Дэлхийн хүнсний хомсдол: Монголд энэ хамаатай юу?

img

Хүнсний хямрал гэж юуг хэлээд байна? 33 сая толгой малтай, цөөхөн хүнтэй манайх шиг улсад дэлхийн хүнсний хямрал ямар хамаатай юм бэ, энэ бол тэр Африкын олон сая хүнтэй ядуу улсуудын санаа зовох асуудал гэж зарим хүн бодож болох юм. Гэтэл энэ нь хамаатайгаар барахгүй манай улсын шийдвэрлэх ёстой олон асуудлуудын дээгүүр тавигдах хэмжээнд хүрчээ. Хүнсний хомсдолын үзүүлэлтүүдээр дэлхийн улсуудтай харьцуулахад Монгол улс маань тийм ч сайн дүн авахгүй байна. Тэгэхээр хүнсний хямрал гэж юуг хэлээд байна вэ? Товчоор бол дэлхийн хэмжээнд яг одоо өлөн зэлмүүн амьдарч байгаа 1 тэрбум хүн байна. 7 хүний 1 нь гэсэн үг. Өөрөөр хэлбэл ядуу улс орнуудын, тэр дундаа дэлхийн ядуу иргэдийн хувьд 1. Хүнсний олдоц муу. 2. Хүнс худалдан авч чадахгүй байдал 3. Хүнс нь байвч хэрэгцээтэй газраа хүрч чадахгүй байгаа байдал нийлээд хүнсний хямрал болдог. 2050 он гэхэд дэлхийн хүн ам 9.1 тэрбумд хүрч, хүнсний хэрэгцээ 70 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоог НҮБ-ийн Хүнс хөдөө аж ахуйн байгууллага (FAO) гаргажээ. Хүнсний хямрал яагаад үүсдэг вэ? Хүнсний хямралын гол хүчин зүйлүүд: Цаг агаарын өөрчлөлт, экологийн доройтол, хүн амын өсөлт, шатахууны үнийн өсөлт, мах болон сүүн бүтээгдэхүүний хэрэглээний өсөлт, био шатахууны зорилгоор хүнсний зориулалтын газрыг ашиглах явдал, үйлдвэрлэл, хотжилт гээд энэ бүхэн хүнсний хямрал болоход тус бүрийн нөлөөг үзүүлдэг. Хүнсний хямрал болж байгаа нь олон улсын хүнсний үнийн хэлбэлзэлээр хамгийн тод бас хурдан илэрдэг. Хүнсний үнийн хэлбэлзэл нь хүнс тээвэрлэхэд зайлшгүй хэрэгцээтэй байдаг шатахууны үнийн өсөлттэй шууд холбоотой байдаг. Дээр нь улс орнуудын хэмжээнд тухайн хүнсний нөөц багасахын хэрээр тэр хүнсний бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ хөөрч байдаг. Мөн хүнсний хангамжийн шок буюу цочролууд хүнсний үнийн хэлбэлзэлд том нөлөөтэй. Цочрол нь ган гачиг, хүчтэй салхи, үер гэх мэт байгалийн гамшиг, цаг агаарын огцом өөрчлөлт байж болно. Жишээлбэл 2010 онд Орост болсон хэт халалтын улмаас тус улсын буудайн нийлүүлэлт 40 хувиар буурснаас болж хойд хөрш маань экспортын хориг тавьж байсан. Үүнээс болж дэлхийн буудайн үнэ 50 %-иар огцом өсч, харин 2011 оны зун тэр хориг хүчингүй болоход дэлхийн буудайн үнэ 4.6%-иар буурчээ (Financial Times). Хүнсний хямрал Монголд яаж нөлөөлж байна вэ? Монголд харин дээр өгүүлсэн цочрол яаж нөлөөлсөн нь 2011 онд 23%-иар өссөн гурил, гурилан бүтээгдэхүүний үнэнээс харагдана. (World Bank) Уг нь бол Монгол Улс энэ мэтийн гэнэтийн зүйлээс хараат биш байхын тулд 2008 оноос эхэлж Атрын 3-р аяныг хэрэгжүүлсэн. Гэхдээ хичнээн дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангахаар буудай тариалсан ч гэсэн импортын гурилын тарифаа нэмээгүй учраас дэлхийн буудайн үнийн хэлбэлзэлд хүчтэй өртсөн. Ингээд харахаар дээрх шиг цочролууд хэзээ хаана болохыг хэн ч урьдчилж мэдэх аргагүй. Зөвхөн энэ энгийн жишээнээс ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр манай улс хүнсний үйлдвэрлэлээ жинхэнэ утгаар нь хөгжүүлэхэд дорвитойхон хүч гаргаж бас хажуугаар нь улсаас бодлогоор хийх зохицуулалтаа сайн хийх хэрэгтэй. Ингэж чадвал дэлхийн хүнсний хямралд өртөмтгий хөгжиж буй орнуудын нэг байхаа больж харин хүнсний зах зээлийн үнэнд нөлөөлж чадахуйц орон болох бүрэн боломжтой. Монгол Улсын хүнсний хангамжийн статистикийг 2010 оны байдлаар харахад бид сүүн бүтээгдэхүүн, гурил, хүнсний ногооны хувьд бол хүн амынхаа хэрэгцээний дийлэнх хувийг тэр дундаа дотоод үйлдвэрлэлээрээ хангадаг болчихжээ (ХХААХҮЯ). Харин жимс жимсгэнэ, будаа, өндөг,ургамлын тос гэсэн бүлэг хүнсний хувьд импортоор оруулж ирдэг хэмжээ нь хүн амынхаа хүнсний хэрэгцээг бүрэн хангадаггүй бас эдгээрийн дотоодын үйлдвэрлэл ч маш бага байдаг нь харагдана. Нэг хүнд ногдох өдрийн хүнсний хангамж килкалориор (kcal/capita/day) бол Монгол хүнийх 2285 буюу байвал зохих хэмжээнээс доогуур байна. Дэлхийн хүнсний байгууллагын стандарт бол 2550 kcal/ capita/day байдаг (FAOSTAT). Нэг Монгол хүнд ногдох өдрийн уургийн хэмжээ 72 гр буюу дэлхийн орнууд дотроо дундажаас доогуур жагсаж байна. Бид хүн амынхаа махны хэрэгцээний зөвхөн 77.2 хувийг хангаж байгаа нь энэ үзүүлэлттэй салшгүй холбоотой. Тийм ч учраас манай улс энэ оны 3 сараас эхлэн махны экспортыг хязгаарласан нь хүнсний хямралаас бага ч болов гарах арга зам юмуудаа. Монгол дундаж өрх орлогынхоо 40%-ийг өдөр тутмын хоол хүнсэнд зарцуулдаг гэсэн судалгааг Мercy Corps Mongolia гаргажээ. Гэтэл өндөр хөгжилтэй улсуудын энэ үзүүлэлт нэг оронтой тооноос хэтэрдэггүй. Монгол улсын нийт хүн амын 27 хувь нь хоол хүнсний хомсдолтой гэж НҮБ-ийн Хүнс хөдөө аж ахуйн байгууллага үзсэнд гайхах юм алга (FAO). 2008 онд Хүнсний асуудлаар болсон Дэлхийн хэмжээний уулзалт дээр Монголын ХХААЯ-ны төлөөлөгч илтгэхдээ: “Хөгжилтэй орнууд амбицлахаа больж буурай орнуудаа харж үзэх хэрэгтэй, Монгол бол хүнсний хямралд өртөж байгаа олон буурай орнуудын нэг” гэсэн утгатай уриалга гаргаж байсан. Ингэж өөрсдийгөө өрөвдүүлэх гэж суухын оронд Монгол Улс дотоодын хүнсний үйлдвэрлэлээ хөгжилтэй орнуудын стандартад хүртэл хөгжүүлж чадвал бид дэлхийн хүнсний хямралыг бууруулахад хувь нэмрээ оруулна, энэ тал дээр дэмжээрэй гэж хөрөнгө оруулалт авах талын хүсэлт гаргаж байвал дээр байлаа. Учир нь Дэлхийн Банкнаас хүнс хөдөө аж ахуйн салбарт зориулан 2012 оноос эхлэн жилд 8 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт олгохоор төлөвлөөд байгаа (World Bank). Монгол Улс хүнсний үйлдвэрлэлээ бүрэн гартаа авч дэлхийн хэмжээний хүнсний үнийн өсөлтөөс хараат бус болох маш өндөр боломжтой. Бид ингэж эдийн засгийн тогтвортой байдлаа нэмэгдүүлэхээр зорихдоо, экологийн цэвэр хүнсээр дотоодын хүнсний хэрэгцээгээ бүрэн хангаад, мөн дээр нь ойрын ирээдүйд дэлхийн хүнсний зарим нэг гол бүтээгдэхүүний зах зээлийн үнэнд нөлөөлдөг экспортлогч орон болохыг үгүйсгэхгүй. Б.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ