
НХХЯ, ҮХШХ, ҮСХ, МБТ, МҮЭ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлүүд багтсан “Үндэсний бүтээмжийг дэмжих хөтөлбөр”-ийн төслийг боловсруулах ажлын хэсгийн багийнхан Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК-ийн бүтээмж дээшлүүлэх “Өөрчлөлтийн менежментийн хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцжээ.
Тус станцын захиргаа үйл ажиллагааг сайжруулах, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, бүтээмжээ дээшлүүлэх нь зөвхөн техникийн шинэчлэлийн асуудлаар шийдвэрлэх нь хангалттай бус, компанийн ажилтнуудын санал санаачлага, зохион байгуулалтаас илүү их хамаардаг гэж үзсэний үндсэн дээр ажилтнуудын идэвх санаачлагыг өрнүүлж, ажилд хандах хандлагыг өөрчилж, байгууллагын соёл, бүтээмж дээшлүүлэх менежментийн шинэ арга хэрэгслийг хэрэгжүүлэх шийдвэр гарган ажиллаж байгаа гэнэ.
2006 оноос Монголын бүтээмжийн төв болон Япон улсын мэргэжилтэн судлаачидтай хамтран ажиллаж, компанийн хэмжээнд хөдөлмөр зохион байгуулалт, ажлын байрны эмх цэгцийг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй орчныг бүрдүүлэх, ажилтнуудын бүтээлч санал санаачлагыг дэмжин хэрэгжүүлэх, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх чадварыг дээшлүүлэх, өртөг зардлыг бууруулан, үр ашиг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн сахилга батыг сайжруулах зорилгоор “Ажлын байрны соёл 5С”,”Кайзен саналын систем” “Чанарын дугуйлан” зэрэг олон улсад хэвшсэн бүтээмж дээшлүүлэх арга хэрэгсэлд суурилсан “Өөрчлөлтийн менежментийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлжээ.
Хөтөлбөрийг хэрэгжүүлсэний үр дүнд өнөөдөр тус байгууллагын нийт 288 ажлын байрны 94 хувьд шинэ санал санаачилга гарган ахиц дэвшил гарч, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдал сайжирч, тогтвортой ажлын байрны тоо өссөн байна. Кайзен саналын системийг нэвтрүүлснээр ажилтнуудын бүтээлч санал санаачлага сүүлийн жилүүдэд 2 дахин өсч нийт гаргасан саналын 60 хувь нь хэрэгжиж үйлдвэрийн хэмжээнд 40 гаруй сая төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Түүнчлэн инженер техникийн ажилтнууд, ажилчдын санаачлагаар 22 чанарын дугуйлан байгуулагдаж 89 жижиг хэмжээний төсөл хэрэгжүүлсэн нь үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулан, үр ашгийг нэмэгдүүлсэн гэж байна.
Гэвч компанийн түвшинд бүтээмжийг нарийвчлан тооцон үнэлэх, технологийн бүтээмжийг сайжруулах, инновацийн тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр дараагийн жилүүдэд илүү төвлөрөн ажиллах шаардлагатай байгаа талаар болон бүтээмжийг дээшлүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар үйлдвэрийн удирдлагууд ажлын хэсгийнхэнд танилцуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ