Японы төлөөлөгчид МТҮП-тай танилцлаа

img

Энэ сарын 18-ны өдөр INI компаний урилгаар хүрэлцэн ирсэн дэлхийн тоглоомын зах зээл дээр тэргүүлэх байр суурьтай Японы Бандай намко компаний төлөөлөгчид  Мэдээллийн технологийн үндэсний парктай танилцах уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтанд Мэдээллийн технологийн үндэсний паркын удирдлага, ажилтнууд, ухаалаг гар утасны программ хангамж хөгжүүлэгч бэлтгэх үйл ажиллагааг зохион байгуулсан технологийн судлаачид, сургалтанд хамрагдаж хөгжүүлэгч болсон суралцагчдын төлөөлөл, Ай Эн Ай ХХК-ийн удирдлага, ажилтнууд, Мэдээллийн технологийн үндэсний паркын инкубаторт бойжиж байгаа мэдээллийн технологийн чиглэлийн үйл ажиллагаа эрхлэж буй 19 компаний удирдлага оролцов.

Уулзалтын үеэр Монгол, Японы мэдээллийн технологийн салбарын өнөөгийн байдал болон цаашдын зорилтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хамтран ажиллах чиглэлүүдээ ярилцлаа. Ялангуяа ухаалаг гар утасны програм хангамж хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхол хоёр талд маш их байна.

Дэлхийн гар утас хэрэглэгчдийн тоо эрчимтэй өсөж 5 тэрбумыг даваад байна. Гар утас нь зөвхөн яриа хийх, мессеж бичих хэрэглээнээс өөр төрөл бүрийн хэрэгцээнд тохирсон програм хангамж, дуу, хөгжим, зураг гээд олон төрлийн шинэ үйлчилгээнүүд буюу агууламжийн бизнес хурдацтай хөгжиж байна.

Гар утасны агууламжийн хэмээх шинэ төрлийн бизнес өнөөдрийнхөөс илүү өргөн хүрээний үйлчилгээ, зар сурталчилгаа болон мэдээлэл солилцооны шинэ зах зээлийн орон зайг үүсгэж, дэлхийн олон орон энэ бизнес рүү уралдан хошуурч байна. Асар өргөн, гайхалтай хурдан, ер бусын хүртээмжтэй тархац бүхий энэхүү шинэ боломж бололцоог монголчууд яаж ашиглаж, хэрхэн “чулуу болгох вэ”?

МТҮП нь 2010 онд энэ зах зээл дээр ажиллах боловсон хүчин бэлтгэх зорилготой сургалтын зохион байгуулсан ажээ. Цаашид сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулах болон нэгэнт бэлтгэгдсэн боловсон хүчнийг ашиглах, илүү үр дүнтэй бизнесийг бий болгох, анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Энэхүү сургалтын зорилго нь даяаршлын эрэн үед Монголын ирээдүй болсон оюутан залуус, мэргэжилтнүүдийг Apple iPhone, Google android-ыг дэлхийн тэргүүлэх орны мэргэжилтнүүдтэй адил төвшинд судлаж эзэмших хүсэл зоргийг төрүүлж, тэднийг гадаад зах зээл дээр амьдрах чадвартай программ  бүтээхэд туслаж, улмаар Монгол улсынхаа хөгжил дэвшлийн хүчирхэг хөшүүрэг болгох явдал юм.

Н.Батаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ