Нийслэлчүүдийн хэрэгцээнд зориулан 3100 тонн мах нэмж бэлтгэхээр боллоо
Нийслэлчүүдийн хэрэгцээнд зориулан худалдаалах нөөцийн мах бэлтгэгч 14 компани өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан 3100 тонн мах нэмж бэлтгэхээр болсныг өнөөдөр хотын дарга нийслэлчүүддээ дуулгалаа. Хотын дарга энэ 7 хоногийн эхэнд нөөцийн махны бэлтгэл ажилтай танилцах үеэрээ, зөвхөн төлөвлөгдсөн хэмжээнд баригдалгүй өөрсдийн бололцоонд тулгуурлан нэмж мах бэлтгэхийг нөөцийн мах бэлтгэгч компаниудад санал болгосны дагуу тэд ийм шийдвэр гаргажээ.
Өнөө жил нийслэлчүүдийн хэрэгцээнд зориулан 12 мянган тонн мах бэлтгэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 8778 тонныг бэлтгэж, энэ ажлын явц 73 хувьтай байгаа юм. Харин одоо төлөвлөсөн хэмжээнээс илүү нэмж мах нөөцлөхөөр болсноор ирэх хавар нийтдээ 15100 тонн мах зах зээлийн үнээс доогуур үнээр нийслэлчүүдийн хэрэгцээнд нийлүүлэгдэхээр боллоо. Мөн үйлдвэрийн аргаар боловсруулж, технологийн шаардлага хангасан 820 орчим тонн дайвар бүтээгдэхүүн ч нийслэлчүүдийн гар дээр очихоор бэлтгэгдэж байна. Ингэхээр нэг хэсэг хууль бус мах бэлтгэлийн нөлөөгөөр хэсэг хугацаанд савлагаанд орсон зах зээл дээрхи махны үнийг хэвийн хэмжээнд байлгаж, махны хомсдолд орохгүй байх боломж улам нэмэгдэж байна гэсэн үг юм.
Нөөцийн мах бэлтгэлийн байдлыг боломжийн хэмжээнд гэж дүгнэж буй хотын мээр өнөөдөр мах бэлтгэгч нартай уулзах үеэрээ үүргээ нэр төртэй биелүүлж байгаад нь нарт талархал илэрхийлэхийн зэрэгцээ хүнсчдийн ойн баярын мэнд хүргээд, санхүүгийнхэнтэйгээ зөвлөлдөж, он гарангуут гэрээнд тусгагдсан мөнгөний 30 хувийг олгохоор болсноо тэдэнд дуулгасан юм.
Мөн сүүлийн үед олны анхаарлын төвд байсан хууль бусаар мах бэлтгэн, гадагш гаргах асуудлын талаар тэрбээр гар аргаар, хараа хяналтгүй мах бэлтгэж буй асуудлыг мэргэжлийн байгууллагууд үргэлжлүүлэн шалгасаар байх болно гэж мэдэгдээд, гадагш мах гаргах асуудал зөвхөн үйлдвэрлэгчдээр дамжин явагдах ёстой гэсэн бодлогы хатуу баримталж ажиллахаа мэдэгдлээ.
Ч.Санчирмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ