Өнгөрсөн долоо хоногийн дэлхий дахины тойм

img

Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахины сонорыг дэлдийлгэсэн үйл ядал олноор өрнөлөө. Юуны өмнө Ливийн удирдагч Муаммар Каддафийн үхлийн талаархи мэдээлэл долоо хоногийн сүүлээр дэлхийн бүх хэвлэл мэдээллийн нүүр хуудсаар гарч байсан гэхэд хилсдэхгүй. 1969 оноос хойш Ливи орныг удирдаж байсан Муаммар Каддафийн эсрэг Ливийн сөрөг хүчний тэмцэл энэ оны эхээр эхэлсэн билээ. Улмаар Ливийн иргэний дайнд НАТО оролцож тус улсыг бөмбөгдөж эхэлсэн билээ. Энэ сарын эхээр хүчний харьцаа Каддафийн тал Триполи хотыг босогчдод алдсанаар эрс өөрчлөлт орсон юм. Улмаар Сирт, Бани Валид зэрэг Каддафид үнэнч цэргүүдийн сүүлчийн түшиц газруудад ширүүн тулаан үргэлжилсээр байгаа. Өнгөрсөн долоо хоногт босогчид Сирт хотыг дайран эзлэх үеэр хурандаа Каддафи шархдсан байдалтай олдсон бөгөөд улмаар шархаа даалгүй нас барсан тухай гэрэл зураг мэдээ мэдээллүүд ийнхүү дэлхий хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол бай болсон. Каддафигийн үхлийн дараа дэлхийн улс гүрнүүдийн удирдагч нар тус бүртээ санал бодлоо илэрхийлж хэвлэлээр мэдэгдэл гаргаж байлаа. Мөн НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Расмуссен Ливид явуулж буй НАТО-гийн цэргийн ажиллагааг зогсоосноо мэдэгдсэн билээ. Ийнхүү 42 жил Ливийг удирдаж дэлхийн геополитикийн тоглолтод идэвхтэй оролцож байсан Муаммар Каддафигийн үхлээр Ливийн иргэний дайн төгслөө. Гэхдээ өрнөдийн ажиглагчид Каддафийн үхлээр Ливийн асуудал дуусчихгүй хэмээн таамаглаж байгаа. Каддафигийн хүчээр атган тогтоож байсан Ливийн олон овог аймгууд нэгдрэн нягтарч ардчилсан улс болох уу аль эсхүл шариатын дэглэмтэй исламын улс болох уу мөн иргэний дайн омог хоорондын мөргөлдөөн болон хувирах уу зэрэг олон асуултын хариуг хэвлэлүүд олохыг оролдож байна. Мөн өнгөрсөн долоо хоногт дэлхий дахины анхаарлыг Муаммар Каддафигаас гадна Израйлийн армийн түрүүч Гилад Шарит татаж чадсан юм. Израйль болон Палестин улсууд ялтан солилцох зөвшилцлийн гэрээ байгуулж улмаар Гилад Шаритаар Палестины 1000 хоригдлыг солих болсон билээ. Энэ үйл явдал нь Ойрхи Дорнодын уур амьсгал нааштай болж байгаа мэт хандлага төрүүлж байлаа. Учир нь Палестин болон Израйль улсууд тэр болгоны асуудлууд дээр хэл амаа ололцож чаддаггүй билээ. Харин Герман болон Египет улсуудын зуучлалтайгаар явагдсан энэ ажиллагаа амжилттай явагдсанаар Ойрхи Дорнодыг баяр хөөрт умбуулсан юм. Хэдийгээр Гилад Шаритыг Тель-Авивыг ардын баатрын ёсоор ерөнхий сайд Беньямин Нетаньяху болон Гилад Шаритын аав зэрэг хүмүүс тосож авсан ч үүний зэрэгцээ Палестины Хамас бүлэглэлийнхний хийсэн дайралт болон зэвсэгт халдлагуудад ар гэрийнхнээ алдсан израйльчууд олон тооны палестинчуудыг суллаж байгааг эрс эсэргүүцэж байсан. Гэсэн ч Израйлийн засаг захиргаа тэдгээр иргэдийн ар гэрийнхний эсэргүүцлийг үл тоосон юм. Бидний мэдээлж байснаар эхний 457 хоригдлыг Палестины талд хүлээлгэн өгсөн бөгөөд энэ сарын төгсгөлөөр үлдсэн хоригдлуудыг сулах юм. Одоогоор нийт 5000 орчим палестинчууд Израйлийн шоронд хоригдож байгаа гэнэ. Улмаар Палестины ерөнхий сайд Махмуд Аббас израйльчуудтай дахин гэрээ хийхээр завдаж байгаа бөгөөд энэ удаа израйлийн нутагт бүх насаараа хорих ял авсан палестинчуудыг солилцоогоор авахыг хүсэж байгаа юм. Эдгээр үйл явдлуудын зэрэгцээ Грекийн эдийн засгийн хямралын улмаас Афин зэрэг хотуудад өрнөөд байгаа эсэргүүцлийн давалгаа цагдаа цэргийнхэнтэй тулгарсан мөргөлдөөн болж хувирсан мөн Тайланд улсад их хэмжээний үер усны байгалийн гамшиг болж буй зэрэг нь өнгөрсөн долоо хоногийн гол үйл явдлууд байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Turked gazar hedelsniig durdaagui l bna daa. Palestine-iig UNESCO-giin gishuuneer elsuulsen hiigeeed dutuu l bna daa
2011-11-05