Хууль бусаар амьдарч байсан 10 монгол албадан саатуулагдаад байна
Монгол улсын 5000 орчим иргэд БНСУ-д хууль бусаар ажиллаж амьдарч байгаа гэсэн тоог албаны хүмүүс хэлдэг. Эдгээр иргэдээс өнөөдрийн байдлаар гадаад паспортоо хаяж үрэгдүүлсэн болон гэрээ (виза)-ний хугацаа дууссан ч нууцаар амьдарч байсан 10 гаруй Монголчууд Солонгосын цагаачлалын албаны албадан гаргахаас өмнөх түр саатуулах байранд саатуулагдаад байна.
Солонгос улсын хууль тогтоомжийг зөрчиж, хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа иргэдийн 90 гаруй хувь нь Хятад иргэд байдаг. Тиймдээ ч түр саатуулах байранд хоригдсон гадаадынханы ихэнх нь Хятадууд байна. Дараа нь Вьетнам, Тайланд, Монгол улсын иргэд хоригддог байна.
БНСУ-ын Албадан гаргахын өмнөх түр саатуулах байр нь 1992 онд Хууль зүйн яамныхаа харьяанд анх байгуулагдсан. Түүнээс хойш үйл ажиллагаагаа улам өргөжүүлж 1997 онд “Хуасон” түр саатуулах байр нэртэй болж, 2002 оноос одоогийн шинэ байрандаа үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.
Энэ албадан гаргахын өмнөх түр саатуулах байранд нэг зэрэг 1000 гадаад иргэн хүлээн авах багтаамжтай 61 өрөө (камер)-тай. үндсэн 94 ажилтантай. Хууль зөрчсөн гадаад иргэдийг хамгаалах 96 албан хаагчтай юм байна.
Өнөөдрийн байдлаар энэ байранд 300 гадаад иргэн саатуулагдаад байгаагын 10 орчим нь Монгол. Тэднээс 3 нь эмэгтэй, үлдсэн нь эрэгтэйчүүд байлаа. Түр саатуулах байрны Удирдлагуудын хэлтсийн дарга Ин Ён Чолийн хэлж байгаагаар албадан гаргахаар баривчлагдсан гадаад иргэдийг нутаг буцах хүртэл нь байранд тухтай байлгаж, аюулгүй байдал, эрүүл мэнд, хамгаалалт, эрх зүйн туслалцаа, зөвлөгөө өгдөг байна.
Мөн баригдахаасаа өмнө ажил хийж байгаад цалингаа аваагүй, амьдарч байсан газраасаа өөрийн эд зүйлсээ авчирч чадаагүй иргэдэд түр саатуулах байрны ажилтанууд туслаж шийдвэрлэж өгдөг.
Сардаа 120, өдөртөө 50 орчим хууль бусаар оршин сууж байсан гадаад иргэд баривчлагдан энэ байранд ирдэг. Ирсэнээс нь хойш 10 хоногт Солонгосын соёлд суралцуулж, нутаг буцах хүртэл нь бүх талын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна.
Жишээлэхэд нэг иргэнийг нутаг буцаахын өмнө түр саатуулах байранд байх нэг өдөрт багадаа 20.000-25.000 вонныг зарцуулдаг. Хэрвээ тухайн иргэн нутаг буцах зардалгүй бол Солонгосын засгийн газраас шийдвэрлэн онгоцны билет зэргийг авч өгдөг байна.
Түр саатуулах байранд байх хугацаандаа гадаад иргэд төмөр торон хаалганы цаана 8-18-уулаа нутаг буцталаа амьдардаг бөгөөд 7 хоногт 2 өдөр (камер) өрөөнөөс гарах боломжтой болдог. Мөн улс тус бүрийн шашны мөргөл өргөх боломжийг бүрдүүлсэн байна.
Магадгүй гэр бүл, найз нөхөд нь уулзахаар ирвэл тусгай өрөөнд шилэн хананы цаанаас утсаар ярих боломж олгож, зайлшгүй тохиолдолд батлан даалтын мөнгө төлүүлээд түр гаргадаг.
Төрөлх эх оронруугаа буцах хүсэлгүй иргэд түр саатуулах байранд байх хугацаандаа Солонгос улсад цагаачлах хүсэлт гаргадаг ч цагаачлах зөвшөөрөл нь 1-2 жилийн хугацаанд шийдэгддэг. Энэ хугацаанд саатуулах байранд байсаар 4 жил ч болох тохиолдол гарч байжээ.
Тэр ч бүү хэл нутаг буцах хүсэлгүй, Солонгос улсад ч амьдрах боломжгүй болж саатуулагдсан иргэд амиа хорлохыг олонтаа оролдож байжээ. Тэд амиа хорлох гэж хувцасаа урж олс ээрч, элдэв эм бэлдмэл уух, шил, хуванцарын хагархай зэргийг хэрэглэж байсныг саатуулах байрныхаа илрүүлэн хураан авсан байна.
Харин Монгол улсын иргэд саатуулах байранд байхдаа нэг ч удаа цагаачлах хүсэлт өдгөөг хүртэл гаргаж байгаагүй юм байна.
Албадан гаргахын өмнөх түр саатуулах байранд байгаа хууль бус гадаад иргэдийг 365 өдрийн 24 цагийн турш хяналтын камераар харж байдаг. Зугтах ямар ч боломжгүй тул нэг л баригдан саатуулагдсан бол нутаг буцахаас өөр аргагүй болдог байна.
Монголын гадаадын иргэн харьяат, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар болон тагнуулын ерөнхий газрын албан хаагчид саатуулах байртай танилцах үед саатуулагдсан Монгол иргэдтэй юм ярихыг хориглож, зураг авч, видео бичлэг хийхийг хориглож байсан юм.
Бүгд Найрамдах Солонгос Улсаас Ц.Соёлмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ