Сангийн сайд С.Баярцогт: “+ZOOM” ардчилсан шударга нийгэм байгуулахад нөлөөлнө
Мэдээллийн сайтуудын ассоциаци “+ZOOM” нэртэй хөтөлбөр эхлүүлж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөр нь хуулиар хориглоогүй боловч иргэдэд хаалттай байдаг, тэр бүр олны хүртээл болж чаддаггүй мэдээллүүдийг албаны эх сурвалжаас авч нийтэд мэдээлж байх юм. Энэхүү хөтөлбөрийн эхлэл болгож Мэдээллийн сайтуудын ассоциаци Сангийн яамтай хамтран Монгол улсад зарлагдаж буй бүх тендерийн урилга болон тендертэй холбоотой бусад мэдээ мэдээллүүдийг дээрх сайтуудаар дамжуулан олон нийтэд хүргэхээр өнөөдөр хоёр тал холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан. Мэдээллийн ил тод байдлын талаар Сангийн сайд С.Баярцогт, Мэдээллийн сайтуудын ассоциацийн тэргүүн Д.Болдхуяг нарын сэтгэгдлийг сонслоо.
Сангийн сайд С.Баярцогт: Авлига, хээл хахуулийн үндэс...
-Мэдээллийн хаалттай байдал нь нийгэмд буруу ойлголт өгч, авлига хээл хахуулийн эх үүсвэр болдог. Таны хувьд “+ZOOM” хөтөлбөрөөс ямар үр дүн хүлээж байна?
-Татвар төлөгчдийн мөнгөөр цуглуулсан энэ хөрөнгө ТӨСӨВ гэж нэрлэгдээд яаж зарагдаж, яаж нийгэм, төрийн үйлчилгээг хүргэж байгаа юм бэ гэдэг талаар иргэд бага хэмжээний ойлголт, мэдээлэлтэй байдаг учраас байнга хардаж авлигал хээл хахуулийн үндэс болсон гэж үздэг.
Тэгэхээр Сангийн яамны ойрын дөрвөн жилийн зорилт бол Сангийн яамны мэддэг бүх мэдээллийг иргэд, аж ахуйн нэгжүүд, татвар төлөгчид мэдэж байх ёстой.
Өөрөөр хэлбэл “Миний төлсөн татварын мөнгөөр ямар байгууллага яаж санхүүжээд ямар үр дүнд хүрч байна вэ” гэдэг нь ил тод харагдаж байх ёстой. Тэгэх юм бол бидний байнга ярьдаг авлига хээл хахуультай ч тэмцэж болно. Цаашилбал төрдөө итгэдэг, төрөө хүндэлдэг иргэний ардчилсан шударга нийгэмийг байгуулахын тулд мэдээллийн ил тод байдал нөлөөлнө.
Тиймээс Төрийн албан хаагч байна уу, жирийн иргэн ч байна уу, хувийн хэвшлийнхэн гэж ялгахгүйгээр бүгд ижил тэгш, нэг дор мэдээллийг авах эрх нь нээгдсэн байх ёстой гэж үзэж байгаа. Бидний энэ зорилтыг Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд дэмжиж ажиллаж байгаад туйлын их талархалтай байна.
Мэдээллийн сайтуудын ассоциацийн тэргүүн Д.Болдхуяг: Дурангаар татахад аливаа дүр дүрс, тоо баримт тод, том харагддаг
-Мэдээллийн ил тод байдлыг хангах хөтөлбөрийг яагаад “+Zoom” гэж нэрлэх болов?
-Сангийн сайдын мэдээлэлд хаалттай зүйл байгаагүй. Хязгаарлагдмал хүрээнд байсан зүйлийг илүү гэрэлтүүлж өгье, илүү тод томруун болгож өгье гэж манай мэдээллийн сайтын ассоциациас “+Zoom” гэдэг хөтөлбөрийг санаачилсан. Дурангаар татахаар аливаа дүр дүрс, тоо баримт нүдний өмнө тодорч томорч харагддаг гэсэн ойлголтоор хөтөлбөрөө нэрлэсэн байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ