
Дэлгүүр төрлөөсөө хамаарч олон янз. Хүнсний, хүүхдийн, барааны, брэндийн, комиссын, эрэгтэйчүүдийн, эмэгтэйчүүдийн, бүр том биетэй эмэгтэйчүүдэд зориулсан дэлгүүр ч бий. Энэ олон төрлийн дотор адуунд зориулсан бараатай дэлгүүр байх юм. Орж сонирхлоо, төрөл бүрийн амин дэм, эрч хүч оруулах бэлдмэл, иллэгний тос, халуун жин, хордлого тайлагч, хор гадагшлуулагч, ядаргаа тайлагч, цус төлжүүлэгч, харшлын тос, ханиадны ханд, нарнаас хамгаалах тос, ялаа шумуул үргээх цацлага, халдваргүйжүүлэгч, хазах хэмнэлэхээс сэргийлэх цацлага… Гайхалтай, адуунд зориулсан гэхэд муухан эмэгтэй хүнийхээс ч илүү тансаг хэрэглээ байна шүү. Эдгээр тос, цацлага, бэлдмэлүүдийн зориулалт, үнэ, найрлага, хэрэглэх зааврыг уншвал зарим талаараа инээдтэй ч ийм үнэтэй юм адуунд хэрэглэхдээ яах вэ дээ гэж халагламаар. Английн “Foran”, Германы “Leovet” фирмийн хурдан морь адууны эмчилгээ арчилгааны шилдэг брэнд бүтээгдэхүүн гэнэ. “Ханбүргэдэй” их дэлгүүр эдгээр бүтээдэхүүний Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютер юм байна. Телевизээр гардаг морин тойруулгын гялалзсан томсгууд эдгээр бүтээгдэхүүний үнэнч хэрэглэгчид юм гэнэ ээ.
Ёстой л “Түмний нэг” кинон дээр адгуус гэхэд арай дэндүү үнэ хүрч байна гэдэг шиг, адууны гоо сайхан, хурд хүчид зориулсан эдгээр бэлдмэл чамгүй үнэтэй, чамин юм. 500 граммын хөл амраах тос гэхэд л 28 мянган төгрөг. Булчингийн үйл ажиллагааг дэмжиж хөл амраах үйлчилгээтэй энэ тосны найралганд модны давирхай, байгалийн цэвэр тос ордог байх юм. Энэ жаахан юмыг дөрвөн туурайнд нь хэд түрхээд л дуусаа. Литрийн амьсгаа задлагч сироп гэхэд л 60-70 мянга байх жишээтэй.
Бас сонголт өргөн юм. Дэл сүүл цэвэрлэх, өнгийг сэргээх цацлага гэхэд таван төрөл байна. Хамгийн жуумалзмаар нь бидний бяцхан үрсэд зориулсан “Johnsons baby oil” шампуни найрлагадаа балжингарам цэцгийн хандтай гэж сурталчилдаг даа. Гэтэл адгуусны сүүл цэвэрлэгч бас балжингарам цэцгийн хандтай гэвэл яах уу. Бас будагтай, будаггүй үсэнд зориулснаар нь ангилдаг шиг хушганы самар агуулсан өнгийг сэргээх, нарнаас хамгаалах давхар үйлчилгээтэй цацлагагыг хар бараан зүсмийн адуунд зориулсан юм билээ. Тэгээд зүгээр ч нэг цацчихгүй, цацсаныхаа дараа төмөр самаар самнана, эсвэл багсаар түрхэх зориулалттай нь ч байх. Ер нь адууны гоо сайхан, эмчилгээний бүтээгдэхүүний орц найрлага, хэрэглэх зааврыг нь уншаад байвал нарийн ширийн юм ихтэй.
Энд уяачдын дунд бор витамин гэдгээрээ алдартай “Vit Min Active” гээд витамины иж бүрдэл байна. Витамин дутагдлыг нөхөх сэргийлэх, хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжих үйлчилгээтэй энэ бүтээгдэхүүний найрлагад 10 төрлийн витамин, найман төрлийн эрдэс бодис, цагаан гаа ордог гэнэ шүү. Бор витаминыг нас гүйцсэн адуунд 40 мл, бага насны адуунд 10 мл-ээр овъёосонд хольж нэг сарын турш өгнө гэх. Литр бэлдмэлийн үнэ нь тавин хэдэн мянга гэчихэв дээ.
Азарганы орооны бэлдмэлээс эхлээд зуны хурц нарнаас хамгаалах, тайвшруулах үйлчилгээтэй нарны тос хүртэл байна гээч. Найрлагад нь цэвэр байгалийн зөгийн лав тос байгаа ч гэх шиг. Тэгээд зүгээр ч нэг түрхэхгүй нимгэн түрхэнэ юм байна. Хүүхдийн эм, амин дэмийн бэлдмэл дээр л байдаг байх гэмээр заавар зөвлөмжүүд байх нь инээдтэй юм аа. Хөл амраах түрхлэгийг нуруу, цээж болон хөлөнд өдөрт 1-2 удаа нимгэн түрхэнэ, ханиаднаас сэргийлэх тэжээлийг цэр ховхлох, ханиад томууг намдаах, урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ. Хүүхэд хүрэхгүй газар, хуурай сэрүүн нөхцөлд хадгалах горим ч байна. Адууны хөлд зориулсан шархны хөвөн хүртэл байна. Шингээх чадвар сайтай, зөөлөн хөвөн нь адууны бэртсэн хөл болон шархыг боох зориулалттай ажээ. Угаалгын саван арьсны тос ч байх шиг. Ядаргаа тайлах тэжээлд нь алим, самрын тос, кальци, витамин C агуулгаатай.
Үнэтэй маягтай гэхэд үйлчлүүлэгч олонтойг яана. Мэдээж дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгчид нь төрийн наадмын магнайд торгон жолоо өргүүлдэг сайхан амьтдын уяачид. Тэд нэг худалдан авалтдаа дунджаар 500 мянган төгрөг зарцуулдаг юм байна. Энэ дэлгүүрийн гол бараа нь хурдан морины уяа сойлгыг тааруулдаг олон төрлийн эрдэсжүүлсэн тэжээл, хүч хурдыг нэмэгдүүлэх олон төрлийн амин дэм, эрч хүч оруулах бэлдмэл, туурайн иллэгний тос юм байна. Гэвч эдгээр гол бүтээгдэхүүн эрэлт ихтэй байгаа болохоор бараг дуусчээ. Дэлгүүр рүү ороход зөрөөд хэдэн хайрцаг бараатай уяач зөрж байв. Надтай хамт худалдаа хийсэн уяачын сурагласан бэлдмэлүүд ч ихэнх нь дуусчихаж. Өө хөөрхий, дууссан юм уу, оройтож ирлээ, тоогүй еэ, жоорныхоо юмыг гаргаач ээ гэж ирээд л халаглаад байв. Тэрээр амьсгаа задлагч, бор витамин, хөлний тос, ялаа шумуулны түрхлэг гэсэн дөрвөн бүтээгдэхүүн авахад л 200 мянга гаруй төгрөг болж байгаа юм. Уяач ялаа шумуулнаас хамгаалах тос авахдаа “Яршиг зүгээр түрхэдгийг нь авъя, цацдагийг нь авбал нүд ам руу нь ороод балай юм болно” гэхэд нь ямар хүүхэд бөөцийлж байгаа биш дээ гэсэн бодол орж ирж шоолон алдав. Худалдагч эртхэн ирэхгүй дээ, хурдан гүйдэг бараа ихэнх нь дууссан, долдугаар сарын сүүлээр л шинэ бараа ирнэ шүү дээ гэж тайлбарлаж байв. Түүнээс авсан бэлдмэлийг нь хэдэн өдрийн хэрэглээ вэ гэж сонирхоход “Литр бэлдмэл нэг адуунд 20 л хононо шүү дээ. Уяж байгаа бүх морьдоо ингэж арчлана гэвэл бүтэхгүй ээ. Амжилт гаргах найдлагатайдаа л өгнө” гэлээ. Харин би сонгосон бараагаа дараа ирж авъя гэхэд бараг дууссан байх болов уу, наадам дөхөхөөр уяачид шавчихдаг юм шүү дээ гэж зөвлөж байв. Ер нь алдартай манлай уяачид бол байнгын үйлчлүүлэгч гэнэ шүү.
Ямар ч адуу хүнсний нэмэлт бүтээгдэхүүн өгөхөд эхлээд дургүй байдаг гэнэ. Тэгээд тогтмол хэрэглээд эхлэхээрээ бүр нэхдэг гэнэ. Хайрцаг савыг нь хараад л тургиж, толгойгоо сэжилж янз, янз болдог гэж гэж уяачид худалдагчид хуучилдаг байх юм. Бэлдмэлийг овъёосонд нь хольж юм уу, завьж руу нь шпризээр шахаж уулгадаг юм билээ.
Хамгийн гол нь хурд хүч сэргээж байгаа юм чинь элдэв төрлийн допингийн хольцтой биш байгаа гэсэн хар төрж байгаа юм. Худалдагч бүсгүй “Хүн ядарч сульдахаараа амин дэмийн витамин уудаг шүү дээ. Тэрнээс ялгаагүй, ямар ч допинггүй бэлдмэлүүд” гэж тайлбарлаж байлаа.
Хөл, амьсгалын эрхтэнд зориулсан бэлдмэл бол төрөл төрлөөрөө. Глецирин, цэвэр зөгийн бал, витамин C, гааны тос, кали, гоньдны үрийн тос голдуу агуулсан амьсгалын замыг дэмжигч сироп ч юм уу, хүч тамир оруулагч, ясны өсөлт хөгжлийг дэмжих бэлдмэлүүдийг малын эмчийн заавраар өгдөг юм байна.
Хачин юм шүү хэр баргийн эмэгтэй хүн өөрийн гоо сайхандаа зориулж хангалттай мөнгө үрж чаддаггүй. Уяачид ч морио хурдлуулахын тулд үнэ хайрладаггүй юм байна, тэр хэрээр амжилт гаргаж, орлого олдог болоод л ингэж их мөнгө үрдэг байлгүй дээ.
Яг уралдааны үед түрхэх бэлдмэлүүд бас байна аа. Туурай халахаас сэргийлэх түрхлэгийн найрлагад Арника, Алое ордог байх юм. Тэмцээний турш түрхэнэ, харшил өгвөл түрхлэгийг зогсоох хэрэгтэй ч гэх шиг. Бас уралдааны үед хөл гэмтэхээс сэргийлж хамгаалах боолт хийж болох юм байна. Хүүхдүүд сагс тоглохдоо хөл гарандаа кист хийдэг шиг, мориндоо бас болох юм байна шүү.
Морьдод зориулсан дэлгүүрийн хамгийн сүүлд ирсэн шинэ барааг албан ёсоор танилцуулъя. Энэ бол вирус, бактер, мөөгөнцрөөс хамгаалж уушгийг эрүүлжүүлдэг “Zosfor” бэлдмэл. Цусны эргэлтийг сайжруулж, хүч тамирыг нэмэгдүүлж сэргээх үйлчилгээтэй. Уушгины хялгасан судасны ханийг тэжээлээр хангана гэнэ. Морьдыг амарч байх хугацаанд эхний нэг сар өгнө. “Zosfor” нь ерөнхийдөө аюулгүй боловч морьдыг уралдахаас өмнө гурван долоо хоногийн дотор өгч болохгүй гэж анхааруулсан байх юм. Мартах нь, үнэ 158 мянган төгрөг.
Ингээд бодоход наадмаар бид дотор, гаднаасаа гоёсон морь үздэг юм байна шүү дээ. Хөл шилбэндээ сэрүүцүүлэх, ядруулдаггүй үйлчилгээтэй тостой, балжингарамын хандтай “шампунь” хэрэглэсэн дэл, сүүлтэй, ядруулж сульдуулахгүй бэлдмэл уусан тийм хурдан морьд. Уяачид морьдоо морины хүүхдээсээ ч илүү хайрладаг гэдэг нь үнэний ортой байх аа. Ийм үнэтэй бүтээгдэхүүнүүдийг гар татахгүй авч байгаа юм чинь.
Энэ янзаараа морь цоллохдоо уяач, эздийг нь дуудахын ялдамд мөд ямар фирмийн бүтээгдэхүүн хэрэглэж амжилтад хүрч байгааг нь дурдах нь дээ. Торгон жолоо өргүүлсэн хүлэг минь “Foran”-ний тос түрхжээ…
Л.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ