
Германы Олон Улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд энэ сарын 9-16-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнгээр ахлуулсан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн, Стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга Б.Нямдаваа, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг, тус газрын Эрүүл мэндийн даатгалын хяналт, санхүүжилтийн газрын дарга Ц.Ганцэцэг, УИХ-ын Тамгын газрын хуулийн зөвлөх Э.Эрдэнэсүрэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ахлах референт Д.Ганчимэг, Германы Олон Улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн зохицуулагч Ц.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийнхэн Герман, Эстон, Словен Улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой танилцах аялалд яваад ирлээ.
Танилцах аялалын үеэр ажлын хэсгийнхэн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Эстон Улсын Нийгмийн асуудлын яам, Эрүүл мэндийн даатгалын сан, Бүсийн Эрүүл мэндийн даатгалын газар, Эстонийн зүүн бүсийн эрүүл мэндийн төв, Словен Улсын Эрүүл мэндийн даатгалын байгууллага, Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн төв зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, эрүүл мэндийн даатгалын асуудлаар мэргэшсэн олон улсын хуульч Франц Книйпс болон холбогдох хүмүүстэй уулзсан юм.
Сонирхуулахад, тус гурван улсын Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь эв санааны зарчимд тулгуурласнаараа манай улсын Эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой ижилхэн аж. Өөрөөр хэлбэл, тухайн улсын иргэд Эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдах бөгөөд харин эрүүл мэндийн хувьд эрсдэлд орсон хэсэг нь сангаас тусламж үйлчилгээний зардлыг гаргуулж авна гэсэн зарчим үйлчилдэг байна.
Харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, тусламж, үйлчилгээний төрөл улс бүрт харилцан адилгүй байлаа. Эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг Герман Улсад улсын болон хувийн хэвшлийн 140 байгууллага өрсөлдөөний зарчмаар эрхэлж байхад Эстон Улсад Эрүүл мэндийн даатгалын сан, Словен Улсад Эрүүл мэндийн даатгалын бие даасан байгууллага эрхэлдэг. Эдгээр улсад эрүүл мэндийн даатгалтай иргэн тухайн даатгуулагчийн мэдээлэл бүхий ID карттай, уг карт нь эрүүл мэндийн даатгалд даатгуулсаныг гэрчлэх бөгөөд эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардлаа төлүүлэх үндсэн хэрэгсэл болдог байна.
Тэрчлэн Эстони Улс эмийн дижитал буюу цахим жороор үйлчилдэг аж. Эмч тухайн өвчтөнг үзээд эмийн жорыг нь компьютерт оруулахад тэр нь “Жорын төв””д сүлжээгээр дамжин хүрч бүртгэгдсэнээр иргэн дурын эмийн сангаасаа эмээ авах боломжтой болдог юм байна.
Тэгвэл Словен Улсын хувьд эрүүл мэндийн нэмэлт даатгалын тогтолцоог нэвтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, даатгуулагч өөрөө хариуцан төлөх ёстой эмчилгээний зардал (нийт зардлын 15 хувь)-аа нөхөн төлүүлэхийн тулд нэмэлт даатгалд даатгуулах боломжтой гэнэ. Мөн эрүүл мэндийн даатгалын мэдээллийн тогтолцоо маш сайн хөгжсөн, эрүүл мэндийн байгууллагуудтай маш хатуу тогтоосон шалгуур үзүүлэлтээр байгуулсан гэрээний дагуу санхүүжилт олгодог юм байна.
Энэхүү танилцах аялал нь Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлаар хэлэлцэх гэж байгаа үед зохион байгуулагдсанаараа түүнчлэн харилцан туршлага солилцох, хамтран ажиллах боломжийг нээж өгсөнөөрөө чухал ач холбогдолтой боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ