ШАТАХУУНЫ ХЯМРАЛ ХЭЗЭЭ Ч АРИЛАХГҮЙ НЬ
Төрөөс шатахууны нийлүүлэлт хэвийн гэж тайлбарлаж, импортын хэмжээгээр тайлан тавьж байгаа ч бодит байдал дээр асуудал өөр байна. Шатахуун авахын тулд ШТС хэсэж, дараалалд зогсож, бүр цаашлаад шатахуунгүй буцах тохиолдлууд олон байгаа нь хангамжийн бодит нөхцөл ямар байгааг харуулж байна.
Шатахуун дуусах гэж байна гэсэн яриа гарахад л ШТС-уудын гадаа дараалал үүсдэг болоод удлаа. Зарим нь саваа дүүргэх гэж, зарим нь маргааш ажилдаа явах бензинээ таслахгүйн тулд уралдаж очоод ч хэдэн цагаар дугаарлаж зогсдог байдал одоо бүр хэвийн үзэгдэл болжээ. Шатахуун байгаа гэсэн мэдээлэл гарсан ч иргэдийн дунд эргэлзээ арилахгүй байна. Шатахууны нийлүүлэлт доголдох, тодорхой төрлийн түлш олдохгүй болох, үнэ нэмэгдэх тухай асуудал үе үе сөхөгдөж, олдож л байвал үнэ нэмэх яамай гэсэн хандлага иргэдэд бий болжээ. Харин АИ-92 литр тутамдаа 560 төгрөгөөр нэмэгдээд буй. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өгсөн мэдээллээр ОХУ-аас аравдугаар сард 57 мянган тонн шатахуун нийлүүлсэн бол арваннэгдүгээр сард 70 мянган тонн нийлүүлэхээр баталгаажуулжээ.
Хилээр орж ирсэн шатахуун шууд хэрэглэгчийн гар дээр очдоггүй. Тээвэрлэлт, буулгалт, агуулах, түгээлт гээд олон шат дамжлага бий. Энэ бүхний аль нэг хэсэгт саатал гарвал улсын хэмжээнд импортын хэмжээ хэвийн байсан ч зарим бүс нутаг, зарим ШТС-д түлш тасалдах нөхцөл үүснэ. Хамгийн гол нь төрийн байгууллагууд нийлүүлэлт хэвийн гэж мэдээлэхээсээ илүүтэй шатахуун хаана, ямар хэмжээгээр байгаа, түгээлт яагаад саатаж байгааг тайлбарлах шаардлагатай байна. Иргэдэд улсын хэмжээнд хэдэн тонн шатахуун импортолсон гэхээс илүүтэй өөрийнх нь амьдарч байгаа дүүрэгт, очдог ШТС-д шатахуун байгаа эсэх нь чухал. Хангамжийн бодит байдлыг импортын тоогоор бус, хэрэглэгчид хүрсэн бүтээгдэхүүнээр хэмжих ёстой.
Нэг хаалгаар орж ирдэг эдийн засгийн эмзэг байдал
Монгол Улс шатахууны хэрэглээнийхээ дийлэнх хэсгийг импортоор хангадаг. Тэр дундаа ОХУ-аас хамаарах хамаарал өндөр хэвээр байна. Энэ бол олон жилийн турш ярьж ирсэн ч бодит өөрчлөлт нь хангалттай хурдтай урагшлаагүйн зовлон. Нийлүүлэгч улсын үйлдвэрт засвар хийх, экспортын бодлогод өөрчлөлт орох, тээвэрлэлтийн саатал үүсэхэд Монголын зах зээл шууд мэдэрдэг. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засгийн чухал салбарын хэвийн ажиллагаа өөр улсын шийдвэр, нөхцөл байдлаас ихээхэн хамааралтай хэвээр байна. Хэрэглээ нь жилээс жилд нэмэгдэж байгаа ч нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, нөөцийн агуулах байгуулах, дотоодын боловсруулах хүчин чадлыг бий болгох ажил ямар үр дүнд хүрэв гэдэг асуулт эндээс гарч ирнэ. Монгол газрын тос олборлодог улс. Гэтэл олборлосон түүхий тосоо боловсруулж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах хэмжээнд хүрээгүй. Түүхий эдтэй атлаа бэлэн бүтээгдэхүүнээ гаднаас авдаг энэ зөрчил шатахууны асуудлын хамгийн том парадоксуудын нэг юм. Дотоодын газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орох хүртэл энэ хамаарал арилахгүй. Харин үйлдвэр ашиглалтад орлоо гээд бүх асуудал нэг өдрийн дотор шийдэгдэхгүй. Түүхий тосны нийлүүлэлт, үйлдвэрлэлийн хүчин чадал, бүтээгдэхүүний нэр төрөл, нөөцийн бодлого гээд шийдэх зүйл олон бий.
Шатахууны үнэ, чанар дээр хэрэглэгч хохирох ёсгүй
Шатахуун ховордох сургаар үнэ нэмэгдэх үү, аль компанийн ШТС-д арай хямд байна вэ гэдэг асуулт иргэдийн дунд яригдаж эхэлдэг. Зарим ШТС-д шатахуун байгаа ч өөр төрлийн түлш байхгүй, заримд нь олголт хязгаарлагдсан гээд цоргоо хаачихаж байна. Импортын худалдан авах үнэ, тээврийн зардал, нийлүүлэгчийн нөхцөл зэргээс шалтгаалан шатахууны үнэ ялгаатай байж болохыг үгүйсгэхгүй. Хэрэглэгч ямар үнээр, ямар стандартын шатахуун авч байгаагаа мэдэх эрхтэй. Нэг төрлийн шатахууныг өөр өөр нэрээр борлуулж байгаа эсэх, чанарын стандарт хангаж байгаа эсэхэд хяналт тавих нь төрийн үүрэг. Шатахуун түгээх компаниуд ч нийлүүлэлт доголдсон үед зөвхөн тайлбар хийж суух биш, хэрэглэгчдэд мэдээллээ ил тод хүргэдэг байх хэрэгтэй.
Шатахуун тасалдахад хамгийн түрүүнд автомашинтай хүмүүс бухимддаг мэт харагддаг. Гэвч бодит байдал дээр энэ асуудал бүх өрхөд хамаатай. Шатахууны үнэ өсөхөд ачаа тээврийн зардал нэмэгдэнэ. Тээврийн зардал нэмэгдэхэд хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд барилгын материал хүртэл олон барааны үнэд дарамт үүснэ. Хөдөө орон нутагт шатахууны хүртээмж муудах нь малчид, тариаланчид, жижиг бизнес эрхлэгчдийн ажилд шууд нөлөөлнө. Тиймээс шатахууны хангамж бол өрхийн амьжиргаа, инфляц, эдийн засгийн тогтвортой байдалтай холбоотой асуудал. Харин ийм чухал салбарт төрийн бодлого хомсдол үүссэний дараа л гал унтраах гэж гарч ирдэг боллоо.
Дахиад л шалгалт хийгээд өнгөрөх үү?
Шатахууны нийлүүлэлтийн асуудалтай холбоотойгоор төрийн байгууллагууд шалгалт хийх, нөөц тодруулах, импортлогч компаниудаас тайлбар авах зэрэг арга хэмжээ авдаг ажилтай болчихсон. Болчихсон ч гэж ийм л ажил хийдэг гэдгээ өнгөрсөн хагас жилийн хугацаанд харуулсан. Энэ удаад ч шатахууны нийлүүлэлт, түгээлтийг зориуд тасалдуулсан эсэхийг шалгах чиглэл өгсөн гэж мэдээлж буй. Хэрэв зах зээлд зохиомол хомсдол үүсгэж, шатахууныг зориуд татан борлуулаагүй, нөөцөө нуусан асуудал байгаа бол хариуцлага тооцох нь зүйтэй гэдэг ч шатахуун импортлогчиддоо элэгдүүлээд өнгөрч байгаа нь худлаа биш. Өмнөх удаагийн шалгалтууд ямар үр дүн өгсөн бэ? Хэн нэгэнд хариуцлага тооцсон уу? Монгол Улсад шатахууны асуудлыг түр аргацаах биш, урьдчилан сэргийлэх бодлого хэрэгтэй байна. Импортын эх үүсвэрийг бодитоор төрөлжүүлэх, нөөцийн агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэх, дотоодын боловсруулах үйлдвэрийн ажлыг урагшлуулах, зах зээлийн өрсөлдөөн, үнийн бүрдэлд тавих хяналтыг сайжруулах зэргээр төр нь төр шиг ажилладаг болсоны дараа энэ бүхэн цэгцэндээ орно. Монгол Улс шатахуунаа импортолж байгаа нь үнэн. Харин импортолж чаддаг байх, иргэдээ шатахуунаар тасалдуулахгүй хангаж чаддаг байх нь төрийн хийх ёстой ажил.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ