Цагдаагийн дэслэгч Х.Ган-Ялалт:Аж ахуй нэгжүүд дохиолол суурилуулах шаардлагатай байна
Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 18 дугаар байранд байрлах "Сайн" авто ломбарданд тэсрэх бөмбөг тавьсан байна гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч Х.Ган-Ялалтаас тодруулахад, “Иргэн Уянга 2010 оны 11 дүгээр сарын 29-ний 19. 35 цагт Шуурхай мэдээллийн төвд 7011.... утсаар “Сайн” ломбардны үүдэнд тэсрэх бодис тавьсан байна гэсэн мэдээлэл өгсөн. Энэ мэдээллийн дагуу дүүргийн цагдаагийн алба хаагчид уг газар очиж үзлэг хийж, тэсрэх бодис байж болзошгүй гэж үзсэнээр тус байрыг хамгаалалтад авч, иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг явуулсан. Онцгой байдлын алба хаагчид, Зэвсэгт хүчний жанжин штабын саперын ангийн бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллаж, уг бөмбөгийг аюулгүй болохыг тогтоосноор иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг цуцалсан. Уг асуудлыг дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Хамгийн гол нь ломбард болон бэлэн мөнгө их бага хэмжээгээр төвлөрдөг аж ахуйн нэгжүүд дохиолол суурилуулах шаардлагатай байна. Учир нь энэ мэтийн санаатай болон санамсаргүй байдлаар халдах гадны халдлагаас иргэдийн эд хөрөнгө, амь насыг хамгаалах хамгийн эхний тусламж дохиолол байдгийг мартаж болохгүй” гэлээ. Н.Цэндээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ