Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах хуулийн төслийг дэмжлээ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр хуралдаж Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төсөл, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын Тогтоолын төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцлээ.
Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн үйлдвэрлэл нэмэгдэж байгаа хэдий ч бэлтгэн нийлүүлэлт, худалдах, худалдан авах тогтолцоо ченжүүдийн сүлжээгээр дамжиж боловсруулах үйлдвэртээ хүрч байгаа. Малчид, тариаланчид нь боловсруулах үйлдвэрүүдтэйгээ шууд харьцах боломж бүрдэхгүй байна. Судалгаанаас үзэхэд дэлхийн ихэнх улс орнууд мал, амьтан, ургамал, тэдгээрээс гаралтай түүхий эдийн зах зээлд учирсан дээрхи хүндрэл бэрхшээл, сөрөг үзэгдлийг “худалдааны сүлжээ бүхий төрөлжсөн зах ажиллуулах, эсхүл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бирж байгуулах” замаар шийдвэрлэсэн байдаг.
Иймд манай орны нөхцөлд тохирсон хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн үйл ажиллагааг иргэд, хувийн хэвшлийн санаачилга, үйл ажиллагаа, оролцоонд тулгуурлан явуулах бодит шаардлага тулгараад байгаа аж.
Байнгын хорооны гишүүд энэхүү хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж олонхи үзлээ.
Н.Цэндээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ