
Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойд зориулсан үзэсгэлэн Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын байранд 24-ний өдөр нээгдлээ. Уг үзэсгэлэнг энэ өдөр тохиодог НҮБ-ын өдрийг тэмдэглэх ёслолын ажиллагааны хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд энэ арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорн НҮБ-ын АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Ноэлин Хэйзерийн хамт манай үзэсгэлэнг сонирхов.
Үзэсгэлэнд НҮБ-д элсэх албан ёсны хүсэлтээ илэрхийлэн БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд Гадаад явдлын яамны сайд Х.Чойбалсангаас 1946 онд илгээж байсан захидал, 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр БНМАУ НҮБ-ын 101 дэх гишүүнээр элсэж төрийн далбаагаа НҮБ-ын байранд мандуулж буйгаас эхлээд 2011 оны 9 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБalt-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганд оролцож байгаа хүртэлхийг харуулсан түүхийн олон фото зураг гарган тавьжээ. Түүнчлэн дээрх үзэсгэлэнгээс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын Монгол Улсад хийсэн айлчлалууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудаас Монгол Улсад үзүүлж буй тусламж, манай Засгийн газраас НҮБ, түүний дотор АНДЭЗНК-той хамтран зохион байгуулсан арга хэмжээ зэрэг Монгол-НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаархи ойлголт мэдээллийг авах боломжтой.
Тайландын Вант Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан энэ үзэсгэлэнг монгол гэрийг тойруулан гаргасан нь олны анхаарлыг ихэд татаж байна. Үзэсгэлэн 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ