Австралийн Засгийн газар Монгол Улсад үзүүлэх техникийн тусламжаа бууруулахгүй
Индонезид болсон Балигийн Ардчиллын гуравдугаар чуулга уулзалтад оролцсон Гадаад харилцааны сайд Г.Занданшатар энэ сарын 9-ний өдөр Австралийн Гадаад хэргийн сайд К.Радтай уулзаж, хоёр талын болон бүс нутгийн харилцаа хамтын ажиллагаа, мөн ардчилсан хөгжлийн туршлагын асуудлуудаар санал солилцлоо. Г.Занданшатар сайд Монгол Улс Австралитай тогтоосон харилцаандаа ач холбогдол өгдөг бөгөөд өнөөгийн хүрсэн түвшинг ахиулах, уул уурхай болон боловсролын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, техникийн тусламж авах сонирхолтой байгаагаа тэмдэглэв. Харин Австралийн Гадаад хэргийн сайд К.Рад Австралийн Засгийн газар Монгол Улсад үзүүлэх техникийн тусламжаа бууруулахгүй гэдгийг илэрхийлж эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд эрдэс баялгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхэд анхаарна гэж мэдэгдэв.
Түүнчлэн, Г.Занданшатар К. Радын баримталдаг хөгжлийн гуравдахь замын тухай ойлголтод ач холбогдол өгдөгөө дурьдаж, 2011 онд түүнийг Монгол Улсад айлчлахыг урьсан бөгөөд тэр үеэр Улаанбаатар хотноо хөгжлийн гуравдахь замын асуудлаар онолын бага хуралд илтгэл тавиулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. К.Рад энэхүү урилгыг талархан хүлээн авч, айлчлана гэдгээ бататгасан хариуг өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ