Путины урилга ба Тавантолгойн төлөөх Оросуудын шинэ сонирхол

img

Хойд хөршийн Засгийн газрын тэргүүний урилгын дагуух Монгол улсын Ерөнхий сайдын Москва дахь айлчлал сценарийн дагуу үргэлжлэн гурав дахь өдөртэйгөө золгож байна. С.Баярцогт, Д.Зоригт, Г.Занданшатар, Х.Баттулга, Л.Болд нарын танхимынхаа таван сайд дээр нэмээд ТӨХ, Цөмийн энергийн газар, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг гэхчлэн газруудын дарга нараа дагуулсан Ерөнхий сайдын айлчлалтай холбоотой протоколны мэдээллүүдэд өнөөдрөөс өөр өнгө аяс ороод байна. Хоёр тал олон асуудал дээр тохиролцож Путин их л найрсаг инээмсэглэж буй аж. Бүр их өрийн асуудлыг эцэслэн шийдэх асуудал дээр С.Батболд, Владимир Путин нар тохиролцож, бичиг баримтад гарын үсгээ зурсан тухай Оросын хэвлэлүүд мэдээлж байна.

Айлчлалын үеэр “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр, “Монголросцветмет” гэсэн Монгол-Оросын хамтарсан компаниудын зөвлөлийн хурал болж, ТӨХ-ны дарга Д.Сугар оролцсон юм. “Монголросцветмет”-ийн эзэмшилд байгаа Асгатын мөнгөний ордыг оросууд “их өр”-ийн барьцаанд авч, улмаар энэ барьцаа ашиглан “Монголросцветмет”-ийн өөрийн талын хувийг 51 болгох хүсэлтэй байгаа гэх мэдээлэл өөрчлөгдөж зөвлөлийн хурлаар Асгатын ордын асуудлыг хэлэлцэлгүй, их өрийн асуудлыг шийдэж, компанийн үйл ажиллагааг дүгнэж, ирэх онд зарцуулах хөрөнгийн хэмжээг тогтоох талаар яриа болсон.

Харин “Эрдэнэт” Уулын баяжуулах үйлдвэрийн зөвлөлийн хурлаар захирал Ч.Ганзоригийг солино гэсэн таамаг байсан. Тэгвэл хурлаар мөн энэ талаар хэлэлцэлгүй, “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн зэс боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр барих асуудлыг ярилцахыг илүүд үзлээ.

Ерөнхийдөө бол, “Эрдэнэт”, “Монголросцветмет” компаниудын үр ашгийг дээшлүүлэх нэмэлт арга хэмжээ боловсруулах тохиролцоонд талууд хүрчээ. Мөн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн санг тэнцүү хэмжээгээр хуваарилж, эхний ээлжинд ОХУ дүрмийн сандаа 125 сая ам.доллар оруулах манай саналыг хүлээн авсан байна.

Түүнчлэн, хоёр улсын хамтарсан “Дэд бүтцийн хөгжил” ХХК болон түүний түншүүд “Улаанбаатар төмөр зам”-тай холбогдох шинэ төмөр зам байгуулах ажилд оролцох нөхцөл, мөн манай улсаас уул уурхайн бүтээгдэхүүнийг ОХУ-ын алс дорнодын боомтуудад дамжин тээвэрлэх, түүний дотор төмөр замын урт хугацааны хөнгөлөлттэй тариф тогтоохтой холбогдсон асуудлуудыг ч тохиролцсон гэж байна.

Тэгэхээр, айлчлалын хүрээнд яригдах асуудлуудаас Дорнод-Уран хамтарсан үйлдвэрийн дараа бичигдэх сонирхолтой сэдвүүд ийн тохиролцооны дагуу шийдэгдсэн байна. Тэгвэл ихээхэн анхаарал татаж буй Дорнод-Уран хамтарсан үйлдвэр байгуулах зарчмын нөхцлийг ч бас л шийдчихжээ.

"Дорнод Уран"-д тэгш эрх эдлэх үү

Энэ оны аравдугаар сарын 29-ний өдөр ОХУ-ын “Росатом” улсын корпорацийн Ерөнхий захирал С.В.Кириенко тэргүүтэй төлөөлөгчдийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар хүлээн авч уулзан газар дор уусган баяжуулах аргыг хэрэглэн ураны хүдрийг олборлож, боловсруулах зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэр дэх ураны хүдрийн ордыг ашиглах Монгол-Оросын хамтарсан “Дорнод Уран” компанийг цаг алдалгүй ажилд нь оруулах, ураны салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар нарийвчлан ярилцаж, үндсэн зарчмуудаа тохиролцоод буцаасан. Хоёр тал хувь эзэмшлийн хэмжээн дээрээ тохиролцох нь гол асуудал болоод буй талаар яригдаж байсан ч, нэг ёсондоо зарчмын хувьд тохиролцсон хэлцэлээ, үзэглэх чиглэлийн ажил л үлдээд байсан нь баталгаажив.

Манай тал эзний хувиар 51 хувь дээрээ суух гэтэл, Орос ах нар адил тэнцүү 50:50 хувь гэж барьцаад байсан. Харин ураны салбарын эртний түншүүд хоёр улсын ерөнхий сайд С.Батболд, В.Путин нар 21 дүгээр зуунд илүү өргөн төвшинд хамтран ажиллахдаа, хэн нь илүү хожоотой байх вэ гэдэг асуудлыг дараах байдлаар шийджээ. Оросын РИА новости агентлаг “Монгол, Оросын талууд Дорнод-Уран хамтарсан үйлдвэрт тус бүр 21 хувийг эзэмших бөгөөд хяналтын багц буюу 58 хувь нь Монголын стратегийн ордууд дахь гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг хязгаарласан хууль гарахаас өмнө лиценз авсан Канадын Хан Ресоурс компанид ногдох аж” хэмээн мэдээлж байна.

Ер нь бол Оросууд стратегийн түүхий эд, ашигт малтмал, дэд бүтцэд хандах ашиг сонирхолоо сүүлийн хоёр жилийн хугацаанд тун хүчтэй илэрхийлж буй юм. Тухайлбал, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх сураг дэлхийн улс орнуудын анхааралд ид очиж байх үед хойд хөршийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Төрийн ДУМ-ын дарга нь дараалан Монголд айлчилж байв. Угтаа бол Оюутолгойд Оросын компанийг оруулах, төмөр замын асуудлыг Орост ашигтайгаар шийдвэрлэх, бас ураны төлөө тийн хөл алдсан юм. Түүнчлэн, Ерөнхийлөгч Дмитрий Медведев 2009 оны зун Монгол Улсад албан ёсоор айлчлахдаа уран дахь ашиг сонирхлоо албан ёсоор ойлгуулаад буцсан билээ.

Оросууд Монголын ураны салбарт хөрөнгө оруулах хүсэл сонирхолоо их гүрний дээрэнгүй зангаар илэрхийлэх хандлага ч байв. Дмитрий Медведевийн айлчлалын дараахан Оросын хэвлэлүүд “Манай ураны ордууд шавхагдаж байгаа, Тодорхой хугацаа өнгөрөхөд бидэнд уран дутагдаж эхэлнэ. Гэтэл бидний хажуу бөөрөнд, бүр манай геологчдын хүчээр судлагдсан ураны ордуудтай Монгол Улс байдаг. Яагаад тэнд эргэж очиж болохгүй гэж! Нөгөө талаар энэ нь манайх болон Хятадын дунд орших монголчуудын өөрсдийнх нь сонирхлыг ч маш ихээр татаж байгаа” хэмээн Монголд саатаад буцсан эрхэм ерөнхийлөгчийнхөө айлчлалын үнэн дүр төрхийг илчилж байлаа.

Даяаршлын асуудал эрхэлсэн хүрээлэнгийн захирал, эдийн засгийн ухааны доктор Михаил Делягин гэж нөхөр Монголын ураны хувь заяаг Оросууд шийднэ гэдэгт бат итгэлтэйгээр хандаж Монголд гурав дахь хөрш байх уу гэдэг асуудалд “Мэдээж хэрэг тэдэнд тийм ирээдүй гэрэлтэхгүй. Хятадын Шинжан-Уйгурын хэмээх өөртөө засах орон гурав дахь хөрш нь байж болох юм гэсэн үлгэрийг эс тооцвол шүү дээ. Хятадууд л гэсэн үг. Нөхцөл байдал одоо байгаагаараа үргэлжлэх юм бол Хятадын эдийн засгийн “түрэмгийлэл“ Монгол орныг үнэндээ нэг тийм эдийн засгийн хувьд ч, улс төрийн хувьд ч Дундадын нөлөө давамгайлсан газар зүй, засаг захиргааны тогтоц болгон хувиргана гэдгийг монголчууд өөрсдөө сайн ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл тэд хүчний тэнцвэрийг олно. Тэгэхээр бид бол хуучны нөхдүүд хэвээрээ байх болно” гэсэн агуулгатай зүйлийг хэлж байлаа.

Тодорхой хэлбэл, Оросын төр засгийн шат шатны албан тушаалтнууд нэг жилийн хугацаанд цуварч ирсний үр дүнд өнгөрсөн жил Монголын Засгийн газраас ураны салбарт хойд хөрштэй хамтран ажиллахаар байгуулсан хэлэлцээрийн дагуу Дорнод-Уран гэх хамтарсан компани байгууллаа. Харин С.Батболд ийнхүү В.Путины урилгаар айлчилж, тэд хамтарсан компанийхаа хувь заяаг шийдэж байна.

Оросуудад нүүрс уранаас дутуугүй хэрэгтэй

Харин одоо Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд хэлэлцэхээр тусгагдаагүй мэт харагдах асуудлыг хөндөе. Тавантолгойн ордын Цанхын баруун хэсэгт хөрөнгө оруулах стратегийн хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг албан ёсоор зарласан энэ үед Ерөнхий сайд ОХУ-д айлчилж байна. Гол нь нээлттэй тендерийг Арванхоёрдугаар сарын 8-ны өдөр зарласнаас хойш Тавантолгойд хөрөнгө оруулж, хувь эзэмших хүсэлтээ нэн даруй илэрхийлсэн улс нь Орос аж.

Араас нь Хятад, Энэтхэг, Солонгос улсууд хүсэлтээ ирүүлсэн байна. Нэг ёсондоо 2010 онд багтан Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг дуудах манай талын алхмыг анаж байсан, гадаадын улсууд ийнхүү түгжээ мултармагц довтоллоо. Ирэх оны нэгдүгээр сарын 17-ны өдөр хүртэл сонгон шалгаруулалтад оролцох компаниудын материалыг хүлээн авахаар нээлттэй зарласан тендерт шууд захиалагч байх уу, байвал хэн бэ гэдэг асуудал анхаарал татаж буй юм. Манай тухайд тендер зарладаг, тэгээд дур нь хүрвэл шууд хүчингүй болгодог уламжлал тогтохоо шахаад байгаа.

Монголын хөрөнгийн биржийг удирдах гадаадын багийг шалгаруулах тендерийг хүчингүй болгож, Лондонгийн биржтэй тохиролцсон асуудал яригдаж байтал, Тавантолгойн зүүн хэсэгт олборлолт хийх компанийн тендерийг мөн хүчингүй болголоо. Үүний ард тохиролцоо явагдлаа гэх байр сууриуд ч бас байна.

Түүнчлэн, 2008 оны санхүүгийн хямралаас болж том бизнесмэнүүд нь ядраад байсан тул Оросууд Тавантолгойн ордод хөрөнгө оруулж хувь эзэмших хүсэлдээ хориг тавьсан мэт харагдаж, тус ордоос олборлосон нүүрсийг жинхэнэ алт болгох дэд бүтцийн асуудлыг л атгахыг эрмэлзэж буйгаа илэрхийлж, тодорхой үр дүнд хүрээд байв. Тэгвэл одоо тэд барьцаа лавшруулж эхэлжээ.

Э.Болорхажид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ