Англи хэлний хар яриагаар өөр хоорондоо нэвтрэлцэнэ гэдэг нэг хэрэг. Харин даяаршлын эринд англи хэлийг эзэмших нь хөгжил дэвшлийн түлхүүр болж байна. Энэ талаар хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор З.Ганчимэгтэй ярилцсан юм.
Тэрээр 1997 онд ГХДС-ийг төгссөн, одоо Хүмүүнлэгийн ухааны их сургуульд багшилж, Англи хэлний академийн захирлаар ажилладаг, эрхзүйч мэргэжилтэй. Хоёр жилийн өмнө Тоастмастерс Интернэшнл олон улсын байгууллагын салбарыг нээж, анхны ерөнхийлөгчөөр ажилласан байна.
-Та англи хэлний багш хүн. Англи хэл монголчуудын хувьд зайлшгүй хэрэглээ мөн үү?
-Өмнө нь ямарваа нэг өөрчлөлтийг хийхэд хэдэн арван жил шаардлагатай байсан бол одоо хэдхэн сарын дотор үйл явдал өрнөж байна. Их сургуульд заалгасан мэдлэгийн 80 хувь нь төгсөх үед хоцрогдох болсноос гадна сургалтын чиг хандлага, загвар шинэчлэгдэж байна. Хонг Гонгод явуулсан судалгаагаар нийт төгсөгчдийн 85 хувь нь ажил олгогчдын шаардлага хангахгүй, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхгүй байна гэж үзжээ. Өөрчлөлтийн эргүүлгийг амжилт болгон хувиргахад 1,5 тэрбум хүний ярьж, бичдэг дэлхийн бизнесийн харилцааны гол хэл болсон англи хэлний мэдлэг зайлшгүй чухал гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Саяхан үндэстэн дамнасан корпорациудын 25 мянга гаруй ажиллагсдын 91 хувь нь англи хэлний мэдлэг ажилдаа амжилт гаргахад нь зайлшгүй шаардлагатай гэсэн байна. Мөн Европын холбооны улсуудын 945 мянган компанийн үйл ажиллагаанд судалгаа хийхэд 11-ээс илүү хувь нь зөвхөн хэлний бэрхшээлийн улмаас бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломжоо алдсан гэжээ. Тэгэхээр хэлний мэдлэг, тэр дундаа мэргэжлийн англи хэлний мэдлэг, бизнесийн амжилт хоёр хоорондоо шууд хамааралтайг уг судалгаанууд харуулж байна.
-Монгол залуус гадаад хэл сурахаар хилийн дээс алхах нь цөөнгүй болжээ. Энэ нь хэр үр дүнтэй вэ?
-Англи хэлний мэдлэг залуусын амьдрал, амжилт бүтээлийн нэгэн шалгуур, бас баталгаа болж байна. Тэглээ гээд нэгэнт олж авсан байр суурь, дассан хамт олон, орон гэрээ орхиод асар их зардал гарган гадаад оронд очиж сурах нь зөв шийдэл гэдэгт би хувьдаа эргэлздэг. Миний нэг найз ажилдаа тун сайн, байгууллагадаа хэлтсийн даргаар ажиллаж байгаад Австралийн засгийн газрын тэтгэлгээр магистрын зэрэг хамгаалаад ирсэн юм. Гэтэл ажилдаа эргээд ороход ахлах мэргэжилтэн болж, оронд нь өөр хүн томилогдсон байжээ. Австралид ихийг сурсан ч, магадгүй карьерын хувьд алдсан байж болох юм. Гадаадад олон жил болсон залуусын хувьд Монголынхоо нөхцөл байдлыг сайн мэдэхгүй, нэг хэсэг байр сууриа олох гэж зүдэрдэг. Тиймээс ялангуяа төрийн албан хаагчид гадаадад богино хугацаагаар англи хэлний биш, мэргэжлийнхээ дагуу сургалт семинарт оролцож, туршлага судлах нь илүү юм даа гэж боддог.
Ер нь Монголдоо англи хэлний чадвараа дээшлүүлэх бүрэн бололцоотой. Сургалтыг зөвхөн анги танхимаар хязгаарлах ёсгүй. Англи хэл сурч буй залууст тохиолдож байгаа хамгийн том бэрхшээл нь ярих, сурсан зүйлээ хэрэглэх орчин байхгүйд оршдог. Үнэхээр таны үзсэн хичээл хэрэглээнд орохгүй, үр жимсээ өгөхгүй бол сураад ч урамгүй шүү дээ. Сургалтын байгууллагууд ч тухайн хэлний сургалтаараа дамжуулан хувь хүний хөгжил, ерөнхий мэдлэг, багаар ажиллах, манлайлах чадварыг цогц утгаар хөгжүүлэх нь зүйтэй гэж санагддаг.
-Таны Монголд үүсгэн байгуулсан Тоастмастерс клуб ийм орчныг бүрдүүлж байгаа гэж үзэж болох уу?
-Болно. Дэлхийн хүмүүсийн харилцааны болон манлайллын чадварыг хөгжүүлж, өөрийгөө бүрэн дайчлан мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгох эрхэм зорилготой Тоастмастерс Интернэшнл олон улсын байгууллага нь дэлхийн 113 оронд 12 мянга 500 клубтэй, 260 мянга гаруй гишүүнтэй ашгийн бус, төрийн бус боловсролын байгууллага юм. Анх 1924 онд байгуулагдсан АНУ-д төвтэй энэ байгууллагын салбарыг монголчуудынхаа өөртөө итгэх итгэл, хувь хүний хөгжлийг эрхэмлэн нөхөрлөлийг бэхжүүлэх, харилцан бие биеэ дэмжин суралцах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор хоёр жилийн өмнө байгуулсан. Манайхыг элссэний нэг жилийн ойгоор баярын илгээлт ирүүлсэн. Долоо хоног тутам англи хэл дээр хурал, уулзалт зохион байгуулдаг. Олон нийтийн өмнө англиар сайн ярьдаг болохын тулд гишүүний гарын авлагад заасан 10 проектын хүрээнд илтгэлээ бэлтгэж, бусдадаа үнэлгээ өгч, дүрмийн алдаа зэргээ хянадаг, ямар ч сэдвээр өөрийн үзэл бодлоо англиар чөлөөтэй илэрхийлэх дадал олгодог нарийн зохион байгуулалттай боловсролын брэнд тогтолцоо гэж ойлгож болно. Тоастмастерс Интернэшнлээс жил бүр уран илтгэгчдийн олон улсын тэмцээн, сургалт зохион байгуулдаг бөгөөд манай дөрвөн гишүүн Тоастмастерийн “Чадварлаг илтгэгч” хэмээх шагналыг хүртлээ. Бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимтай хамтран “Иргэний оролцоо ба залуус” сэдвээр хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулсан. Тоастмастерсийн клуб нь олон нийтэд нээлттэй, мөн байгууллагын гэж хоёр төрөл байдаг. Дэлхийн томоохон корпорациуд өөрийн дэргэд Тоастмастерсийн клубыг ажиллуулж, ажиллагсдынхаа ур чадварыг сайжруулж байна.
-Англи хэлний академийн интерактив элит сургалтын хөтөлбөрийн онцлог юу вэ. Мэргэжлийн хүний нүдээр харахад монголчууд юун дээр голчлон алдаа гаргадаг вэ?
- Академи гэдэг нь мэргэжлийн төвшинд өндөр зэрэглэлийн сургалтын хөтөлбөртэй боловсролын байгууллага юм. Үндсэндээ орчин үеийн мэдлэгийн болон когнитив онол, хэлний харьцуулсан судалгаа, хүний хөгжлийн хөтөлбөр дээр суурилсан сургалт л даа. 2005 онд байгуулагдахдаа бидний тавьсан хамгийн гол зорилго бол англи хэлийг бүрэн эзэмшиж болох юм байна гэсэн итгэлийг суралцагчдад төрүүлэх, англи хэлээр дамжуулан мэргэжилдээ амжилт гаргах боломжийг нээж өгөхөд чиглэсэн юм. Хамгийн энгийн зүйл өөрийгөө танилцуулахаас эхэлдэг. Манайхан өөрийгөө танилцуулна уу гэхээр, намайг тэр гэдэг, би төдөн настай, гэрлэсэн гэрлээгүй зэргээ тоочдог. Яг үнэндээ цаад сонсч байгаа хүнд тэр нь сонин биш шүү дээ. Харин таны мэргэжил боловсрол, албан тушаал, аль байгууллагад хэр удаан ажиллаж байгаа гэх мэт маш энгийн зүйлээс л сургалт эхлэх учиртай.
Цаашилбал, хэлэлцээр хийхэд наад зах нь англи хэлний болзолт хэвийг зөв хэрэглэж сурах хэрэгтэй байна. Мөн үйл үгийн утгын нарийн ялгааг илэрхийлдэг баймж үйл үгийн хэрэглээг анхаарах шаардлагатай. Жишээ нь, It must have been a very stormy meeting. Энэ өгүүлбэрт орсон must гэсэн баймж үгийг зөвхөн “ёстой” гэсэн ганц утгаар нь тогтоовол учир дутагдалтай. Үнэхээр ширүүн хурал болсон нь гарцаагүй гэсэн өндөр зэргийн магадлалыг илэрхийлсэн байна. Мөн түүнчлэн бизнесийн харилцааны англи хэлэнд спорттой холбоотой маш олон хэлц хэллэгүүд утга шилжин орж ирсэн байдаг.
Хоёр хэлний онцлог болон ялгаатай талуудыг мэргэжлийн туршлагатай монгол багш нараар сайтар тайлбарлуулан ойлгож, харин гадаад багш нартай дадлага хийхэд цаг ч хэмнэнэ, илүү үр дүнтэй. Учир нь энэ хоёр хэл маань төрөл бус учраас сэтгэлгээний асар том ялгаа гарч ирж байгаа юм. Зөвхөн англи хэлний хэдэн үг цээжлээд хэлийг сайн сурна гэж үгүй, мөн сэтгэж сурах ёстой. Өгүүлбэрийн бүтцийг сайтар ажигла, монгол хэлэнд үйл үг өгүүлбэрийн сүүлд ордог. Монгол хүн гол санаагаа ярианыхаа төгсгөлд илэрхийлдэг болохоор гаднынхан биднийг ярьж ярьж, хамгийн сүүлд алах, аврахын аль нэгийг хэлэх юм гэцгээдэг. Тэгвэл англичууд ярианы эхэнд л зорилгоо илэрхийлдэг. Гэхдээ энэ нь эх хэл маань муу юм уу, учир дутагдалтай гэсэн үг огт биш ээ. Харин хэл, сэтгэлгээний онцлог юм.
Зах зээлийн өрсөлдөөнт энэ үед мэргэжлийн англи хэлний сургалтыг зөвхөн хэлний сургалт мэтээр өрөөсгөл ойлгож болохгүй. Тухайлбал, сургалтаар дамжуулан ажлын байран дахь сэтгэл ханамжийг хэрхэн дээшлүүлж буй дэлхийн топ компаниудын тэргүүн туршлагаас сонсох, тэр талаар ярилцах, байгууллагын өмнө тулгарч буй асуудлыг хөндөн шийдвэрлэх, өдөр тутмын ажилд шаардлагатай тайлан бичих, хэлэлцээр хийх зэрэг багтдаг. Соёл хоорондын ялгаа, тухайлбал хятадын бизнесменүүд гэрээ хэлэлцээрийн үед юуг анхаардаг, оросууд, америкуудтай харилцахдаа юуг анхаарах ёстой гэх мэтээр бусад орны бизнесменүүдийн хэв шинж нь тогтсон байдаг. Хэлний бэрхшээл харилцаанд хүндрэл учруулдаг байна. Жишээлбэл, “за” гэсэн үгийг монголчууд зөвхөн “yes” гэсэн үг гэж боддог. Тэгвэл “well” гэдэг үг нь “за, цааш нь ярь, ярь”, “ойлгож байна” гэх мэт маш олон утгыг илэрхийлдэг.
Ингэхэд, бизнесийн англи хэл гэхээр хүн бүр өөр өөрийнхөөрөө л ойлгодог. Зарим нь олон улсын худалдаа, харилцааны гол хэл гэдэг бол зарим нь өдөр тутам оффист харилцах хэл гэж ойлгодог. Тэгвэл олон улсын хурал, зөвлөгөөний завсарлага, өдрийн хоол, хүлээн авалтын үеэр ч бусадтай харилцаж, яриа өдөж танилцахад нийтлэг хэрэглэгддэг үг хэллэгийг суралцах нь зүйтэй. Бид оюутнууддаа англи хэл дээр ойр зуурын онигоо, дуу, шүлэгтэй байх хэрэгтэй гэж хэлж сургадаг. Бизнесийн сайн түнштэй болоход зөвхөн албан уулзалтаас гадна хувь хүний зан төлөв, харилцааны чадвар, хүн чанар, хошин шогийн мэдрэмж, нийгэм, улс төр, уламжлал, түүх соёлын өргөн мэдлэгтэй байх нь дотно харилцаа тогтоохын үндэс болдог.
- Монголд анх удаа TOLES буюу хууль зүйн англи хэлний олон улсын шалгалтыг албан ёсоор авах зөвшөөрлийг танай академи 2011 онд авсан. Ач холбогдол нь юундаа байна вэ?
-Энэ Test of Legal English skills шалгалтыг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, хамгийн нэр хүндтэй шалгалтын тоонд зүй ёсоор оруулдаг. Үүнийг амжилттай өгч чадсан хуульчид олон улсын томоохон байгууллагуудад ажилд орох боломжтой. Тухайлбал, Англи болон Уэльсийн Хуулийн нийгэмлэг, Европын Төв банк, Даймлер Крайслер, Сони Эриксоныг нэрлэж болно. Шалгалтын давуу тал нь хуулийн фирм, хууль зүйн хүрээлэн, хуульч, өмгөөлөгч, шүүгч, хуулийн зөвлөхийн хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн англи хэлний мэдлэгийн төвшинг тогтоох хамгийн оновчтой, үр дүнтэй тогтолцоо юм. Гол нь уг шалгалтыг 100 хувь практик хэрэглээнд тулгуурлан боловсруулсан учраас англи хэлний онолын мэдлэгээс илүүтэй, олон улсын хэмжээнд ажиллах хуульчийн өдөр тутмын ажлын хэрэгцээг чухалчилдаг. Ер нь хууль зүйн англи хэлийг мэргэжлийн бус хүн төдийлөн ойлгохгүй, нэр томъёо, латин, франц үг их ашиглахаас гадна, эртний болон албан бичгийн найруулга ихтэй, өгүүлбэрүүд нь их урт, нийлмэл бүтэцтэй байдаг л даа.
-Монголд TOLES шалгалт авах шаардлага байна уу. Манай хуульчдын мэргэжлийн англи хэлний мэдлэг хэр зэрэг юм бол…
-Манай хуульчдын онолын мэдлэг, туршлага сайн боловч англи хэлний мэдлэг нь ихэнх тохиолдолд бодит хэрэглээнд ороогүй байдаг. Олон улсын бүхий л гэрээ хэлэлцээрийг англи хэл дээр үйлддэг болохоор гадаадаас хуулийн фирм хөлслөх нь цөөнгүй гардаг бололтой. Гэтэл гаднаас ирсэн хуульчид Монголын эрх зүйн орчны талаар ойлголт байдаггүй. Тэгэхээр мэргэжлийн бус орчуулагч ажиллуулах нь эрсдэлтэй. Одоо Монголын уул уурхай дэлхий нийтийн анхаарлыг ид татаж, энэ хэрээр олон улсын хэмжээний гэрээ хэлэлцээрийн дагуу хамтран ажиллах нь ихэслээ. Тэгэхээр маргаантай асуудал гарлаа гэхэд манайд биш, Лондонгийн ч юмуу аль нэг олон улсын арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ. Энэ үед TOLES шалгалтыг давсан хуульч хамгийн түрүүнд аминд орно. Энэ шалгалт гүнзгий, ахисан, суурь шатны гэсэн гурван төвшинтэй.
-Англи хэлний академид суралцахад тавигдах гол шаардлага юу вэ?
-Хамгийн гол нь англи хэлийг төгс эзэмших чин эрмэлзлэл чухал. 2011 онд JCI Монгол байгууллагын урилгаар бусдыг хүндлэх, бусдыг ойлгох, бусдыг хүлээн зөвлөөрөх ухаанд суралцах Омояари хөдөлгөөний сургалтыг амжилттай зохион байгуулсан. Үнэхээр аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж чадвал гайхамшигтай үр дүнд хүрдэг. Хэн нэгнийг зүгээр л дуурайх, эсвэл албан байгууллагаас нь албан хүчээр сургалтад суулгах гэж шахалтанд орсон хүмүүстэй харьцуулбал англи хэл үнэхээр хэрэгцээтэй байгаагаа ухамсарласан хүн цагаа зөв зохицуулж, сургалтдаа амжилттай хамрагдаж, алдаанаас айхгүй, харин ч алдаагаа амжилтын түлхүүр болгон урагшилдаг юм. Монголчууд бид их нэрэлхүү хүмүүс бусдын өмнө алдаатай ярих вий, хүмүүс намайг шоолох вий, би өөрийгөө сайн илэрхийлж чадахгүй бол яана гээд өөрийнхөө өмнө үл үзэгдэгч тоосгон хана барьчихсан байдаг. Мөн өөрийн сайн сураагүй шалтгааныг бусдаас хайдаг, манай багш тааруухан байсан, анхнаас нь цэгцтэй заагаагүй гээд түмэн шалтаг тоочих нь элбэг.
Өнгөрсөн бол түүх, ирээдүй бол оньсого, харин одоо бол бэлэг юм гэдэг онч үг байдаг. Үнэндээ шалтаг, шалтгаан тоочих бүр зорилгодоо хүрэх зам улам бүр холддог. Ерөөсөө манай боловсролын тогтолцоонд амжилтад хүрэхэд сэтгэл зүйн хүчин зүйлийг үл ойшоосоор ирсэн. Үнэндээ хамгийн гол зүйл бол сэтгэл зүйн бэлтгэл гэж боддог. 1970 оноос эхлэн Нэйро лингвистикийн программчлал гэсэн ойлголт баруунд хүчтэй гарч ирсэн. Үүнийг анх сэтгэл зүйч, эмч нар амжилтад хүрсэн хүмүүсийг судалж, амжилтад хүргэсэн нийтлэг зүйл байгааг олж тогтоосноор энэ программчлалыг боловсруулжээ. Тэгэхээр тэр сэтгэл зүйн саадыг юу ч үгүй нурааж, тархиндаа зөв, эерэг программ суулгах хэрэгтэй юм. Эрсдэл хийгээд эр зориг гаргаж, чин сэтгэлээ өвөртлөн ирэх хэрэгтэй. Үүнийг л бид үндсэн шаардлага гэж хэлж болно. Манай төгсөгчид бие даан суралцах арга барил, багаар ажиллах чадвар эзэмшиж, илтгэх урлаг, мэтгэлцээний соёлд суралцдаг.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ