
Манай бизнес эрхлэгчид энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээс 2011 оны 11 дүгээр сарын 5 хүртэлх хугацаанд Хөнгөлөлтийн ерөнхий системийн дагуу АНУ-ын зах зээлд нийлүүлсэн барааныхаа гаалийн татварыг буцаан авах эрхтэй болсон талаар АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээ ирүүллээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама АНУ-ын Хөнгөлөлтийн ерөнхий систем /ХЕС/ -ийн хөтөлбөрийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг 2013 оны 7 дугаар сарын 31 хүртэл сунгах тогтоолд гарын үсэг зураад байна.
Ингэснээр энэхүү тогтоол 2011 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн үйлчилж эхлэх бөгөөд дэлхийн хөгжиж буй 129 орон тус хөнгөлөлтийг үргэлжлүүлэн эдлэх эрхтэй болж байна. Уг тогтоолын төслийг 9 дүгээр сард Конгресс хэлэлцэн дэмжсэн юм.
АНУ-ын Хөнгөлөлтийн ерөнхий систем /ХЕС/ нь 3400 нэрийн барааг гаалийн татваргүйгээр АНУ-д экспортлох эрх олгох замаар дэлхийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн хөтөлбөр юм. 2010 оны байдлаар хөгжиж буй орнууд уг хөтөлбөрийн хүрээнд 22.6 тэрбум ам.долларын бараа АНУ-д оруулсан нь тус улсын импортын дөнгөж 1.2 хувийг эзэлж байгаа юм.
Манай улс америкийн энэ хөтөлбөрт 1999 оноос өнөөг хүртэл хамрагдаж байна. Тиймээс дээр дурдсанчлан эрхээ авч байна гэсэн үг.
АНУ-ын ХЕС-ийн хүрээнд “A” or “A+” мэдүүлгийг цахим хэлбэрээр бөглөж гаалийн бүрдүүлэлтээ хийсэн бол гаалийн татвар төлсөн үнийн дүнг бараа импортлогчдод автоматаар олгоно. Бусад тохиолдолд тухайн компани АНУ-ын Гааль, хилийн боомтын хамгаалалтын газар /U.S. Customs and Border Protection (CBP)/-т бичгээр өргөдөл гаргаж, төлсөн гаалийн татвараа нөхөн авах боломжтой аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ