
Монгол Улсын Шадар сайдын 2010 оны 38 дугаар тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” стандартын төслийг боловсруулж, Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн 2011 оны 03 сарын 23-ны өдрийн хурлаар баталуулан 2012 оны 2 сарын 1-с эхлэн мөрдөж эхлээд байна. Наадмын өдрүүдэд үндэсний хэмжээнд хүүхдийн байгууллагын ажилтнууд унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд хяналт тавих, хүүхэд хамгааллын асуудлаар нөлөөлөл сурталчилгааны ажил зохион байгуулж унаач хүүхэд болон уяачдад зориулсан тараах материал, гарын авлагаар хангөаж ажиллах юм байна. Стандарт мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй уралдаанд оролцуулахгүй юм байна. Морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг ханган урладаан зохион байгуулж байгаа салбар комиссын дарга үүрэг болгосон байна. Хурдан морь унахаар ирсэн хүүхэд бүр ослын даатгалд хамрагдсан байх бөгөөд даатгалд хамрагдаагүй хүүхдийг бүртгэл дээр шууд даатгалын компаниуд бүртгэн ажиллах юм. Хурдан морь унаач хүүхдийн стандартад нийцсэн хувцас хэрэгслийн нийлүүлэлтийг Морин спорт уяачдын холбоо хариуцан 40,000 төгрөгийн үнэ бүхий 3000 ширхэг хамгаалалтын малгай, тохойвч өвдөгний хамгаалалтын хамт захиалан олон нийтэд түгэж байна. Дашрамд дурдахад хурдан морины уралдаан болоход зөвхөн морь, уяач хоёр л алдаршдаг байсан бол “Монгол Глобал” ХХК өнгөрсөн жил унаач хүүхдүүдэд нэг сая төгрөгийн үнэтэй дүйцэхүйц шагнал өгөхөө амлаж байсан юм. Энэ жил тэд амалсан амлалтаа биелүүлж зургаан насны морьдын эхний 5 буюу айргийн таван байрыг эзэлсэн нийт 30 хүүхдэд сая төгрөгийн үнэтэй алтан "Гэрэгэ" өгөх юм. Энэхүү үйл ажиллагаа бүх насны морьд уралдаж дууссаны дараа Хүй долоон худагт байрлах Цэнгэлийн магнай галынхаа их хүндэтгэлийн өргөөнд болж амжилт гаргасан унаач хүүхдүүдэд албан ёсоор гардуулах ажээ.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ