Транзит тээврийн яриа, хэлэлцээ хийхэд ач холбогдолтой гэж үзжээ

img

Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах Олон талт хэлэлцээрийг батлах тухай асуудлыг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, холбогдох шийдвэр гаргав. Тус хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д. Цогтбаатар өнгөрсөн 4 дүгээр сарын 25-нд Нью-Йорк хотноо гарын үсэг зурсан юм. Тус Олон улсын судалгааны төв (ОУСТ) нь Улаанбаатарт байгуулагдах засгийн газар хоорондын олон улсын анхны байгууллага болж байна. Далайд гарцгүй хөгжиж байгаа 31 орны хамтран байгуулж буй энэ ОУСТ нь эдгээр орны дүн шинжилгээ хийх чадавхийг бэхжүүлэх, Алматын Үйл ажиллагааны хөтөлбөр, Мянганы хөгжлийн зорилтуудыг бүрэн, үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө тэдний хамтын хүчин чармайлтыг нэгтгэн дайчлах, шаардлагатай туршлага, шилдэг практикаас харилцан суралцах, холбогдох эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах, бодлого боловсруулах үүрэгтэй байгууллага байх юм. Түүнчлэн ОУСТ нь эдийн засгийн өсөлтийг хангах, ядуурлыг бууруулах зэрэг чухал салбар, ялангуяа транзит тээвэр, худалдааг дэмжих тусламж, худалдааг хөнгөвчлөх асуудлаар дүн шинжилгээ хийж, Дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын бусад байгууллагын хүрээнд гэрээ хэлцэл хийж байгаа ДГХБО-ын мэргэжилтнүүдэд яриа хэлэлцээний зохих арга барил, чадвар эзэмшүүлэх үйл ажиллагаа явуулна. Улаанбаатар хотод ОУСТ байрласнаар далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, түүний дотор транзит орнуудтай худалдаа, транзит тээврийн яриа, хэлэлцээ хийх, байр сууриа нэгтгэн зохицуулах олон талт үйл ажиллагаа Монгол Улсад төвлөрөн явагдах ач холбогдолтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ