Чанаргүй зээлийн өрийн хэмжээ 20.7 хувиар буурчээ
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр өнгөрсөн тавдугаар сарын байдлаар банкны системийн хэмжээгээр хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өрийн үлдэгдлийн хэмжээ буурчээ. Тавдугаар сарын эцэст хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 60.1 тэрбум төгрөг болсон нь өмнөх сарынхаас 11.1 тэрбум төгрөг буюу 15.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 15.7 тэрбум төгрөг буюу 20.7 хувиар буурсан байна. Харин чанаргүй зээлийн хэмжээ тавдугаар сарын эцэст 315.7 тэрбум төгрөг болсон нь өмнөх сартай харьцуулахад 0.3 хувь, өмнөх жилийнхтэй харьцуулахад 20.6 хувиар буурчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл болон хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл сүүлийн нэг жилд тогтмол буурсаар байгаа. Энэ нь манай улсын банкны салбар 2009 оны хямралаас хойш хөл дээрээ бат зогсч чадсаны шинж гэж эдийн засагчид үздэг билээ. Нөгөөтэйгүүр банкнаас эдийн засагт нийлүүлж байгаа мөнгөний хэмжээ ч бас нэмэгдэж байгаа юм. Тавдугаар сарын эцэст арилжааны банкуудаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 6121.2 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 185.2 тэрбум төгрөг буюу 3.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1874.4 тэрбум төгрөг буюу 44.1 хувиар өсчээ. У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ