ТУЗ-д нь Англи, Америк эрхмүүд багтсан “Эрдэнэс Тавантолгой”-н Гүйцэтгэх захирлын суудалд Б.Энэбиш сууна

img

Тавантолгойн орд газрын Цанхийн баруун хэсэгт олборлолт явуулах стратегийн хөрөнгө оруулагчдыг   дуудаж буйгаа   нээлттэй зарласан   “Эрдэнэс  МГЛ” компанийн захирал   Б.Энэбиш  “  “Эрдэнэс Тавантолгой”  компанийг үндсэнд нь байгуулчихсан,  Улсын бүртгэлд бүртгүүлэх шатандаа явж байгаа, ТУЗ нь  томилогдсон. Харин ТУЗ-ын анхны хурлаар  Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтын үнэлгээг  хэлэлцэж, албан ёсоор шийдвэрлэх байх” гэж байсан.

Гэхдээ  Улсын бүртгэлд бүртгүүлээгүй  компанийн  ТУЗ-ийг түрүүлээд  томилчихсон нь  хачирхалтай асуудал. Гэсэн ч албаны хүмүүс   Тавантолгойн  бүтээн байгуулалт л урагшилж байвал энэ  мэт нь  дараачийн асуудал гэсэн  байдлаар  тайлбар хийж ирсэн.    Мөн ТУЗ-ийг байгуулсан хэрнээ, гишүүдийн нэрийг нууцалж байв. Тэгвэл энэ долоо хоногт ТУЗ хуралдаж Гүйцэтгэх захирлаа сонгон томилох учраас ТУЗ-ийн гишүүдийн  нууц  нэрс тодорлоо.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ  ТӨХ-ны дарга Д.Сугараар удирдуулах аж.  Харин түүний командад     ТӨХ-ны дэд дарга О.Эрдэнэбулган,  Эрдэнэс МГЛ компанийн гүйцэтгэх   захирал Б.Энэбиш, ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын газрын дарга А.Эрдэнэпүрэв ,   Сангийн яамны Төсвийн бодлогын газрын Орлогын хэлтсийн дарга Ж.Ганбат, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат,  Ж.Батзандан   нарын  зургаан монгол, мөн Америк, Англи эрхмүүд нийлсэн найман хүн ажиллах аж.

Тэгэхээр  экспортын нүүрсээ ачихад бэлэн гэж буй  Эрдэнэс МГЛ  ирэх сарын 17-ны өдөр хүртэл стратегийн хөрөнгө оруулагч болохын төлөө өрсөлдөх компаниудын материалыг хүлээж авч, улмаар сонгон шалгаруулсны дараа охин компанидаа үүрэгт ажлыг нь хүлээлгэн өгнө гэж байна.  Харин  “Эрдэнэс МГЛ”-ийн захирал Б.Энэбиш охин компанийнхаа  захирлаар томилогдох нь тодорхой болсон гэх мэдээлэл байгаа юм. Мөн ТУЗ-д  Ж.Батзандан орсон нь анхаарал татаж буй.  Тэгвэл түүнийг улстөрөөс хараат байж чадах иргэний нийгмийн төлөөлөл гэдэг үүднээс нь сонгож томилсон гэх мэдээлэл  байна.  Гэхдээ шар зангиагаа Ардчилсан намын батлахаар сольж чадсан  түүнийг улстөрөөс хараат байж чадна гэдэгт ихээхэн эргэлзмээр билээ.

Ер  нь   бол  Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах  сонирхол зөвхөн бидэнд хамаатай биш.    Тус ордын  Цанхийн  баруун хэсэгт  хөрөнгө оруулах   стратегийн хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалт зарлагдсан даруйд  Орос,  Хятад, Энэтхэг, Солонгос улсууд хүсэлтээ ирүүлсэн бол шинэ саналууд нэмэгдэж буйг албаны хүн хэлж байгаа юм.  Тэгвэл  манай тал шинэ тендер зарлахынхаа өмнөхөн  Тавантолгойн зүүн хэсэгт олборлолт хийх  олборлогчийн тендерийг хүчингүй болгосон.  Тэгвэл хоёр  он  солигдоход  10-аад хоног л үлдээд байгаа энэ үед “энэ ондоо багтаад дахиад тендер зарлана”  гэж хэлж байгаа юм.

Цаашлаад стратегийн хөрөнгө оруулагчдыг 17-ны өдрийг хүртэлх хугацаанд бүртгэнэ гэхээр Тавантолгойн орд газар бүхлээрээ эргэлтэд орох зам шуударч байгаа харагдаж буй юм.  Гэхдээ  энэ том төслийг дагасан их олон эрх ашигууд яваа нь тодорхой юм.  Тэрчлэн      тендерт       шууд захиалагч байх уу, хэнд илүү найр тавих бол гэж харж байгаа хэсэг бий билээ.      Тавантолгой ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах асуудлаарх яриа хэлэлцээр өмнө нь  хоёр удаа болж байсан. Харин тендер зарласан манай тал оролцогч компаниудад  дараах байдлаар    шалгуур тавьж байна.

Шалгаруулалтад оролцох компани тус талбайд ажиллахдаа  төслийг хэрэгжүүлэх дэлгэрэнгүй төлөвлөгөө буюу  уурхайн асуудлыг хэрхэн шийдэх, тоног төхөөрөмж, борлуулалтаа яаж хийх, уурхайтай холбоотой дэд бүтцийн асуудал буюу нүүрс угаах үйлдвэр, цахилгаан станц, усны хангамжийн системд яаж оролцох, байгаль орчны нөхөн сэргээлт, ажилтнуудыг сургалтын асуудал, хөдөлмөрийн аюулгүй байдал    зэрэг бүхий л нөхцлөөр дэлгэрэнгүй материалаа ирүүлэх ёстой.  Төслийг  ямар эх үүсвэрээс санхүүжүүлэх  вэ,  өөрийн эх үүсвэр үү,  эсвэл өөр эх үүсвэрээс бүрдүүлэх үү гэдгээ тусгах ёстой.  Мөн  эх үүсвэр нь баталгаатай юу, төслийн тооцоог урьдчилсан байдлаар хэрхэн үнэлж байна, борлуулалтаа яаж хийх юм гэх зэргээр зах зээлийн судалгаагаа хийсэн байх хэрэгтэй гэж байгаа.

Мэдээж Тавантолгой улстөрчдөд их өгөөж өгөх учиртай.  2011 оны төсөвт тусгасан хишиг хувийг тараахын тулд  тус тус ордод хөрөнгө оруулах, олборлолт явуулах гадаадын компаниудаас  авах  хэд хэдэн төрлийн  урьдчилгаа төлбөрөө бушуу түргэн авах ёстой болоод байгаа.   Тиймээс урьдчилгаа төлбөр өгөх чадамжийг нь харна гэж буй билээ.

Э.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ