НЕФТИЙН ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРОХГҮЙ БАЙХ ЭРСДЭЛ
“Нэг багц”-ын улс төр нефтийн үйлдвэрийн “түгжээ”-г гацаав уу?
Улсын эдийн засагт жинтэй гурван том төслийг хөдөлгөх ёстой байсан хуулийн төсөл УИХ-ын босго давсангүй. Ингэснээр Монголын олон жил ярьсан нефть боловсруулах үйлдвэр дахиад л “хүлээлтийн горим”-доо шилжих эрсдэл үүсээд байна.
Засгийн газраас өргөн барьсан Гадаад зээллэгийн ашиглалтын тухай хуулийн төсөл нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, газрын тос боловсруулах үйлдвэр, “Сэлбэ дэд төв” зэрэг төслүүдийн гадаад зээлийн санхүүжилтийн “түгжээг тайлах” зорилготой байсан. Гэвч УИХ төслийг дэмжсэнгүй.
Энэ шийдвэрийн хамгийн хүчтэй цохилтыг нефть боловсруулах үйлдвэр авч байна. Учир нь Монгол Улс өнөөдөр шатахууны хэрэгцээнийхээ дийлэнхийг импортоор хангаж, зах зээлийн савлагаанд эмзэг хэвээр байгаа.
“100 хувь хараат” хэвээр үлдэх үү?
Албаныхны тайлбарлаж буйгаар нефть боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт зогссонгүй. Гэхдээ гадаад зээлийн хөрөнгийг бүрэн ашиглах эрх зүйн орчин гацсан нь төслийн хугацааг олон жилээр сунгах эрсдэлтэй болжээ.
Салбарын сайд энэ талаар “Хуулийн төсөл бол зээлийн ашиглалтыг урагшлуулах, гацааг арилгах зорилготой байсан. Дэмжигдээгүйд үнэхээр сэтгэл дундуур байна” гэсэн байр суурь илэрхийлсэн. Монгол Улс жил бүр хэдэн их наяд төгрөгийг шатахуун импортлоход зарцуулдаг. Дотооддоо боловсруулах үйлдвэртэй болох асуудал бараг 20 жил яригдсан ч төсөл одоо хүртэл бүрэн ашиглалтад ороогүй хэвээр. Эдийн засагчдын хэлдгээр “шатахуунаа өөрөө үйлдвэрлэдэггүй улс инфляцаа ч бүрэн удирдаж чаддаггүй”. Өөрөөр хэлбэл бензиний үнэ өсөх бүрт өргөн хэрэглээний барааны үнэ дагаж савладаг бүтэц Монголд тогтсон.
Хуулийг “Сэлбэ”-тэй хамт унагав уу?
УИХ дахь хэлэлцүүлгийн үеэр анхаарал татсан нэг зүйл нь газрын тосны үйлдвэрийн асуудал бусад төслүүдтэй нэг багцад орж ирсэн явдал байлаа. Тэр дундаа “Сэлбэ дэд төв”-ийн тендер, газар чөлөөлөлт, ашиг сонирхлын асуудал улс төрийн маргаан дагуулж байсан нь гишүүдийн кнопонд нөлөөлсөн байж болзошгүй гэх яриа Төрийн ордонд хүчтэй өрнөв.
Улс төрийн хүрээнд “гуя дагаж хүзүү” гэдэг шиг маргаан багатай нефтийн үйлдвэрийн төсөл нь илүү шүүмжлэлтэй дагуул төслүүдтэй хамт орж ирээд уначихлаа гэх шүүмжлэл ч гарч байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын ирц хангалттай байсан ч санал хураалтын үеэр тодорхой бүлэг гишүүд “Сэлбэ”-тэй холбоотой асуудалд болгоомжлон хандсан аж.
Дахин өргөн барих гарц хайж эхэлжээ
Хуулийн төсөл буцсан ч Засгийн газар нефть боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийн асуудлыг тусад нь салгаж, дахин өргөн барих хувилбар дээр ажиллаж эхэлсэн байна.
Хэрэв өнөөгийн нөхцөл үргэлжилбэл төсөл 10-20 жилээр ч сунжирч болзошгүйг албаныхан нуухгүй байгаа. Хамгийн том эрсдэл нь үйлдвэр ашиглалтад орох хугацаа дахин хойшлох, улмаар шатахууны импортын хараат байдал хэвээр үлдэх явдал. Өөрөөр хэлбэл Монгол Улс нефтийн үйлдвэрээ барьж дуусгах тухай биш, харин тэр үйлдвэрээ улс төрөөс “аварч” чадах эсэх тухай асуудалтай нүүр тулж эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ