Сая сая эмэгтэй (эрэгтэй ч бас!) нүүрнийхээ үрчлээтэй хэсгүүд рүүгээ ботокс тариулах замаар толигор сайхан царайтай болж байгаа билээ. Ботокс гэдэг энэ байгалийн уураг – хорыг тарьсан хэсгийн булчин ямар нэгэн хөдөлгөөн хийх чадваргүй болж сулардаг (сааждаг) учраас үрчлээнүүд нь тэнийдэг. Хөмсгөө зангидаж чадахгүй болчихвол дух үрчийхгүй сайхан боловч асуудлын нөгөө тал нь эдүгээ хурцаар тодорч харанга дэлдүүлж байна. Эрдэмтэн мэргэжилтний судалгаагаар ботокс тариулсан хүмүүс эмоцоо нүүр царайгаараа тод томруунаар илэрхийлж чадахаа байдгаас үүдэн олон проблемтой болж байна гэнэ.

Висконсин – Медисоны Их сургуулийн (University of Wisconsin-Madison) профессор Дэвид Андрас Авас (David Andras Havas) Science Daily сэтгүүлд өгсөн ярилцлагаас: “Сэтгэл судлалд эрт дээр үеээс нүүрний эргэх холбоо хэмээх гипотез байдаг. Ерөнхий утга нь юу гэвэл: та ертөнц рүү хандан инээмсэглэвэл – ертөнц чам руу бас инээмсэглэнэ. Их хуучны гэнэн санаа мэт боловч маш үр дүнтэй эд. Ботоксын тухайд гэвэл... Хөмсгөө зангидаж чадахгүй болсон хүн сөрөг эмоци гаргаж чадахгүй нь сайн ч, эерэг эмоцоо ч бас нүүрэн дээрээ илрүүлж чадахгүй байгаагаас олон асуудал үүсч байна. Сайхан юм яриад байхад ямар ч эмоци гаргахгүй зогсоод байгаа хөлдүү хүнтэй харьцах хэн хүнд таагүй байдгаас хүмүүс тийм хүнээс өөрийн эрхгүй зайгаа барьж эхэлдэг. Хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөний харьцаа бол хэл яриан харьцаанаас хэд дахин хурдан явагддаг. Жишээ нь, та гудамжинд хуучны танилтайгаа тааралдахдаа түүнийг олж харсан анхны мөчдөө л тэр тантай тааралдсандаа баяртай байгаа үгүйг ойлгодог. Тэр хүн ч мөн энэ тухай сигналыг нүд ирмэхийн зуур танаас авна. Хэрэв тэр хүн танд муу зүйл хийсэн бол таны нүүр царай шууд л дургүйцэл илэрхийлэх учиртай, таныг юу ч бодож амжаагүй байхад л. Харин, хэрэв та ботоксоор нүүр царайныхаа хувиралыг хөлдөөчихсөн явж байгаа бол цаад хүн чинь таныг буруугаар ойлгоно, ингээд бөөн үл ойлголцол үргэлжилдэг...”
Дэвид Авас зөвхөн духандаа ботокс тариулсан, өөрөөр хэлбэл зөвхөн сөрөг эмоцоо нүүр царайгаараа илэрхийлж чадахаа байсан 50 хүнийг хэзээ ч ботокс тариулж байгаагүй хүмүүстэй хамт туршиж үзжээ. Компьютерийн дэлгэцэн дээр сайн ба муу мэдээ үзүүлэхэд тэд реакцаа харуулсан кнопыг дарах ёстой байв. Сайхан мэдээний хариуг (жишээ нь, “та сугалаагаар 5000 доллар хожлоо”, “маргааш цаг агаар янзын сайхан байна”, “аквапаркад их тааламжтай сайхан байна”, “босс чинь таныг шагнаж амралтыг чинь сунгасан гэнэ” г.м.) ботокс хэрэглэдэг хэрэглэдэггүй бүх хүн ижилхэн хугацаанд өгч байсан байна. Харин муу мэдээний (“төрсөн өдрөөр чинь танд хэн ч баяр хүргэсэнгүй”, “машин чинь хулгайд алдагдсан” г.м.) хариу реакцийг “хөлдүү духтай” хүмүүс нэлээн сааталтайгаар өгч байж. Мэдээний утгыг шууд ойлгохгүй байгаа мэт!
Дэвид Авас: “Хүлээж авсан мэдээндээ ухамсрын түвшинд тэр дор нь нүүр царайгаараа хариу өгөх чадвар нь алдагдсан нь ухамсарлан ойлгох процессыг ч саатуулж байна гэдэг нь батлагдаж байна. Эргэх холбоо алдагдаж байгаа нь энэ”.
Хэн хүнгүй - ялангуяа жүжигчид, телевизийн хөтлөгчид - ботоксын тусламжтайгаар үрчлээгээ тэнийлгэж байгаагаас болоод америкийн телевизэд “амьд нүүрний” хомсдол үүсч байгаа аж. Тиймээс, америкийн телевизүүд далайн цаанаас англи одуудыг урих болсон байна. Тэнд “ботоксжилт” америк шиг газар аваагүй байгаа аж. Ер нь АНУ – ын телекомпаниуд пластик мэс заслын шарх сорвитой зохицон ажиллахаас аргагүй болоод олон жилийн нүүр үзэж байгаа юм. Ялангуяа телевизийн олон ангит сериал дээр энэ проблем хурцаар илэрдэг, учир нь сериалд баатруудын царай кадр дүүрэн байх нь элбэг. Хагалгааны шарх сорви үзэгчдэд харагдах гээд байдгийг нь гэрэлтүүлэг, будаг шунхаар нуун далдалсаар ирсэн билээ. Гэтэл өнөөдөр ийн далдлах улам хэцүү болсны учир нь орчин үеийн өндөр технологи, дүрсний чанар эрс дээшилсэнтэй холбоотой. Хүмүүс өндөр чанартай дүрсийг маш том дэлгэцээр үзэж байгаа тул жүжигчдийн нүүрэндээ хийлгэсэн бүхий л ажиллагааны ул мөрийг хайн зугаацна, юун жүжиглэлд нь анхаарах! Тэгээд ч нүүрнийхээ зарим хэсгийг ботоксдсон жүжигчин зарим эмоцийг гаргах чадваргүй болсны улмаас дүрдээ тэнцэхгүй байх болжээ. Тиймээс телевизийн сериалд амьд нүүртэй энгийн хүмүүсийг урьж тоглуулах нь ихэсч байгаа гэнэ.
Нүүрэндээ ботокс тариулж толигор сайхан царайтай, гэхдээ ямар ч эмоцгүй хүүхэлдэй байх уу, эсвэл үрчлээстэй ч гэсэн амьд царайтай байх уу гэдгээ тус бүрдээ тунгаан шийдэх хэрэг!
Бэлтгэсэн Ё. Одончимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ