Ахуйн шинжтэй галын тоо нэмэгдэж байна
Сүүлийн 9 хоногийн дотор л гэхэд нийслэлийн хэмжээнд байшин, автомашин, хашаа, амбаар шатлаа гэсэн 69 дуудлагыг Нийслэлийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Галын шалтгааны ихэнх хувийг яндангийн цонолт, пийшин зуухны аюулгүй байдлыг хангаагүйгээс, мөн автомашинаа асаах гэж машиныхаа доор цогтой үнс тавих, гал асааж орхих, газын павяльник асааснаас болж байгааг онцгой байдлын албаныхан сануулж байна. Үүнээс гадна жолооч нар машиныхаа холбогч утсыг масстай байгааг мэдэхгүй явснаас богино холболт үүсч гал гарах, цаашлаад өмч хөрөнгөөхөө хохирох явдал гарах болжээ.
Өчигдөр л гэхэд Налайх дүүргийн хоёрдугаар хороонд гарааш дотор “Гресс” загварын бага оврын автобусны хөдөлгүүр болон дугуйнууд, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд “Ковш” загварын ачигч автомашины хөдөлгүүрийн хэсэг, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Өлгийн 19 дүгээр гудамжинд 3.5х5.5 метрийн хэмжээтэй гараашийн дээврийн хэсэг, “Хонда фит” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг тус тус шатаж байсныг Аврах, гал унтраах 26, 28 дугаар ангиуд унтраасан байна.
Мөн энэ өдөр айлын байшин шатсан дуудлагууд нэлээд иржээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага Дарь-Эхийн гуравдугаар гудамжинд 00:40 цагт 2х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, эд хогшлын хамт, Налайх дүүргийн дөрөвдүгээр хороо Туулын хоёрдугаар гудамжинд 4х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 61 дүгээр гудамжинд 10х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг Аврах, гал унтраах 10, 28, 34 дүгээр ангиуд унтраасан байна. Дээврийн хэсгүүд шатсан гол шалтгаан нь гал их түлснээс яндангийн цонолт өгснөөс оч хаяж гарчээ.
Иймд ард иргэд дээр гал түймрээс сургамж авч, өөрийн эд хөрөнгөө галын аюулд өртүүлэхгүйн тулд сонор сэрэмжтэй байж гал түймрийн аюулаас болгоомжлохыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ