
14 настай С.Билгүүн хүү хэдхэн хоногийн өмнө сонирхогчдын шатрын аварга болж Монгол түмнээ баясгасан бол дэлхийн 35 орны 700 гаруй тамирчин өрсөлдсөн Бүстэй бөхийн ДАШТ-ээс хос аваргатай боллоо.
Киргизстан улсын Бишкек хотноо болсон уг тэмцээнийн +100 кг-д ОУХМ А.Давааням, -100 кг-ийн жинд н.Анар нар аваргалж дэлхийн аварга болсон. Энэ сарын 10-16-нд болсон тус тэмцээний нэг жинд 20 гаруй тамирчин хүч сорьсоноос +65 кг-ийн жинд ОУХМ н.Цэрэнханд хүрэл медаль хүртжээ.
Манай тамирчид эрэгтэй долоо, эмэгтэй таван жинд оролцож багийн дүнгээрээ хоёрдугаар байрт шалгарсан амжилттайгаар Бүстэй бөхийн ес дэх удаагийн дэлхийн аваргын тэмцээнийг өндөрлүүллээ.
Дашрамд дуулгахад, энэ спорт нь манай улсад хөгжөөд төдийлөн удаагүй бөгөөд холбоо нь байгуулагдаад жил гаруй болж буй аж.
Мөн өмнө нь Бүстэй бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гавьяат тамирчин Н.Түвшинбаяр хүрэл, Х.Цагаанбаатар алтан медаль хүртэж байсан удаатай юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ