
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны баасан гаригийн үдээс хойшхи хуралдаанаар эхлээд Ерөнхий сайдын мэдээллийг сонссон юм. НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд Монгол Улсаас цэргийн баг оролцуулж байгаа үйл ажиллагааны хүрээнд хийж буй ажил, цаашид авах арга хэмжээний талаар гишүүдийн асуултад Батлан хамгаалах яамны зүгээс тодорхой хариултууд өгч байв.
Манай улс арван нэгэн жилийн өмнөөс тухайлбал, 2000 оны эхэн үеэс эхэлж, энхийг сахиулах ажиллагаанд цэрэг дайчдаа илгээжээ. Одоогоор Монгол Улсаас энхийг сахиулах олон улсын ажиллагаанд 5221 дайчин оролцоод буй аж. Цэрэг, дайчид Афганистан, Судан, Ирак, Чад, Сьерра Леон зэрэг улс оронд очиж, алба хаасан байна. Үүний дүнд Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өссөн төдийгүй зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг чадавхижуулах, дипломат аргаар улсын аюулгүй байдлыг хангахад эерэг нөлөө үзүүлсэн гэж үзэж байна. Хэрэв манай тал цэрэг, дайчдаа олон улсын энхийг сахиулах ажиллагаанд тогтмол оролцуулсаар байвал 2015 он гэхэд гурван батальонтой болох учиртай аж.
УИХ-ын гишүүн Х.Жекей энхийг сахиулах олон улсын ажиллагаанд Зэвсэгт хүчний жанжин штабын цэрэг дайчдаас гадна хэд нь хүчний байгууллагынх болохыг тодруулж байв. УИХ-аас 2010 онд баталсан хуулийн хүрээнд Тагнуул, хилийн болоод дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчдыг НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулах боломжтой болсон билээ. Дээр дурдсан 5221 дайчдаас 100 гаруй нь бусад хүчний байгууллагын албан хаагчид юм байна. Тооны хувьд цөөн байгаа нь энхийг сахиулах ажиллагаанд зэвсэгт хүчний өөрсдийнх нь гүйцэтгэдэг ажиллагаатай холбогддог тул Онцгой байдал, тагнуул, хилийн болон цэргийн албан хаагчийг татан оролцуулах боломж хязгаарлагдмал байдаг аж.
Түүнчлэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цэрэг, дайчдын нийгмийн асуудалд анхаарал хандуулах зорилгоор үе шаттай арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал, 1000 айлын орон сууц хөтөлбөрт эхний ээлжинд хамруулж, нөхөн төлбөрөөр орж ирж буй хөрөнгийг орон сууц барьж, дайчдыг хамруулах чиглэлд зарцуулж байгаа гэнэ. Бүх цэрэг, дайчдыг орон сууцтай болгож амжаагүй ч цаашид энэ бодлого үргэлжлэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ