшуулал олгох хэрэгтэй. Өндөр хөгжилтэй орнуудад энэ мэт хөшүүргээр экологийн цэвэр түлшний үйлдвэрлэлийг төрөөс дэмждэг.

Засгийн газраас нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд зориулж таван тэрбум төгрөг гаргахаар боллоо. Хэрвээ түлш, шатахуун тасарвал эмнэлгийн түргэн тусламж, гал команд, онгоц, галт тэрэг бүгд зогсоно. Амь тариа төдийхөн нөөцтэй байх нь улс орны үндэсний аюулгүй байдалд ч уршигтай. Манай гол түнш ОХУ нефтийн баялаг нөөцтэй, дэлхийн зах зээл дээр үнэ тогтоох боломжтой орон. Бид импортын гэрээгээ дор хаяж 1-2 жилээр хийдэг учраас гэнэтхэн нэмж захиалахад хүндрэлтэй. Иймээс дотооддоо нөөц бүрдүүлэх хэрэгтэй байна. Гадаадаас жилд 400 мянган тонн түлш импортолж, дотоодын хэрэгцээгээ хангадаг гэж бодвол түүний 20 хувийг 80 мянган тонн биодизелээр нөхөх бололцоотой. Эдийн засгийн тооцооны хувьд нэг литр биодизелийг 1500-1600 орчим төгрөгөөр үйлдвэрлэнэ. Гэтэл өнөөдрийн байдлаар зах зээлийн борлуулалтын үнэ 1850 төгрөг. Литр тутмаас 200 төгрөг хэмнэхэд 80 мянган тонн биодизелээс 16 тэрбумын хуримтлал бий болно. Энэ мөнгийг л үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд урамшуулал болгоод өгчихвөл биодизелийн үйлдвэрлэл ч өргөжинө. Харин биодизелийн стандартыг боловсруулж, олон улсын стандартад нийцүүлэх учиртай. Энэ стандартыг хангасан биодизелийг “Петровис”, “Шунхлай” зэрэг компаниуд ч авч, хэрэглэгчдэдээ нийлүүлэх биз.
-Таны онцолдог гурван био-гийн нэг биогазын тухайд…
-Монголд биогаз үйлдвэрлэх өргөн боломж бий. Гол түүхий эд үхрийн баас, хаягдал сүрэл хаана л бол хаана байна шүү дээ. Ер нь ялзарч болох юу л байна, түүнийг ашиглаж болно. Байгалийн хийнээс гарал үүслээрээ л ялгаатай болохоос яг адилхан. Биогазаар цахилгаан, дулааны асуудлаа бүрэн шийднэ. 20 км зайд цахилгаан дамжуулах шугам татахад 20 тэрбум төгрөг шаардагддаг. Хоёр тэрбум төгрөгөөр биогаз үйлдвэрлэхэд тэр хэмжээний нутаг дэвсгэрийн хэрэглэгчдийг цахилгаан, дулаанаар хангахад хүрэлцээтэй. ХБНГУ-д биогазын 180 мянган жижиг үйдвэр ажилладаг. Энэ төрлийн түлш үйлдвэрлэлийн техник, технологи хамгийн дээд шатандаа хүртэл хөгжсөн. Үүнээс илүү боломж байхгүй гэдгээ германчууд ойлгодог юм билээ.
Төр, засгаас тэр олон спирт, согтууруулах ундааны үйлдвэрт тусгай зөвшөөрөл олгохдоо хаягдал шаараараа биогаз үйлдвэрлэ гэсэн болзол тавьдаг бол ганцхан биореактор суурилуулаад л үйлдвэрлэл явуулна. Спиртийн үйлдвэрийн инженер техникийн ажилтнуудад биогаз үйлдвэрлэхэд онцын бэрхшээл тохиолдохгүй. Адилхан л нэрээд гаргачихна. Таван тонн спиртийн шаарнаас 100 тонн биогаз гарган авах боломжтой. Эд чинь хөрөнгө мөнгөтэй, энэ зэргийн шинэ технологи нэвтрүүлэхэд хотойхоор газар биш. Ямар дааж давшгүй техник технологи шаардагдах биш. Гагцхүү төрийн зохицуулалт, өөрсдийн хүсэл сонирхол дутаж байгаа юм. Биогазыг дотооддоо үйлдвэрлэж хэрэглэснээр Улаанбаатарын утааг багасгаж, дээр нь цахилгаан эрчим хүч хэмнэх нь ойлгомжтой. Сэргээгдэх эрчим хүч үйлдэрлэснийх нь төлөө архи, пивоны үйлдвэрийг урамшуулах хэрэгтэй. Аль ч талдаа ашигтай.
-Биоэтанол буюу бензинийг биотехнологиор яаж үйлдвэрлэх вэ?
-Гурав дахь био бол биоэтанол. Хаягдлаас биоэтанолыг гарган авч, бензинийг орлуулдаг. Хөгжилтэй орнуудад хэдийнэ хэрэглээд сурчихсан. Спирт, архи, пивоны үйлдвэрийн хаягдал шаарнаас гарган авч болно. Зөвхөн спиртийн шаарыг гэхэд өдөрт хэдэн арван тонноор нь хаядаг. Гадагш зайлуулахаасаа төвөгшөөгөөд килограммыг нь хэдхэн төгрөгөөр хувь хүмүүст зардаг юм билээ. Тэд өвөл үхэр, гахайгаа тэжээдэг. Уг нь асар үнэтэй түүхий эд шүү дээ. Мэдээж байнгын халамцуу мал амьтны мах яаж олигтой байхав дээ. Ийм махны гарал үүслийг яаж тодорхойлох вэ. Буруу замаар л будаа тээж байгаа хэрэг.
Генераторт 60 хувийн шатамхай метан, 30 хувийн нүүрсхүчлийн хийн холимог байхад л шатаж цахилгаан гаргана. Ийм замаар ядаж өөрийнхөө үйлдвэрийг, цаашилбал ойр орчныхоо хэрэглэгчдийг хангана. Манайд өнгөрсөн онд туршсан л байналээ.
-Дээрх гурван биог хүрэлцээтэй гарган авахад манай түүхий эдийн нөөц хүрэлцэх үү?
-Ашиглаж чадвал багагүй нөөц байна. Гэхдээ шавхагдашгүй гэсэн үг биш. Ургамлын гаралтай тосыг “Өгөөж” зэрэг нарийн боовны томоохон үйлдвэрүүдээс авч, зоогийн газруудын төмс, хуушуур хайрсан тосыг ашиглаж болно. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед агентууд техникийн тос цуглуулж, савангийн үйлдвэрт нийлүүлдэг байлаа. Энэ бүхэн чинь биодизелийн түүхий эд болно. Нэг литр хаягдал тосоор нэг литр биодизель үйлдвэрлэдэг. Ямар ч хаягдалгүй технологи байгаа биз дээ. Дээр нь хадгалахад тэсэрч дэлбэрэх аюулгүй.
Мөн рапс тариалж, тос гарган авдаг. Монголд импортоор оруулж ирдэг 13 төрлийн савласан тосны 80 хувийг рапсаас гарган авсан тос эзэлдэг. Канад гэхэд 40 сая га тариалангийн талбайнхаа есөн сая га-д нь рапс тариалдаг юм билээ. Гэтэл манайд нүд үзүүрлээд байдаг. Уг нь жил болгон тариалахгүй, улаанбуудай, эрдэнэшиш, арвай, овъёос зэрэг ургамалтай сэлгэж тарьдаг хөрсийг эвдрэлээс хамгаалсан технологи мөрддөг юм байна. Дэлхий дахин замагнаас гарган авч эхэллээ. Энэ талаар ихээхэн амжилтад хүрсэн.
Биогазын гол түүхий эд спирт, архи, пивоны шаарыг бүрэн ашиглаж чадвал Монголд асар их нөөц байна. Малын баас, ялангуяа үнээний фермүүдийг түшиглэвэл түүхий эдээ сэлбэж болно. Газар тариалангийн салбараас хаягдал сүрлийг авч хэрэглэхэд багагүй боломж байна.
-Монголын нуур цөөрмүүдэд замаг байдаг шүү дээ. Үүнийг тэгвэл ашиглаж болох нь ээ.
-Бололгүй яахав. Манай орны нуур цөөрөмд тостой, тосгүй 700 гаруй төрлийн замаг бий. Тостойг нь ялгаад цэнгэг усанд СО2-оор баяжуулаад үржүүлж болно. Бид лабораторийн нөхцөлд туршиж байна. Америкт замагнаас гарган авсан биодизелээр нисэх онгоц, ялангуяа байлдааны онгоцуудаа цэнэглэж эхэллээ. Агаарт 50-60 хэмийн хүйтэнд царцахгүй биодизель үйлдвэрлэсэн нь гайхамшигт ололт. Нэг л Наритогийн нисэх онгоцны буудал ч юмуу агаар бохирдулдаггүй, хар утаа ялгаруулдаггүй биодизель хэрэглэдэг онгоц хүлээн авнаа гэвэл яана. Манай агаарын тээврийн онгоцны бензиний жилийн хэрэгцээ 13 мянган тонн. Бид асар өндөр үнээр авдаг. Төр, засгаас бодлогоор дэмжвэл биодизелээр орлуулах боломж байгаа.
Өнгөрсөн оны сүүлчээр манай төлөөлөгчид Бээжинд болсон Азийн замагны IV бага хуралд оролцоод ирлээ. Өмнө дэлхийн V бага хурал Берлинд болсон. Гадаад орнууд мөн хол алхсан байгаа биз. Бид хойноос нь хөөх бус, амдаж угтах нөхцөл бололцоогоо алдаж болохгүй. Манай улсад эдгээр гурван био-г үйлдвэрлэхэд наад захын техник технологи бий. Химийн тав зургаан доктор, профессор ажиллаж байна.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ