
Засгийн газрын энэ оны 262 дугаар тогтоолын дагуу Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн авто замын барих-ашиглах-шилжүүлэх төрлийн онцгой эрх олгох концессын гэрээнд Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Ар Ди Си Си ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чулуунзоригт нар гарын үсэг зурлаа.
Энэ чиглэлийн хатуу хучилттай авто зам барих концессын гэрээ нь Концессын тухай хуулийн дагуу байгуулагдаж байгаа хоёрдахь гэрээ бөгөөд авто замыг барьж байгуулахад 2 жил, ашиглаж, үйл ажиллагаа явуулахад 15 жил нийт 17 жилийн хугацаатай байх юм. Гэрээний хугацаа дуусахад авто замыг төрийн өмчид үнэ төлбөргүйгээр шилжүүлэх ба энэ хугацаанд улсын төсвөөс ямар нэгэн санхүүгийн дэмжлэг, баталгаа гаргахгүй аж.
Төслийг хэрэгжүүлэхэд концесс эзэмшигчээс нийт 98 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийх бөгөөд ашиглалт, үйл ажиллагаанаас гарах эрсдэлийг концесс эзэмшигч өөрөө бүрэн хариуцах юм.
Тус зам нь Өмнөговь аймгийн Нарийнсухайтын уурхайгаас Шивээхүрэн хилийн боомтын хооронд 47.5 км, 2 урсгал, 4 эгнээтэй жилд 40 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай авто зам байна.
Төслийн авто замыг Нарийнсухайт, Овооттолгойн ордуудад олборлолт явуулж буй МАК, Чинхуа МАК, Саусгоби сэндс ХХК-уудийн уурхайнууд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаандаа ашиглах аж.
2014 он гэхэд дээрх уурхайнууд нь бүтээгдэхүүн олборлолтоо 18.5 сая тонн болгож одооныхоос 60 орчим хувиар нэмэгдүүлэх төлөвтэй байгаа бөгөөд төслийн зам нь дээрх гурван уурхай болон цаашид шинээр уул уурхайн болон бусад бүтээгдэхүүний тээвэрлэлт хийх компаниудын тээвэрлэлтийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой юм байна.
Тус зам ашиглалтад орсоноор бүс нутгийн уул уурхайн компаниудад бүтээгдэхүүн олборлолтоо нэмэгдүүлж экспортлох таатай боломж үүсэх ба тэр хэмжээгээр улсын төсөвт төлөх аж ахуйн орлогын албан татварын дүн нэмэгдэж нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг стандартын хатуу хучилттай авто замаар хийснээр байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөлөл багасаж байгаль хамгаалах асуудал дээр тулгамдаад буй тоосжилт болон бусад асуудлыг шийдвэрлэхэд онцгой хувь нэмэр оруулна гэж талууд үзэж байна.
Төслийн зам барилгын ажлын үед 200 хүртэл барилгын өндөр мэргэжлийн болон туслах ажилтан энэхүү бүтээн байгуулалтын ажилд оролцох бөгөөд үүний 100 хүртлэх ажилтан нь орон нутгийн иргэд байна.
Концессын гэрээнд гарын үсэг зурах ёслолд Tөрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын газрын дарга Б.Заяабал, Ар Ди Си Си ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чулуунзоригт болон албаны бусад хүмүүс оролцлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ