Мөнгөний бодлогоор тоглож дуусаагүй юу, эрхмүүд ээ!
Сангийн яамны 100 жилд
Эдийн засгийн өсөлт 20 хувьд дөхсөн тоон үзүүлэлт цаасан дээр байгаа ч, эцсийн дүндээ иргэдэд үр шим нь мэдрэгдэх учиртай. Улстөрчдийн тоон үзүүлэлтийн тухай тод чанга ярианаас илүүтэй ажлын байрны бодит өсөлт, бараа үйлчилгээний үнийн тогтвортой байдлыг л иргэд чухалчилдаг. Тэрчлэн мөнгөний ханшийн уналт буюу инфляци есдүгээр сард өнгөрөгч оны арванхоёрдугаар сарынхаас 5.9 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 10.5 хувиар өссөн байхад, өмсөж зүүдэг гутал, хувцас нь, үргэлж хэрэглэдэг эрчим хүч, түлш нь, тогтмол үйлчлүүлдэг нийтийн тээврийн үнэ нь нэмэгдээд, авдаг хэдээрээ амьжиргаагаа залгуулж дийлэхгүй байхад Дэлхийн банкнаас гаргасан 17.3 хувь гэх өсөлтийн мэдээг Сангийн сайд эрхэм амандаа үглэж байхыг харах нь иргэдэд сайхан харагдах уу. Ажилгүй иргэдийнхээ тоог цөөлнө хэмээн Засгийн газраас энэ оны турш ажил эрхлэлтийг дэмжихээр болсон ч хорогдох бус, харин ч нэмэгдэж, ядуурал 39 хувийн тогтвортой өндөр түвшинд олон жилийн турш байсаар байгааг МҮХАҮТ –аас мэдэгдэж байгаа. Ерөнхийдөө олонхи иргэдийн амьдрал сайнгүй байна. Тиймээс тэдний сэтгэл санаа тавгүй, итгэл алдарсан байдалтай, нийгмээ буруушаах нь нийтлэг болж.
Баабар эрхмийн нийтлэлд гардагчлан “Амьдрал ямархуу байна даа?” гэж мэндлэхэд “Амьдрал яахав ээ, Анжелла Дэвис зүгээр үү?” гэж хариулдаг байсан өвгөн хамаг малаа зуд, татвар, шүлхий, түймэрт тавиад туучихсан ч “Амьдрал яахав ээ, улсын өр дарагдаад нуруу тэнийж сууна” хэмээн баярын нулимс унагаад сууж байж болох ч, бултаараа тийм юм гэж юу байх билээ.
Цаг өөр болж байна. Нийгмийн баялгаар үндсэн тулгуураа хийсэн нийт хүн амын хоёрхон хувь нь чинээлэг бусад нь ядруухан амьдрах нь шударга бус гэдгийг эрхбиш иргэд ойлгохтойгоо байна. Тиймээс юу юугүй баярын нулимс мэлмэрүүлж суудаг цаг одоо биш.
Эдийн засгийн өсөлт гэж юуг хэлдэг юм бэ гэдэгт энгийн ойлгомжтой хариултыг эрэхэд “үндэстний баялгийн гол эх үүсвэр” гэж эдийн засагчид томьёолдог ч, аливаа улс үндэстний үйлдвэрлэлийн бүтээмж техник технологийн дэвшлийн нөлөөгөөр жилд 2 хувиар, Дотоодын нийт бүтээгдэхүүн жилд 2 хувиар өсч байж ажилгүйдлийн төвшинг харьцангуй зохист төвшинд барих боломж бүрдэнэ гэдэг тодорхойлолтууд бий ч эцсийн дүндээ эдийн засагчид бус улстөрчдөөс эдийн засгийн ирээдүй хамаардаг нь дэлхий дахины бүхий л улс орнуудаас харагдаж буй билээ. Хоёр дахь жилдээ үргэлжлэн хямарч байгаа Европ дахины асуудлыг шийдвэрлэхийн төлөөнөө хэд хоногийн өмнө Их 20-ийн санхүүчид чуулсан ч, тэдний хэлэлцсэн бүхий л зүйлс Засгийн газруудынхаа шүүлтүүрээр шүүгдэн, хэрэгжих эсэх нь тодорхойлогдоно. Эдийн засгийг эдийн засагчид бус улстөрчид залж байгаагийн нэг илэрхийлэл ийн харагдана.
Манай тухайд ч мөн л ийм дүр зурагтай. Сангийн яам нь кабинетынхаа чигийн дагуу байлаа гэхэд , үйл ажиллагаа нь Засгийн газраас хуулиараа хараат бус байх учиртай Монголбанкинд Засгаас хараат бусаар ажиллах боломж бий юү?
Тэгвэл Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж есдүгээр сарын 9-ний өдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг танилцуулах үеэрээ “...Дэлхийн төв банкууд анхнаасаа хараат бус байсангүй. Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр төвбанкийг Засгийн газрын харъяанаас гаргах нь дэлхий нийтийн хандлага болжээ. Төв банкны үйл ажиллагаа улс төрчдийн мэдэлд байсан цагт ДНБ-ий өсөлт тогтворждоггүй төдийгүй инфляци дорвитой буурдаггүй нь нэгэнт нотлогдсон зүйл. Гэтэл манайд дэлхий нийтийн хандлагыг сөрж, бусдын алдаанаас суралцахыг хүсэхгүй байгаа үзэгдэл илэрч буй нь харамсалтай.
Аливаа төв банк бол зөвхөн нийгмийн эрх ашигт үйлчилж байх үүрэгтэй институт юм. Харин энэхүү өндөр үүрэг хариуцлагыг ёс төртэй биелүүлэх баталгаа нь төв банкны хараат бус үйл ажиллагаа билээ. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үүднээс төв банк зарим тохиолдолд хүнд хэцүү арга хэмжээг зайлшгүй авах ёстой болдог. Ийм тулгамдсан арга хэмжээг цаг алдалгүй авч чаддаг байхын тулд төв банк хэнээс ч хараат бусаар шийдвэрээ гаргаж байх зайлшгүй шаардлага урган гардаг. Гэтэл үүнийгсүүлийн үед зарим УИХ-ын гишүүн хүртэл үгүйсгэж ярих болсныг анхаарахгүй орхиж болохгүй юм. Хариуцлагагүй улс төрд үйлчилж буй мөнгөний бодлого юунд хүргэдгийг Зимбабве улсын жишээнээс тод харж болно...” хэмээн мэдэгдсэнээс тодорхой хэмжээнд ойлгогдоно.
Мөн нэг талаас иргэдийн нуруун дээрх ачааг нэмэгдүүлж буй инфляцийн өсөлтийг хязгараарлахын тулд мөнгөний хатуу бодлогыг барьж, бодлогын хүүгээ нэмэгдүүлж байгаа ч үр дүн бага байгаа нь ил байгаа энэ үед Төв банк өөрийгөө өмгөөлж байгаа мэт ч дураг эндээс харагдана.
Монголбанкнаас өгч буй мэдээллээр бол 2006-2007 оноос эхлэн эдийн засаг дахь мөнгөжих явцтай уялдан мөнгөний эргэлтийн хурд, мөнгөний эрэлт, мөнгөний үржүүлэгч тогтворгүй болж мөнгөний агрегат болон инфляцийн хоорондох хамаарал алдагдаж эхэлсэн гэнэ.
Ийм хүндрэлүүдээс шалтгаалж 2007 оноос эхлэн инфляцийг онилох мөнгөний бодлогын арга хэлбэрт аажмаар шилжих дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулж инфляцийн түвшинг бууруулж, үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэн ажиллаж ирсэн гэж байгаа юм. Үр дүнд хүрэхийн тулд:
Инфляцийн дунд хугацааны тоон зорилтыг олон нийтэд ил тод зарлах; Төв банкны мөнгөний бодлогын үндсэн бөгөөд урт хугацааны зорилтыг үнийн тогтвортой байдал хэмээн томъёолох, инфляцийн зорилтот түвшинг алдахгүй байхад төв банкнаас бүхий л арга хэмжээг авах; Боломжтой бүх төрлийн мэдээллийг (зөвхөн мөнгөний агрегатуудын талаар төдийгүй) мөнгөний бодлогын шийдвэр гаргалтад ашиглах; Мөнгөний бодлогын эрх баригчдын төлөвлөгөө, зорилтуудыг олон нийтэд тайлбарлан таниулах замаар мөнгөний бодлогын стратегийг ил тод, нээлттэй байлгах; Төв банкны хариуцлагыг инфляцийн гүйцэтгэлтэй уялдуулах гэхчлэн арга хэлбэрүүдийг тодорхойлсон гэдэг.
Тийнхүү одоо Монголбанкны мөнгөний бодлого инфляцийг онилж, Бодлогын хүүгээ өсөлттэй барьж байгаа ч, инфляцийн өсөлтийг бууруулж чадахгүй байгаа.
Ийм үед Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл УИХ-д өргөн баригдаад байна.
Инфляци 2012 онд 25 хувьд хүрч болзошгүй байгаа нь Дэлхийн банк, Олон улсын валютын сантай хамтран явуулсан судалгаанаас харагдсан. Харин Монгол Улсын Засгийн газар хоёр оронд шилжсэн инфляцийг 5 хувь руу буулгана гэж төлөвлөөд байна. Эндээс харахад төв банк нь ч, засаг нь ч инфляцийн өсөлтийн эсрэг тэмцэх зүрх сэтгэлтэй мэт ойлгогдовч, нөхцөл байдал өөр. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд тусгасан гол асуудлууд нь инфляци болон эдийн засгийн өсөлт, зээлийн хүү, төв банкны хараат бус байдал, макро зохистой бодлогын хослолын тухай гэхчлэн асуудлууд бий.
Эндээс зээлийн хүүтэй холбоотойгоор өгүүлэхэд “Бодлогын хүү өссөнөөр зээлийн хүү өсч зээлийн эрэлт буурна. Гэтэл зах зээлд, үйлдвэрлэгчдэд, бизнес эрхлэгчдэд бага хүүтэй зээлийн хэрэгцээ их байна, үүнийг ч төр засаг мэдэрч зээлийн хэмжээг нэмэгдүүлж байна. Энэхүү зээлээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж улс орны эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахаас бус инфляцийг хөөрөгдөхөд огт нөлөөлөхгүй. Бодлогын хүүг өсгөж арилжааны банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг нэмэгдүүлснээр үнэхээр арилжааны банкуудын өрсөлдөх чадвар сайжрах уу, аль эсвэл эсрэгээр өрсөлдөх чадварыг нь бууруулах уу? Харин үүний оронд өнөөгийн банкны тогтолцоог сайжруулах, эрс шинэчлэх талаар Монгол Банк анхааран ажиллах нь зүйтэй болов уу” хэмээн МҮХАҮТ бизнес эрхлэгчдийг төлөөлөн байр сууриа илэрхийлсэн.
Харин Төв банкны Ерөнхийлөгч үүнтэй холбоотойгоор “...Зарим эдийн засагч Монголбанк бодлогын хүүгээ өсгөсөн тул одоо банкуудын зээлийн хүү өсөн нэмэгдэнэ хэмээн шүүмжилж байгаа. Гэхдээ энэ нөхцөл байдлыг та бүхэн арай өөр өнцгөөс харахыг хүсч байна. Төв банк улс төрийн дарамт, шахалтаас айн хүүгээ нэмэлгүй зүгээр суувал юу болох бол? Эдийн засгийн хүчин чадлаас хэтэрсэн мөнгөний нийлүүлэлт нь үнийнөсөлтөөр дамжин хэт халалтыг бий болгоно. Харин инфляци нэг өсөөд эхлэх юм бол, өөрөөр хэлбэл инфляцийн хүлээлтэд нөлөөлж хоёр дахь үеийн доргиог үүсгээд эхэлбэл хадгаламжийн хүү ч тэр, зээлийн хүү ч тэр өсөөд эхлэх нь гарцаагүй. Хадгаламжийн хүүний, зээлийн хүүний дийлэнхийг инфляцийн хүлээлт бүрдүүлж байна шүү дээ.
Иймээс ирээдүйд хүүг хэт өндөр түвшинд хүрэхээс сэргийлж өнөөдөр бодлогын хүүгээ өсгөж байна.Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж буйн төлөө бизнес эрхлэгчдийг буруутгахаас өмнө инфляцийн цаад учир шалтгааныг хамтдаа олж, улс төрчид, Засгийн газрын анхаарлыг үүнд хандуулж чадах юм бол “үнийн өсөлтийн мангаснаас” манай эдийн засаг ангижрах боломжтой болно...” хэмээн мэдэгдсэн.
Тэгэхээр талуудын байр суурийг харахад эцсийн дүндээ эдийн засгийг залж байгаа улстөрчдөөс их зүйл шалтгаална. Тэрчлэн сонгууль угтан батлах гэж байгаа Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг эрхэм гишүүд хэлэлцэн батлахдаа шоу хийлгүй, тодорхой хэлбэл мөнгөний бодлогоор тоглолгүй, нухацтай хандах л шаардлага ирээд байна.
Э.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ