Амьдрал мөнхийн санаа, шинэ салхи мэт…

img

Алтай захирал ингэж хэлсэн юм. Түүний ярианаас ишлэн, бяцхан таталбартаа гарчиг талбив. Ажил мэргэжил ойролцоо болохоор түүнийг “гишүүн ээ” энэ тэр гэж дуудаж чаддаггүй юм. Сурснаараа “Алтай ах” хэмээн амнаас гарчих гээд, бас ч төрийн түшээ хүнийг ингэж болохгүй, гэхдээ л “Алтай захирал” хавьд түүнийг нэрлээд сурчихжээ. “25 дугаар суваг” телевизийн Уран сайхны зөвлөлийн хуралд хааяа суудаг байснаа мартдаггүй. Энхбазар ах, хөтлөгч-сэтгүүлч хөөрхөн Номин, спортын мэдээний  Соёлсайхан, О. Содбилэг үсэндээ обруч зүүчихсэн, тэгээд Алтай захирал тасралтгүй ярина. 25 дугаар сувгийн Уран сайхны хурал манай өдөр тутмын сониныхоос их өөр болдгийг хамгийн түрүүнд би харьцуулж мэдэрсэн. Телевизийнхэн уран бүтээлч санаа илүү. Сонины бид бол “серьёзный” юм бичих гээд, байнга хөмсөг зангидаастай явдаг улс. Тэгээд тэрхүү Уран сайхны зөвлөлийн хурал дундаас үзэгчдийн сэтгэлд хүрсэн бүтээлийн санаа хэрхэн урган гарахыг анзаарч суух сонин байсансан. ОРТ буюу одоогийн Оросын “Нэгдүгээр суваг”-аар ням гаригт цацагддаг “Куклы” улстөрийн нэвтрүүлгийг үзэгч Та бүхэн анзаарсан биз ээ. Яг тийм улстөрийн хошин шог, гэхдээ ухаалаг ёгтлолын нэвтрүүлэг хийвэл гоё доо хэмээн би мөнөөх Уран сайхны зөвлөлийн хурал дээр хэлсэн юм. Сайн санаа, гялсхийсэн шинэ “идея”-г Алтай захирал олзуурхан сонсдог. “Гэхдээ тийм хүүхэлдэй хийчих хэмжээний анимэшн чадвар, шог зохиол Монголд одоогоор алга байна л даа” хэмээн тэрбээр ярьж билээ. Харин тэрхүү хурал дунд 25 дугаар суваг телевизийн олон сайн нэвтрүүлэг төрсөн юм. Нөгөө ярьж байсан санаа нь төдөлгүй уран бүтээл болоод түмэн үзэгчийн мэлмийд хүрч буйг харах гайхалтай. Уран сайхны зөвлөлийн хурал дээр сайн санаа мэндэлж, нахиалж соёолоод, төдөлгүй ард түмний хит нэвтрүүлэг болсоор ирсэн. Тиймээс би Алтай захирлыг “санааны ангууч” гэж хардаг. Шинийг эрэлхийлсэн, төрөлхийн уран бүтээлч хэмээн ойлгодог. З. Алтай захирлын жил гаруйхны өмнө өгсөн ярилцлагаас уншигч Танд сийрүүлэн хүргэе. Гишүүн Алтай бус, харин сэтгүүлч, шинийг эрэлхийлэгч,  санааны эрэлд аялагчийг Та эндээс олж харна аа. Бороо орохоор уярч, дөрвөн мөрт холбож явсангүйАмьдралдаа ганц  л зорилго тавьж, түүндээ хүрсэн нь өнөөгийн энэ “MN 25 суваг” телевиз. Тухайн үед талийгч Авираа, парик  Жагаа, Галсандорж гээд андуудаа  бүгдийг нь ажлаас нь гаргаж  дуудаад л эхлүүлсэн дээ. Өөрийн байгуулсан зүйл ямар дотно дулаахан байдаг билээ. Очих газартай, хайрлах зүйлтэй, хэний ч зөвшөөрөлгүйгээр хаалгыг нь татан орж, хойморт нь гараад суудаг учир би их жаргалтай хүн.   Бидний ганц гоё зүйл бол бүхнийг тэгээс эхэлсэн явдал. Телевиз маань байгуулагдаад 15 жил болж, өнөөдрийг хүртэл асар их зүйлийг туулж, нэг үгээр түүх болон үлдэж дээ. Телевизийн маань хувьд харьцангуй үйл ажиллагаа нь тогтворжиж, хүмүүс ч гэсэн мэддэг, үздэг болсон байна. Үүнээс илүү зүйл хэрэггүй. Үүнээс өөр амьдралд минь томоохон зорилго үгүй. Мөрөөдөл бол бүр ч байхгүй.  2.7 сая хүн бүр амьдралдаа хүрч чадах, сэтгэлдээ багтсан нэг л зүйлийг гайгүй сайн хийчих юм бол энэ улс орны хөгжил, хүмүүсийн амьдралд томоохон амжилт шүү дээ. Их олон зүйл рүү савчсан хүн аль ч үгүй хоцордог муу тал бий. Сэтгүүлч болъё гэж би багаасаа мөрөөдөж, үзэг цаас нийлүүлж явсангүй. Хүнтэй адил бороо орохоор уярч, дөрвөн мөрт холбож энэ тэр болоогүй. Үнэнийг хэлэхэд одоо ч цаасан дээр юм бичихээс залхуу минь хүрдэг. Миний хийж чадах ганц зүйл бол сэтгэн бодож, түүнийгээ амаараа бусдад хүргэх юм. Ярих ярихдаа бүтэх, бүтэхгүй дэмий зүйлээс илүүтэй өөрийнхөө сэтгэлд багтсан, хийх ёстой, бүтээсэй гэсэн зүйлийг ярина шүү дээ” Тэсрэхсэн...Ер нь тэр үед уран бүтээлчдээс чадамж чадал шаардсан, эрэн сурвалжилсан, айхтар хурц мэдээ мэдээлэл гаргахыг бүр хориглодог байлаа. Нам засгийг магтан сайшааж, уриалах үүрэгтэй.  Үзэл суртлын байгууллагын дайчин, бэлтгэл хүчин гэсэн үг.  Бүх нийтээрээ л тийм байлаа. Тийм учраас сэтгүүл зүй идэвхгүй байсан. Сэтгүүлчид конвейрээр гардаг тоосго шиг  нэг хэвэнд орсон, хал балгүй, хэрэгт орчихолгүй шиг бичнэ. Одоо энэ Хойд Солонгос шиг л тийм диктатуртай байлаа шүү дээ. Сэтгүүлч хүн өөрийгөө хурцлах, дайчин, зоримог, нийгмийн болж бүтэхгүй янз бүрийн зүйлийг өнөөгийнх шиг илэн далангүй бичих юм бол шууд шорон руу марш, нэг бол ажлаасаа халагдана. Тиймээс тэр үед сэтгүүлч хүнд хөгжих бололцоо муу байсан гэж хэлэх гээд байна л даа. Бүх юм Главлитийн хяналтаар дамжиж, улаан харандаагаар үг үсэггүй засч байж оруулна. Өөрийнхөө толгойгоор, сэтгэлээр юм хийнэ гэдэг гонжийнжоо. Тийм дарамт дор ажиллахад жаахан урам муутай. Харин М.С.Горбачёв гарч ирэн, өөрчлөн байгуулалт энэ тэр гэж ярьж эхлэнгүүт үүлэн чөлөөний сиймхийгээр нар туссантай адил  бидэнд боломж гарч, тэр үеэс  нэвтрүүлэг хийж эхэлсэн. 1986 оноос хойш  гэсэн үг л дээ. Тэгээд л уяанаасаа алдуурсан нохой гэдэг шиг гэх үү дээ, ам хамраа таглуулчихсан явсан хүн чинь гэнэт тэсрээд л. Гэхдээ тэсрэхсэн гэсэн санаа бол сэтгэл дотор хургаад л байсан ч “болохгүйн” хязгаарт захирагдаж байсан юм. Ингээд л хуримтлагдсан бүх зүйл тэсэрч “Ерөөсөө бид чинь ямар нийгэмд амьдраад байгаа юм? Олон нам байж болдоггүй юм уу?  Өөрөөр амьдарч, сэтгэмээр байна” гэсэн энэ уриаг чинь анхны нэвтрүүлгээрээ гаргаж ирсэн юм. Энэ үеэс эхлэн амьдрал өөрөө ч сонирхолтой болсон. Сэтгүүлчийн мэргэжил гэдэг аатай, эр зориг шаардсан, амттай ажил болж ирсэн” Аливаа зүйл урагшлан, шинэчлэгдэхэд санаа хамгийн чухал “Амьдралд сонирхолтой үй түмэн  сэдэв байна шүү дээ. Одоо манай сэтгүүлчдийн нэг муу зан бол өөрсдөө сэтгэн боддоггүй явдал. Зөвхөн сэтгүүл зүйд ч биш,  аливаа зүйл урагшлан, хөгжин дэвшиж, өөрчлөгдөхөд санаа гэдэг хамгийн чухал байдаг. Цоо шинэ нэг санаа гараад ирэхэд л сайн бизнес, сайн нэвтрүүлэг хийж, мөнгө олж болно. Ийм зүйлд өөрсдийгөө дайчлахдаа өнөөгийн залуусыг тааруу байна гэж би боддог юм. Энэ амьдралд, өнөөх л гудамжаараа  алхаж ээ явахад маш олон шинэ санаа төрдөг. Гагцхүү тэр гоё санааг олж  харах мэдрэмж манай залуучуудад их дутдаг. Одоо зарим сэтгүүлч юу бичих вэ, ямар нэвтрүүлэг хийх вэ гээд л бодож суугаа.  Гараад  эргэн тойрноо хар, бод. Өөрийгөө төвлөрүүл. Сэтгүүлч хүн энгийн явдлаас содон санаа гаргачихдаг, өлөн нүдтэй, золиг шиг амьтан байх ёстой байхгүй юу. Тэгж байж оюунаа тэлж, сэтгэлгээгээ байнга хөгжүүлж урагшилна уу гэхээс биш зүгээр нэг даргын зааварласнаар  нийтлэл бичиж, нэвтрүүлэг хийгээд явбал тэр сэтгүүлч хэзээ ч урагш ахихгүй. Өнөөгийн ард түмэн шиг нийгмийн халамж хүссэн, сэдэв санаа гээд ноён даргаасаа бэлэн хоол хүссэн зэрэмдэг амьтад болчих гээд байна шүү дээ. Сэтгүүл зүй дэх энэ доголдолтой талыг л анзаарч харах хэрэгтэй. Үхэл хагацал, зовлон жаргал гээд амьдрал өөрийнхөөрөө үргэлжилсээр  байна. Тиймээс санаа дуусна гэж хэзээ ч үгүй. Амьдрал өөрөө мөнхийн санаа, шинэ салхи мэт шүү дээ” Өнөөгийн сэтгүүл зүй буруу замаар явж байна “Өнөөдөр улс төрийн зорилгоор сонин, радио, телевиз байгуулагдаад,  үржиж эхэлнэ гэдэг нийгэм, улс төр эрүүл бусын л шинж.  Хэзээ ч иргэнлэг, шударга, эрх чөлөөтэй мэдээллийг иргэдэд өгөхгүй л гэсэн үг. Энэ хамгийн аймшигтай.  Гэтэл тэр аймшигтай мэдээллийн хэрэгслүүд Монголын ард түмэн, массын толгойг янз бүрийн “бууны сумаар буудаж, угаагаад” эхэлбэл хэцүү еэ. Хүний толгойд нэг л суучихсан үзэл бодлыг арилгана гэхэд их ч цаг хугацаа, их ч хөрөнгө орно доо. Ийм байдал руу орж байгаа нь туйлын харамсалтай юм. Өнөөгийн сэтгүүл зүй маш буруу замаар явж байна гэж хэлэх гээд байна. Санхүүгийн хувьд бүрэн хөл дээрээ тогтож чадахгүй, хараат бус байж чадахгүй  хэвлэл мэдээллийн байгууллагыг би хэзээ ч эрх чөлөөтэй гэж үзэхгүй. Санхүүгийн хараат бус байж гэмээнэ хэнээс ч айхгүй, үгээ чөлөөтэй хэлнэ. Бусдад худалдагдаад, мөнгө гуйж цалин тавихаас аргагүй  хэцүүхэн, хүнд байдалтай мэдээллийн байгууллага байснаас бушуухан үүдээ барьж, дампуурлаа зарласан нь дээр. Гэтэл ийм байдалтай  хэвлэл мэдээллийн байгууллага их олон байна шүү дээ. Харахад л янз бүрийн гоё  нэртэй. Ялангуяа сонгууль гэх мэт улс төрийн  элдэв үйл явц өрнөхөд тэдгээр мэдээллийн хэрэгсэл жинхэнэ, цаад нүүрээ харуулж эхэлдэг. Тэнд ажиллаж байгаа сэтгүүлчдийн буруу биш л дээ. Сэтгүүлчид амьдралаа залгуулах гэж хэдэн бор цаасны төлөө, дуртай мэргэжлээ хөөгөөд  явж байгаа. Гол нь хэн тэдэнд мөнгө өгч,  цалинжуулж байгаа вэ, тэр хүн л асуудлыг шийддэг” Сүүлийн хэсгээс уншигч Та уран бүтээлч Алтай яагаад улс төрд орсныг ойлгох биз ээ. Хэвлэл мэдээлэлд хэн сонирхлоо шургуулж буйг чангахан хэлчих час хийсэн байр суурьтай,  хараат бус нэг төлөөлөгч Монголын Парламентад суудаг. Улсын төсвөөс татаас авдаг телевизийн захирлууд яагаад бандгар жийп хөлөглөөд гангараад байна аа, гэтэл олон нийтийн телевизийн нэвтрүүлгийнх нь чансаа яагаад бахь байдгаараа байна вэ хэмээн Парламентын ганц бие даагч халуухан шүүмжилдэг. Зүгээр сууж чадахгүй, тэрбээр гишүүдийг “нэвтрүүлэгч, хөтлөгч, сэтгүүлч” болгоод эфирт гаргаад ирдэг. “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэг УИХ-ын олон ч гишүүний байр суурийг баг өмсгөлгүйгээр нийтэд нүцэглэн гаргасан. Монголын нийгэмд яриа дуусах яагаа ч үгүй, асуудлууд шийдлээ хүлээсээр байгааг олж харсан торгон санаа бол “Дуусдаггүй яриа”. 25 дугаар суваг телевизээс торгон санаа урган гарч, оносон мэдрэмж олон нийтэд хүрдгийг хажууд нь ажиллаж асан сонины сэтгүүлч бид хамгийн түрүүнд анзаардаг байлаа. “Монгол ньюс” группийн захирал Ц. Балдорж агсан нэг удаа “Наад 25-ынхнаа харав уу, өдрийн цагаар мэдээ цацъя гээд, 15 минутын шуурхай мэдээ хийж эхэлсэн. Түүндээ “Улаанбаатарт 15.00 цаг” гээд дор нь оносон нэр өгчихөж байгаа юм” хэмээн телевизийнхнийг магтаж билээ. Энэ бол 2006 онд болсон яриа. Үнэхээр тэр үед өдрийн цагаар Монголын аль ч телевиз мэдээ цацдаггүй байсан. Харин одоо бүх телевиз өглөө, өдөр шуурхай мэдээ дамжуулдаг болжээ. Шинэ санааны эрэл дунд эхний шанг ямагт татаж, эрүүл салхи үлээлгэх сайхан. Л. Болормаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ