
Үндэсний статистикийн газраас хүнсний гол нэрийн барааны үнэд судалгаа хийжээ. Судалгаагаар хүнсний бүтээгдэхүүн өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад нэг хувь, өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 1.4 хувиар буурчээ. Тухайлбал, энэ сарын 15-ны байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 4.5-4.7, ямааных 1.7 хувь, хониных 5.7 хувь, адууных 3.9 хувиар буурсан байна.
Тодруулбал, нэг кг хонины ястай мах дунджаар 7038, хонины цул 7675, үхрийн /ястай/ мах 7643 т, үхрийн цул 8788, ямааных 5720, адууны мах 6083 төгрөг байгаа юм. Мөн гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ны задгай 1-р зэргийн гурил 0.3 хувиар өссөн бол, савласан дээд гурилын үнэ тогтвортой байна. Харин элсэн чихрийн үнийг өмнөх сарын үнэтэй харьцуулахад 2.4 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна.
Цагаан будааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.5 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.2 хувиар өсчээ.
Мөн төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад лууван 26.1 хувь, төмс 16.8 хувиар өссөн бол, байцаа 36.8 хувь, сонгины үнэ 0.3 хувиар буурчээ. Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад байцаа 5.1 хувь, лууван 4.3 хувь, төмс 2.3 хувиар буурсан бол сонгины үнэ тогтвортой байна. Харин задгай сүүний үнэ 4.1 хувиар өссөн бол, нэг литрийн савлагаатай сүүний үнэ 1 хувь, 0.5 литрийн савлагаатай сүүний үнэ 6.1 хувиар буурчээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ