Монгол омогшил

img

Аварга, арслан, заануудын уран мэхэнд өндөлзсөн, аргамаг хүлэгт хүүхдүүдийн гийнгоон түрлэгт омогшсон, эрхий мэргэн харваачийн цэц мэргэнд уухайлсан өөр хаана ч байхгүй өрлөг их түүхтэй миний монгол наадам. Монгол хүн бүрийн зүрхэнд, тархинд ийм омогшил төрнө. Омогших гэж ч наадамладаг ард түмэн дээ, бид. Ер нь бид сүр бараатай, сэтгэл гэгэлзүүлсэн, хөөргөсөн зүйлд дуртай улс. Энэ гэгээлэг араншин есөн хөлт цагаан туг наадмын дэвжээнд залах агшинд тод харагддаг. Ирэхэд нь омогшино, буцахад нь хоргодно. Төр гээч буй гэдгийг, би эх оронтой, эх орон минь өвөрмөц ёс заншил, дэндүү сайхан уламжлал, бэлгэдэлтэй гэдгийг мэдрэхээр наадмын талбай эргэнэ. Наадмын сүрээр хөглөгдөж дэлхий дээрх хамгийн жаргалтай улсын иргэн болж, үндэсний соёлоороо бахархаж, тугаа мандуулж хөөрнө, туулсан замаа бодож эрэмшинэ. Төр нь омогшил, түмэн нь омогшил, бөх нь омогшил, бүгдээрээ омогшил. Монгол омогшлоор бялхана. Ийн наадамтай холбоотой бүх зүйл омогшил төрүүлдэг гэмээр. Угаас ч энэ л мэдрэмжийг авах гэж наадамладаг биз ээ. Африкийн ширэнгийн хар арьстан гавлын яс модоор тогшоод энэ дэлхийн хамгийн гайхалтай хөгжим гэж бодвол тэр л биз. Тухайн үндэстэн өөрсдөө л агуу гэж бодох нь агуу зүйл байдаг гэж нэг судлаач хэлж байсан юм. Үүнтэй адилхан наадмаараа бид л омогшиж байвал бол оо. Энэ жилийн наадмын өдрүүд хур, нар хоёр мөн ч сайн хамтран “ажиллаж” байна. Тэнгэр хангай цаг агаарын жорыг их л гярхай найруулж. Нар, үүл, үүлний жаахан “нулимс”. Бороо хааяахан шивэрнэ, хувцас норгож шалихгүй юм аа, ус, ундаа тааруулаад эвлэгхэн орж буй бороог бас л миний нутгийн бороо шүү дээ гэж өмчирхмөөр. Ер нь тэгээд холын хамаатан, нутгийн бөхөөс эхлээд өмчлөх юм мөн ч их. Хамаагүй байсан ч яаж ийж байгаад л хамаатуулчихна. Наадмаар харах бөхтэй байна гэдэг сайхан шүү. Энэ наадмын онцлог монгол ёсолгоо байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сэдсэн алга дэлгэсэн ёсолгоо тэнгэрээсээ хүч чадал эр бяр, ер нь сайхан гэсэн бүгдийг алгаа тосон гуйж байгаа хэлбэр гэж тодорхойлоод байгаа. Монгол Улсын төрийн дууллын дараа “Монгол ёсолгоо”-гоор ёсолъё гэсэн уриаг энд тэндгүй хаджээ. Өөрөө ч наадам нээлээ гэсэн үгийнхээ араас монгол ёсолгоогоо хийсэн. Наадмын нээлтийн тоглолтынхон ч гэсэн алга дэлгэсэн ёсолгоог гол чигээ болгосон гэмээр юм л бол “Уухай” хадааж ёсоллоо. Наадмын өнгийг тодорхойлоход бөхийн хүч, морины хурд, хуушуурын амтаас гадна наадамчдын гангараа бас нэгэн үзүүлэлт болдог. Энэ жилийн дээлний өнгийг Ерөнхийлөгчийн дээл тодорхойлов. Эрчүүд голдуу, төрийн томчуудаас эхлээд бөхчүүд, наадамчин олон тунгалаг цэнхэр өнгө зонхилсон, нэг их торго дурдан биш, даавуун голдуу дээлээр гангарсан харагдсан. Хамгийн эгдүүтэй гангараа нь бяцхан жаалуудын зодог шуудаг. Бөх болгохын хүссэн юм байлгүй нэг аав хэдхэн сартай балчир хүүдээ хүртэл зодог шуудаг зэхжээ. Харин аварга арслангуудтай зэрэгцэж зодоглосон “эрчүүд” зүлэг ногоон дэвжээн дээр биш, хуушууртай барилдаад тун ч аятайхан наадамлана билээ. Л.Мөнхзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ