Монголын хил дээр ашиглаж байгаа гадаад паспортын нууцлалын аргаас Солонгос улс татгалзжээ

img

Монгол улсын хил хамгаалах ерөнхий газар болон гадаадын иргэн харьяатын алба хамтран “Eddison” хэмээх дэлхийн олон улсын гадаад паспортын нууцлалыг шалгаж, хуурамч бичиг баримт илрүүлдэг системийг 50 сая еврогоор худалдан авч өнөөдөр хэрэглэж байна.

Харин Солонгос улс энэ системийг олон жилийн турш хилийн шалган нэвтрүүлэх хэсэгтээ ашиглаж хангалттай бус систем гэж үзэн 2002 оноос эхлэн өөрсдийн шинэ шалгах системийг бүтээжээ.

Солонгос улс нь олон улсын нислэгийн 8 нисэх буудалтай. Тэр дундаа Инчоны нисэх буудал нь хамгийн гол үүрэгтэй. Харин Далайн 16 боомт байдаг. Эх газраараа Хойд Солонгосын иргэд орж ирэх “Гусан”, Өмнөдийнхөн хойдруу хөрөнгө оруулахаар гарах “Дурасан” гэсэн боомттой. Улсын хэмжээнд нийт 36 цагаачлалын алба байдаг бөгөөд бүгд өөрсдийн зохион бүтээсэн хилийн шалган нэвтрүүлэх системийг хэрэглэж байна.

Инчон олон улсын нисэх буудал нь 2001 онд байгуулагдсан. Энэ үед 17 сая гаруй зорчигч үйлчлүүлж байсан бол 2009 онд 25 сая зорчигчид үйлчлүүлжээ. Хамгийн их үйлчлүүлдэг улс гэвэл Япон, Хятад, Америкийн иргэд.

Солонгос улсад ирж гарч байгаа хүмүүсийн 70 хувь нь Инчиноор үйлчлүүлдэг. Өдөртөө 63 дотоод гадаад зорчигч тээврийн компанийн 504 нислэгийг үйлдэж байна.

Дэлхийн 64 оронд Инчоноос шууд нислэг хийж байна.

Инчоны нисэх буудал нь 4 том хэсэгтэй. Хилийн шалган нэвтрүүлэх, бичиг баримтын зөрчил шалгах, хууль бус үйлдлийн шалгалт, зорчигчдын мэдээлэл шалгадаг байна.

Инчоны олон улсын нисэх буудлын ажилчин болвол 3 зүйлийг ямагт санах ёcтой болдог.

1. Ямар ч алдаа гарах ёсгүй. Хууль бус иргэд нэвтрэхээс өмнө таслан зогсоох 2. Шийдвэр хурдан гаргадаг. Зорчигчийг удаан хүлээлгэж чирэгдүүлэлгүй асуудлыг шийдвэрлэх. 3. Найрсаг үйлчилгээ үзүүлдэг.

Гадаад болон өөрийн орны иргэдийн паспортыг цахим аргаар шалгаж байна. Харин манай улсад хилийн ихэнх боомтуудад байцаагчид нь нүдэн баримжаагаар л тухай иргэн мөн эсэх хийгээд паспортын үнэн хуурамчийг нь тогтоодог.

Хэрвээ гадаад иргэд хуурамч бичиг баримтаар хил нэвтрэх гэж байгаад баригдсан болон хууль бусаар оршин сууж байсан бол торгууль хүлээнэ. Ингэхдээ визнийхаа хугацаанд Солонгост үлдэх боломжтой. Зайлшгүй албадан гаргах шаардлагатай гадаад иргэнийг эхлээд Солонгос улсаас гаргах тушаал өгдөг. Гарах сануулга: зөрчил хөнгөн тохиолдолд 5 өдөрт багтан гаргадаг. Ингээд  ч гарахгүй бол  гарах тушаал өгч, гадаад иргэн өөрөө гарах болон зардалаа өөрөө гаргах тохиолдолд 30 хоногийн хугацаа өгдөг. Эцэст нь хууль зөрчсөн гадаад иргэнийг баривчлан саатуулж, албадан нутагруу нь буцаана. 3-5 жилийн дотор эргэн Солонгост орох боломжгүй болгодог байна.

Солонгос улсын хэмжээнд хуурамч бичиг баримт илрүүлэх нь 2005 онд 4253 тохиолдол байсан бол 2009 онд тоо нь 3760 болж буурчээ. Хамгийн их хуурамч бичиг баримт үйлдэгчид нь Хятад, Тайланд иргэд байна. Ингэхдээ өөр хүний нэр, паспорт ашиглан зорчих зөрчил хамгийн их байгаа бол зураг солих, яг зөв мэт паспорт хуурамчаар үйлдвэрлэх, адил төстэй хүнийхийг хамаатныхаа паспортыг ашигладаг.

Солонгосын хилийн шалган нэвтрүүлж байгаа албан хаагчид илрүүлсэн нэг хуурамч бичиг баримтын тохиолдол бүрт нь 80.000 вонны шагнал авдаг учраас маш анхааралтай ажилладаг байна.

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Ц.Соёлмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хахах:
эд ихээ санаатай даа
2014-05-31