Димитар Бербатов: Би талбайд олон гарахыг хүсч байна
Болгар довтлогч Димитар Бербатовын тэвчээр барагдаж эхэлсэн бололтой. Тэрээр өнгөрсөн улиралд Премьер лигийн шилдэг мэргэн буучаар шалгарсан хэрнээ энэ улиралд тун цөөхөн удаа талбайд гарсан юм. Хэдийгээр улирлын эхэнд “Би “Манчестер Юнайтед” шиг агуу багаас явахгүй. “Барселона”-д очихгүй л бол өөр багт очихгүй” хэмээн мэдэгдэж, өөрийнхөө талбайд гарах боломжийг тэвчээртэй хүлээсээр сүүлдээ цөхөрч эхэлжээ. Түүнийг болгарчууд шигшээ багтаа эргэн тоглохыг хүсч, хэдэн зуугаараа жагсаал хийсэнд Бербатовын сэтгэл багагүй хөдөлжээ.
“Би талбайд түлхүү гарахыг хүсч байна. Багтаа тусалж чадна гэдгээ мэдэж байна. Үндсэн бүрэлдэхүүнд багтахын тулд чадах бүхнээ хийнэ. Би шигшээ багтаа тоглохыг хүсэвч багтаа тоглож чадахгүй болохоор шигшээд дуудагдах боломж бага. Намайг эргээд шигшээд дуудаж буй хөгжөөн дэмжигчдэдээ баярласнаа илэрхийлье. Үнэндээ ингэж халуун дулаанаар намайг дэмжинэ чинээ санасангүй. Тэдний намайг гэсэн сэтгэл хэвлэлийнхэнд хандахаас аргагүйд хүргэлээ. Та бүхэнд баярлалаа” гэж Бербатов хэлсэн байна.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ