
Хоёр долоо хоногийн өмнөөс нар хур тэгширсэн сайхан зун болох нь хэмээн сэтгэл тэнэгэр байсан нийслэлчүүд ердөө хоёрхон өдрийн түр зуурын бороонд барьц алдлаа. Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт нийт 11 өрх орох оронгүй болж, олон айлын гэр, хашаа нурж, 250 иргэн үерт өртжээ.Уг нь ус, цаг уурын болон онцгой байдлын албаныхан өнгөрсөн өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг бороо орно гэдгийг анхааруулсаар байсан билээ.
Гэтэл их хотын хаяа бараадаж, сайн дураараа хашаа хороо хатгасан айлууд зарим талаар амь насаараа дэнчин тавигсад байх юм. Тэд зөвшөөрөлгүй газарт, үерийн далангийн амсар дээр гэрээ барьчихаад, дараа нь "амь авраарай" хэмээн албатай юм шиг аашилдаг. Хөдөө орон нутгаас хотыг зорих иргэдийн нүүдэл гэр хорооллыг тэлсээр. Энэ хэрээр ийм эрсдэлтэй өрхийн тоо нэмэгдсээр л байна.Тодруулбал, 2500 гаруй өрх үерийн аманд буусан гэсэн судалгаа бий. Гэхдээ энэ нь хоёр жилийн өмнөх байдлаар шүү дээ. Одоогоор энэ тоо хоргодсон нь юу л бол. Харин ч үүнээс хойш хичнээн өрх ийм газрыг сонгон төвхнөж амжсан нь тодорхойгүй. Хууль зөрчиж байгаа тэдгээр айл өрх тэгэхээс тэгэх гэсэн юм шиг хог хаягдлаараа үерийн ус зайлуулах суваг шуудууг бөглөж, гуу жалгыг шороогоор дүүргээд тэгшилж орхихыг нь яана. Гэлээ ч дээрээс өөрийн эрхгүй эрчлэн орж ирэх их усыг яахан хорьж дийлэх билээ.
Газар хавчсан юм шиг буусан тийм айл өрхүүдэд нийслэл, дүүргийн газрын албанаас нүү гэсэн шаардлагыг байнга тавьдаг ч харамсалтай нь дуулгавартай нүүдэг нь тун цөөхөн. Оронд нь торгууль шийтгэл ногдуулдаг ч "Хоосон хүний хоёр чихийг авахгүй юу" гээд гөжөөд суучихна. Цаашлаад "Бид нүүхгүй. Үерт автах юм бол хариуцлагаа өөрсдөө хүлээнэ.

Тэгээд ч Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж байна. Хаана амьдрахаа бид шийднэ" гэж даналзана. Үндсэн хуульд амьд явах эрхтэй гэж заасан болохоос үхэх эрхтэй гэж тусгаагүй. Орон гэр нь урсаад явчихвал улсаас нэг юм бодох биз хэмээн бэлэнчилж суудаг нь гашуун үнэн билээ.
Бүр хэтрүүлж хэлэхэд, зарим нэг нь амь насаараа дэнчин тавьж, хуучин гэрээ шинээр сольдог болсон гэлтэй. Энэ удаагийн усанд автсан өрхөд Улсын онцгой комиссоос гэр олгож байна. Иймэрхүү байдал сүүлийн хэдэн жил үргэлжиллээ.
Нөгөөтэйгүүр усанд автсан зарим өрх тухайн оршин суугаа газартаа, газар эзэмших зөвшөөрөлтэй байдаг. Тэд "Яах гэж үерийн аманд газрын зөвшөөрөл өгсөн юм бэ" хэмээн газрын албаныханд гомдоллодог. Үнэндээ ч газар олгохдоо энэ бүхнийг тооцоолдоггүй нь өнөөх л хариуцлагагүй байдалтай холбоотой юм.Эдгээр айлуудыг нүүлгээд аюулгүй газар буулгахаар нөгөө газар нь ус цахилгаан, дэд бүтэц нь шийдэгдээгүй байдгаас айлууд эргээд л мөнөөх газраа барааддаг. Эсвэл өөр нэг эрсдэлтэй газрыг сонгох нь олонтаа.
Азаар энэ үерт хүний амь сүйдээгүй. Хэдийгээр байгалийн гамшгийн өмнө хүн хүчин мөхөс байдаг ч аюулаас сэргийлж, хохирол багатай давахын тулд эзэн хичээхгүй бол заяа хичээхгүй. Олон хавар нэгэндээ гэдэг оргүй үг биш.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ