
Мөнгөний бодлогыг чангаруулсан хэвээрээ гэдгээ Монголбанкнаас өнөөдөр мэдээллээ. Инфляцийн төвшин ирэх саруудад улам өсөх прогноз байгаа тул үүдэн ирэх дарамтыг бууруулах, эдийн засгийн халалтыг сааруулж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах зорилгоор мөнгөний бодлогын хүүг 0.5 хувиар нэмэгдүүлж 12.25 хувьд хүргэхээр шийдвэрлэжээ. Он гарсаар Монголбанкны Захирлуудын Зөвлөл мөнгөний бодлогын талаар зургаа дахь шийдвэрээ гаргаж байгаа нь энэ юм.
Үндэсний Статистикийн Хорооны есдүгээр сарын мэдээгээр Хэрэглээний үнийн индексээр хэмжсэн инфляци улсын хэмжээнд жилийн 10.5 хувь, Улаанбаатар хотод жилийнх 11.9 хувьд хүрч өсөөд байгаа. Ерөөс инфляцийн өсөлтийн хурд нэмэгдэж, илүү олон бараа үйлчилгээг хамарч байна.
Төсвийн зардлыг ихээхэн тэлж, Хүний хөгжил сангаас бэлэн мөнгө олгож, зээлийн өсөлт хурдасч байгаа зэрэг нь нийт эрэлтийг нэмэгдүүлж байна. Нийт нийлүүлэлт болон эдийн засгийн бодит хүчин чадал дорвитой өсч амжаагүй байхад ийнхүү нийт эрэлт огцом өсөх нь суурь үнэ өсөх дарамтыг бий болгож байна гэлээ. Хүнснээс бусад барааны үнэ оны эхнээс тасралтгүй нэмэгдэн жилийн 11.3 хувь орчим хувьд хүрээд байгаа нь үүнийг нотолж байгаа үзүүлэлт аж.
Тэрчлэн 2011 оны төсвийн тодотгол, 2012 оны төсвийн төсөл нь мөчлөг дагасан шинжтэй байгаа бөгөөд нийт эрэлт, улмаар инфляцийн дарамтыг ихээр нэмэгдүүлэн макро эдийн засгийн тогтворгүй байдалд хүргэх эрсдэлүүд болж байна.
Мөн гадаад хүчин зүйлүүдийн зайлшгүй нөлөөллүүд байна. Европын улсуудын өрийн хямрал болон АНУ-ын эдийн засгийн өсөлтийн зогсонги байдал нь ирэх онуудад дэлхий нийтэд эдийн засаг, санхүүгийн таагүй орчинг бий болгох төлөвтэй байгаа тул ийнхүү Монгол Улсын Төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ