Монголын төлөөлөгч ажлын хэсгийг даргалахаар болов

img

Австрийн Вена хотод байрладаг олон улсын байгууллагуудын дэргэдэх Азийн бүлэг Цөмийн зэвсгийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллага (ЦЗТБХГБ)-ын Бэлтгэл комиссын  “А” ажлын хэсгийг 2012 онд даргалуулахаар Монгол Улсын Байнгын төлөөлөгч Ж.Энхсайханы нэрийг  дэвшүүлснийг “Хөгжиж буй орнууд ба Хятадын” бүлэг сайшаан батлав. Цөмийн зэвсгийн тархалтыг зогсоох, цөмийн зэвсгийг  хураах замаар  олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх зорилгоор 1996 онд батлагдсан ЦЗТБХГ-г хүчин төгөлдөр болгох бэлтгэл ажлыг гүйцэтгэх үүрэгтэй, эдүгээ эгнээндээ 185 улс орныг нэгтгэсэн Бэлтгэл комисс нь 1997 онд байгуулагдсан байна. Тус комисс нь ажлын “А”  болон  “Б” хэсэг, зөвлөх баг гэсэн ажлын 3 бүтцээс бүрддэг бөгөөд “А” хэсэг нь бэлтгэл комиссын аж ахуй, жилийн төсөв, санхүү болон хүний нөөцтэй холбоотой асуудлуудыг, “Б” хэсэг нь цөмийн туршилттай холбоотой асуудлыг судлах, шалгах асуудлыг хариуцан ажилладаг бол зөвлөхийн баг нь Бэлтгэл комисс болон дээрх хоёр ажлын хэсэгт зөвлөн туслах үүрэгтэй ажилладаг юм байна.  2012 онд тус байгууллагын 115 орчим сая долларын төсвийг нэмэгдүүлэх эсэх, мөн төсвийн бүтцийг эргэж харах эсэх зэрэг асуудлыг хэлэлцэх ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ