Монгол төрийнхөө их наадамд ес даван түрүүлсэн улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс наадмын өмнөхөн хэвлэлд бөхийн спортынхоо оргилд нь гарахыг хичээж буйгаа дурдан ярилцлага өгсөн байдаг.
Тэгвэл одоо П.Бүрэнтөгс ямартай ч төрийн их наадмынхаа оргилд нь гарч, Монгол Улсын Арслан цолтны тоог нэгээр нэмсэн төдийгүй аймгийн цолтноос шууд түрүүлсэн ховорхон түүхийн эзнээр тодроод буй. П.Бүрэнтөгсийн хүссэн оргил нь Монгол төрийн наадмын нэлээд хэдэн түрүү байж, түүндээ хүрэх болтугай хэмээн ерөөл талбиад түүний өмнө нь хэвлэлд өгч байсан ярилцлагыг хүргэж байна.
Түүний нэрийг бөхийн хүрээнийхэн андахгүй биз ээ. 2008 онд Увс аймгийн наадамд шөвгөрч аймгийн начин, 2010 онд Баян-Өлгий аймгийн наадамд түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн тэрбээр жил бүрийн баяр наадмаар улсын цол авах бөхийн тоонд зүй багтдаг юм. Түүнийг уншигчдтайгаа уулзуулъя.
-Үндэсний бөхөөр хэдэн жил барилдаж байна вэ? Яагаад энэ спортыг сонгох болсон бэ?
-Багын барилдах дуртай, ихэвчлэн ноцолдож явдаг, зурагтаар гарсан бөхийг алгасалгүй үздэг хүүхэд байлаа. Зургадугаар ангид орсноос хойш Увс аймгийн Улаангом сумын “Эрдэм оргил” цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Ш.Бат-Очирын удирдлагад үндэсний бөхөөр тууштай хичээллэж эхэлсэн. Монгол түмний бахархал, бидний уламжлалт өв соёл гэдэг утгаар нь бөхийг сонгосон.
-Наадмаас хойших барилдаануудыг эргэн харвал...
-Увс аймгийнхаа даншигт очиж их шөвөгт үлдэн С.Мөнхбат аваргын наадамд түрүүлсэн. Мөн Сэлэнгэ аймгийн наадамд дөрөвт үлдэж, Эрчим хүчний 90 жилийн ойд түрүүлсэн. Заал танхимын барилдаануудаас “Талх чихэр” компанийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд үзүүрлээд байна. Үүнээс гадна 3-4 барилдаанд шөвгөрсөн.
-Арслан маань хэдтэй вэ? Бөхчүүд дундаа нэлээд том биетэй харагддаг. Биеийн жин, өндөр хэд вэ?
-1988 онд төрсөн. Өндөр 192 см, жин 135 кг.
-Төрийн наадамд хэдэн жил зодоглоод байна? Хэд хэд давж байсан вэ?
-Гурван жил барилдаж байна. Өнгөрсөн жил гурвын даваанд Ч.Цогбаяртай тунаж унасан. 2010 онд Б.Сангисүрэн начинд, өмнөх жил нь Д.Лхагвадорж начинд тус тус өвдөг шороодож байсан.
-Багадаа чөлөөт бөхөөр барилдаж байсан гэсэн. Ямар амжилт үзүүлж байв?
-Гавьтай амжилт гаргаагүй ээ. Увс аймгийн аварга, залуучуудын улсын аваргаас мөнгө авч байсан.
-Одоо чөлөөт бөхөөрөө барилдаж байна уу...
-Одоохондоо үндэсний бөхөөр дагнан барилдаж байна даа.
-Бэлтгэлээ хаана хангаж байна? Ямар байгууллагын нэр дээр барилддаг билээ?
-“Увс нуур” дэвжээнд Г.Жамсран багшийн удирдлаган дор бэлтгэл хийдэг. ТЭЦ-4 компани, “Алдар” спорт хорооны нэр дээр барилдаж байгаа.
-Таны ихэвчлэн хийдэг мэх гэвэл?
-Голдуу сугадаж барилддаг. Тахимдах, шуудагнаас түрэх мэхийг бас хийнэ.
-Одоо улсын цол авахын төлөө барилдаж байгаа залуусаас таны хүчтэй өрсөлдөгч гэвэл...
-Бүгдээрээ цолны төлөө барилдаж байгаа болохоор бүгд миний өрсөлдөгч.
-Таны ирээдүйн зорилго юу вэ?
-Уулчин хүн ууланд авирахдаа заавал оргилд нь гардаг шүү дээ. Ажил хийвэл дуустал гэж үг бий. Нэгэнт бөхөд орсноос хойш оргилд хүрэхийг л хичээн хөдөлмөрлөж явна.
-Та зурагтаар бөх үзэх дуртай байсан гэж ярилаа. Бөхчүүдээс хэнийг дэмждэг байсан вэ?
-Багшийнхаа барилдааныг шимтэн үздэг. Мөн А.Сүхбат аварга шиг сайхан барилдах юмсан гэж боддог. Г.Өсөхбаяр аварга, Б.Ганбат арсланг дэмждэг байсан.
-Аваргатай багш шавь бололцоод хэдэн жил болж байна?
-Анх 2008 онд “Шонхор Олимп” сургуульд орсноос хойш өдий хүртэл багш шавь болоод явж байна даа.
-Арслан маань гэр бүлтэй болж амжсан уу? Хувийн амьдралаа бидэнд сонирхуулаач...
-Энхэр, охинтойгоо амьдарч байна даа. Охин минь ой гарантай.
-Ярилцсанд баярлалаа.
-Намайг дэмжиж тусалдаг ТЭЦ-4 компани болон “Тохир” компанийн хамт олонд баярлаж явдгаа хэлье.
Б.ЦОГТ-ОЧИР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ