
Өчигдөр БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн агентлагийн төлөөлөгчид Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт айлчилж ирлээ. Хурлаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр хамтран ажиллаж, санал бодлоо солилцох зорилготой уг айлчлалын хүрээнд чухал асуудлуудыг хөндөн ярилцжээ. Энэхүү уулзалт ярилцлагад БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн агентлаг буюу KOSHA-ийн төлөөлөгчид, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү болон тамгын газрын дарга, хяналтын газрын дарга нар оролцсон юм.
Мэргэжлийн хяналтын зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай байгаа тул төлөөлөгчдөд хамтран ажиллах санал тавьлаа. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сайжруулахын тулд мэргэжлийн хяналтын байцаагчдыг чадавхижуулахад анхаарах шаардлагатай байгаа талаар Р.Содхүү дарга онцлон дурдьлаа.
БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн агентлагтай Монгол улсын Мэргэжлийн хяналтын байгууллага хамтын ажиллагаагаа өргөтгөөд жил гаруй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд тулгамдаад байгаа асуудлууд дээр хамтран санал солилцож, туршлагаа хуваалцаж ирсэн юм. Энэ талаар КОША-гийн Сургалт сурталчилгаа хариуцсан төлөөлөгч Чой Дэ Ёл “Жил гаруй хугацаанд хамтран ажиллахад бидний ажлын үр дүнгээс хамтын ажиллагааны үр дүн харагдаж байна. Цаашид аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тал дээр чамгүй их туршлагаасаа хуваалцаж ажиллана” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ