
Хэд хоногийн өмнө Египетийн хэвлэлээр 83 настай экс Ерөнхийлөгч Хосни Мубаракийн зүрх зогссон тухай мэдээлэл цацагдсан юм. Энэ нь бодит байдалд нийцэхгүй байна хэмээн Каир хотын Олон улсын клиникийн төвийн эмч нар онцолжээ. Учир нь Х.Мубарак амьд байгаа бөгөөд тус эмнэлэгт одоо ч хэвтэж байгааг дурдьжээ.
Тэрээр Ливийн экс удирдагч нас барсан тухай мэдээлэлд ихэд цочирдсон тухай мэдээлсэн байна. Олон арван жил анд найз нь байсан М.Каддафийн цогцсоор Ливийн үндэсний шилжилтийн зөвлөлийн босогчид хэрхэн даажигнаж буйг харсан тэрбээр эхэр татан уйлсан гэнэ. Тиймээс эмч нар түүнд тайвшруулах эм нэмж өгчээ.
Өнгөрсөн хоёрдугаар сарын дундуур төрийн эрхийг 30 гаруй жил барьсан Х.Мубаракийг огцрохыг шаардан жагсаал болж, Египетийн эрх баригчид хүч хэрэглэн жагсаалыг тараахыг оролдож байсан билээ. Энэ үеэр хэдэн зуун хүний амь үрэгдсэн юм. Уг хэрэгтэй холбогдуулан Египетийн шүүх Х.Мубарак, түүний хөвгүүд болон бусад төрийн дээд түшмэдийг буруутган хорьж байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ