Баянзүрхийнхэн эрчим хүчний гачаалалд орохгүй
Шведийн олон улсын хөгжлийн агентлагын санхүүжилтээр Улаанбаатар дэд станцын 220 кв-ын ил хуваарилах байгууламжийн өргөтгөлийг хийж дуусчээ. Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, зүүн хэсгийн дагуул хотууд, түүнчлэн Багануур-Чойрын чиглэлийн болон говийн бүсэд уул уурхайн үйлдвэрүүд шинээр баригдаж байгаатай холбогдон өсөн нэмэгдэж буй цахилгаан энергийн хэрэгцээг хангах, эрчим хүчний нэгдсэн сүлжээний тасралтгүй, найдвартай ажиллагааг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлж дуусаад байгаа “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээний шинэчлэлт” төсөлд Шведийн талаас 10,3 сая, манай талаас 2 сая орчим ам.доллар зарцуулсан байна.
Энэхүү төслөөр төвийн бүсийн 8 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 15 дэд станцын тоноглолуудыг шинэчилсэн байна. Мөн Улаанбаатар дэд станцад хамгийн томоохон шинэчлэлийн ажлыг хийжээ. Тус дэд станцад Швед, Италийн орчин үеийн өндөр хүчин чадалтай, олон улсын стандарт хангасан, 30 жил найдвартай ажиллах тоноглолуудыг суулгав. Мөн шинээр суурилагдсан бүх тоноглолууд нь бүрэн автомат удирдлагатай бөгөөд Диспетчерийн Үндэсний төвөөс үйл ажиллагааг нь хянах, удирдах бүрэн боломжтой юм байна.
Н.Цэндээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ