Монгол Оросын тав, таван гишүүдээс ТУЗ нь бүрдэх “Дорнод Уран”-ы 58 хувь хэнийх вэ?

img

Монгол,  Орос  хоёр “Дорнод уран”  хамтарсан үйлдвэрээ байгуулчихлаа.  Хувь эзэмшлийн хэмжээ   21:21:58 гэсэн харьцаагаар шийдэгдсэн гэгдэж буй ч,   манай  зүгээс   албан ёсоор мэдэгдээгүй гэдгийг хэлэх нь зөв биз.   Гэсэн ч Оросын   РИА Новости агентлаг     Монгол, Оросын талууд тус бүр 21 хувийг эзэмшиж,    58 хувь  нь  Канадын  “Хан ресорсез” компанид ногдоно.  Компанийн ТУЗ 10 гишүүнтэй байх бөгөөд хоёр улсаас тав, таван гишүүн бүрдүүлнэ.  Мөн  хоёр улсын хамтарсан үйлдвэрийн олборлох нийт ураныг экспортод гаргах боловч ОХУ руу гаргахгүй гэх мэдээллийг дамжуулсан.    Харин     Цөмийн  Энергийн  Газрыг  олон улсын Арбитрын шүүхэд өгөхөө мэдэгдсэн   Канадын  “Хан ресорсез”  компанид  58 хувь нь   ногдоно гэх мэдээлэл эргэлзээ дагуулж байна.

“Дорнод-Уран” хамтарсан компанийн олборлолт  явуулах Дорнод аймгийн нутагт орших  24 мянга орчим тонн   буюу Монголын хамгийн их  ураны нөөцтэй Дорнод   ордын     ашиглалтын лицензийг Монгол,   Орос  улстай  хамтарч  “Төв Азийн уран” компанийг байгуулсан  “Хан ресорсез”  компани эзэмшиж байсан.   “Төв Азийн уран”  компанийн  58 хувийг “Хан ресорсез”  үлдэх 42  хувийг   Монгол, Оросын  төрийн өмчит компаниуд тэнцүү хуваан эзэмшдэг.

Гэхдээ өнгөрсөн хэдэн сарын турш  “Хан ресорсез”   компанийн зүгээс  Монголын төр Оросын захиалгаар  эрх мэдлийнхээ сүрийг үзүүлж     “Дорнод-Уран”-ы орд  дахь   ашиглалтын лицензийг  булаан  авч, хүчингүй болгосон хууль бус үйлдэл хийсэн тухай ярьж байгаа юм.   Чингэхдээ   “Монгол  улс  Цөмийн Энергийн тухай хуулийг баталж,   Цөмийн энергийн газар уран болон цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой  аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэж лицензийг нь шинээр олгоно гэсэн үүднээс    2009   оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсад олгосон бүх ураны хайгуулын болон ашиглалтын лицензийг хурааж авсан.

Тухайн үед  лицензийн  бүртгэлийг шинэчлэх зорилготой хэмээн тайлбарласан  ч, бусад компанийн лицензийг эргүүлж өгөөд манайхыг өгөөгүй.  Манайх лицензээ бүртгүүлэх санал тавьсан ч хүлээж аваагүй. Эцэст нь лиценз эзэмших эрхийг хууль бусаар цуцалсан.   Хэрэв лиценз цуцлах ёстой гэж үзсэн бол эхлээд тухайн компанийн нэр дээр шинэчилсэн бүртгэл хийгээд дараа нь цуцлах ёстой.

Шинэчилж бүртгүүлэхээр өгсөн лицензийг бүртгэхээс татгалзаж, улмаар шууд цуцална гэдэг бол байж болохгүй үйлдэл...  Манай компанийн хувьцааг Оросын талаас төрийн өмчит  “Атомредметзолота”  компани худалдаж авах санал дэвшүүлэхэд Монголын төр ямар ч байр суурь илэрхийлээгүй. Гэтэл Хятадын CNNC групп манайхаас хувь эзэмших хүсэлтээ тавихад үүнийг улстөржүүлж, “Хан ресорсез”-ын лиценз хүчингүй гэдэг гэнэтийн мэдэгдэл хийсэн”  гэж хэлдэг.

Энэ нь  Монголын тал Оросыг илүү дэмжсэн алхмаа хийсэн гэж харагдаж байв.   Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Цөмийн энергийн газар Канадын компанийн  хооронд зарга үүсч, шат шатны шүүх дээр асуудал яригдсан.

Харин Цөмийн Энергийн Газраас хариу мэдэгдэл гаргахдаа   “ Хан ресорсез” ХХК, “Төв азийн уран” ХХК-иуд нь шүүхийн шийдвэрийг олон нийтэд буруу мэдээлж, төрийн захиргааны байгууллага буруутай мэт ойлголт өгч, өөрсдийн зөрчил дутагдлыг хавхавчлах, олон нийт болон өөрийн компаний хувьцаа эзэмшигчдийг хууран мэхэлсэн туйлын хариуцлагагүй үйлдэл гаргаж байгаа бөгөөд хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллахгүй, төрийн хууль тогтоомжийг үл хүндэтгэж байгаад эмзэглэж байна. Иймд дээр дурдсан компаниудын тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэж олгох боломжгүйг албан ёсоор мэдэгдэж байна “ гэсэн юм.

Мөн  “ Хан ресорсез”  Монголын уранаар барьцаа болгон Олон улсын хөрөнгийн биржид 48 сая ширхэг хувьцаа гарган арилжихдаа, нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр борлуулах ёстой хуулийг,   Аж ахуйн  тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудыг удаа дараа зөрчсөн.  Хэрэв тус компани хууль зөрчсөн алхмуудаа засаж залруулсан  бол,  лицензийг нь сэргээхэд бэлэн байсан”  гэж тус газраас мэдэгдэж байлаа.

Тэгэхээр Дорнод-Ураны 58 хувийг эзэмшинэ гэгдэж буй    “Хан ресорсез”-ыг Монголын тал хүлээж авахгүй гэдгээ удаа дараа илэрхийлсээр ирсэн мөртлөө, Ерөнхий сайд Оросод айлчилж  хамтарсан үйлдвэрээ байгуулж   ТУЗ-ийн гишүүд нь Орос, Монголын талаас тав, таван эрхэм байна гэдгийг  тодорхой болгохдоо     Монголын хуулиар   “эзэнгүй” болгочихоод буй  58 хувиа  “Хан ресорсез”-д хаяглаж гэрээнд гарын үсэг зурсан   нь хачирхалтай байгаа юм.

Засгийн газрын тохируулагч агентлаг  тус компанитай хамтрахгүй, тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэж олгох боломжгүй гэж  мэдэгдсэн нь Засгийн газрын байр суурь билээ.  Ер нь    Монголын хамгийн их  ураны нөөцтэй Дорнод  ордод Оросуудыг эргүүлэн авчрах бодлогыг сүүлийн жил гаруй хугацаанд  засаг барьсан нь олон зүйлээр баталгааждаг. Тухайлбал,  ТӨХ-ны дарга Д.Сугар урантай холбоотой асуудлаар юу өгүүлж байсныг хүргэе.

Тэрбээр  “Орос бол яах аргагүй өндөр технологитой, олон жилийн туршлагатай. Гэхдээ тэднээс дутахгүй орчин үеийн технологи канадуудад  бий. Гэхдээ энд энэ ордыг ашиглаж, бэлэн болгоод хувиа хэн нэгэнд зараад, хамтарч ажиллах сонирхол байгаа л байх.   Тэгэхээр Оростой хамтаръя, дээр нь “Тошиба” компанид технологи, нөөц нь байгаа, үүнийг ашиглая, мөн Канадуудтай хамтарч ажиллая гэсэн төлөвлөгөө Төрийн өмчийн хороонд байсан юм. Гэтэл орос түншүүд маань  нэлээн шургуу яриад “Канадыг шахаад гаргачихъя. Орос-Монгол” 51:49-өөр хамтраад явъя гэсэн санал тавьж байгаа. Орос манай чухал хөрш, улс төр эдийн засгийн гүнзгий холбоотой гээд харах юм бол энэ саналыг нь анхаарахгүй байж болохгүй байх. Гэхдээ Ерөнхий сайд Канадад очоод “Бид цаашдаа Канадын загвараар хөгжье” гээд хэлчихсэн... Гэхдээ Оросын талын дарамт шахалтаар манай удирдлагын хэмжээнд ч гэсэн тэдний саналыг хүлээж авах хандлагатай хүн байдаг л даа. Тэгэхдээ  бид дүрэм, олон улсын хуулийнхаа дагуу ажиллах ёстой. Тэгээд ч эхний маргаанд л манайх ялагдчихсан шүү дээ. Олон улсын шүүхэд очиход улам хэцүүднэ. Цаашлаад Монгол Улсад ер нь хөрөнгө оруулах хэрэг байгаа юм уу, үгүй юм уу гэдэг ноцтой байдал үүснэ.  Тэгээд ч Канадтай хамтрахад бидэнд их ашигтай байх боломж гарсан юм. Бид хуулиараа Монголын хувь 51 байх ёстой гэсэн шаардлагаа өгчихсөн байгаа. Тэгэхээр манай 21 хувь 51 болохын тулд Канадын 58-аас, Оросын 21 хувиас авна. Үр дүнд нь Канадынх 36, Оросынх 13 болох юм. Канадууд үүнийг зөвшөөрсөн, Оросын тал зөвшөөрөхгүй байгаа юм ”   гэх зүйлийг  ярьж  байв.

Мөн 1981 онд   Оросууд Дорнод ордыг манай талд  хүлээлгэж өгөөд, хууль зүйн хувьд асуудалгүй,  бидний оролцоо одоо байхгүй гээд явсан мөртлөө  29  жилийн  дараа “Бид эхлээд нээсэн биз дээ” гэж түрий барих болсон.  Канадууд уурхайнхаа операторын ажлаа өөрсдөд нь өгчихвөл Канадын толгой компанийнхаа  17 хувийг манайд шилжүүлэх боломжтой гэсэн ч, боломжийг ашиглаж чадаагүйдээ харамсаж буйгаа ТӨХ-ны дарга ярьж байсан юм.  Тэр  Оросын талын байр сууриас болоод  тийн харамсах байдалд хүрч буйгаа  нуугаагүй.

Түүнчлэн  Цөмийн Энергийн Газраас Канадуудтай хамтрахгүй гэдгээ тодорхой  мэдэгдсэнээс   үзэхэд  Канадын загвараар хөгжих асуудлаа манай тал хойш нь тавьжээ гэж  ойлгогддог. Мөн  ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин Монголын ураны салбарт хамтран ажиллах асуудлаар Японы талтай тохирчихсон. Нэг ёсондоо  “Канадыг шахаад гаргачихъя” гэсэн Орос түншийн хүсэл биелэлээ олсон мэт харагдаж байтал, 58 хувь Канадынх гэх мэдээлэл  Оросын хэвлэлүүдээр  гарч эхлэхэд эргэлзээтэй нүдээр харах нь зүй ёсны юм.   Москвагаас хэдийдээ тэдэнтэй тохиролцоо хийчихэв гэдэг нь анхаарал татаж байна. Эсвэл Монгол Орос хоёр ханцуйдаа тохирчихоод  зориуд ийм мэдээлэл гаргав уу. Тийм байлаа гэхэд, тэр нь тийм ч хол явахгүй билээ. Тэгэхээр эргэлзээ дагуулсан  21:21:58 гэсэн харьцааг их ойлгомжтойгоор тайлбарлаж,  чухам аль тал нь давуу эрх эдлэх болчихоод буйг   ойлгуулж  өгөхийг Засгийн эрхмүүдээс хүсэх байна.

Э.Болороо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ