
Будант Альбионы Премьер лигийн аравдугаар тойргийн тоглолтууд өчигдөр явагдлаа. Нийт найман тоглолт явагдаж дууссан ба өнөөдөр Тоттенхэм Куинс Рэйнжерс, маргааш Сток Сити Ньюкастл клубууд тоглолт хийснээр аравдугаар тойрог өндөрлөнө.

Өмнөх тойрогт түүхэндээ байгаагүй гутамшигт хожигдол амссан Манчестер Юнайтед Эвертоны цэнгэлдэхэд зочлон тоглож Чичаритогийн 19 дэх минутад хийсэн гоёмсог гоолын ачаар хожил авлаа.
Ингэснээр МанЮ хоёрдугаар байраа хадгалан үлдсэн бол Эвертон 16-р байрандаа үлдлээ.
Өчигдөр болсон тоглолтуудаас олны анхаарлыг хамгийн ихээр татаж байсан нь Челси Арсенал клубуудын тоглолт байлаа.
Тоглолт үнэхээр гайхалтай болж өнгөрсөн. Тоглолтын эхний гоол Фрэнк Лампардын унаж мөргөсөн цохилт 14 дэх минутад орсон юм. Стэмфорд Бридж цэнгэлдэхэд энэ тоглолт болсон бөгөөд 36 дахь минутад нисдэг Ван Перси тоог тэнцүүлж улам өрсөлдөөнтэй болж эхэлсэн.

Улмаар 45 дахь минутад Челсигийн капитан Жон Терри 2:1 болгосон хэдий ч удсан ч үгүй Их буучдын Андре Сантос тоог тэнцүүлсэн. Улмаар гайхалтай тоглолт үзүүлж байсан их буучдын зүгээс Уолкотт 55 дахь минутад тооны харьцааг 3:2 болгосон.
Гэсэн ч талбайн эзэд 80 дахь минутад тоог тэнцүүлж 3:3 болгон Стэмфорд Бриджийг доргиосон. Энэ гоол Хуан Матагийнх байлаа.
85 дахь минутад багийн ахлагчдын дуэл болсон гэж болно.
Энд Терри хальтарч унан бөмбөгөө алдахад нь Робин Ван Перси Питер Чехийн хаалганд бөмбөгөө хөнгөхөн шигтгэснээр тоо 4:3 болсон. Үлдсэн цөөн минутад Челси тоог тэнцүүлэхээр улайрч довтолсоор эцэст нь Робин Ван Перси энэ тоглолтод хет трик хийж тоглолтыг дуусгасан. Ийнхүү найман гоолтой гайхалтай тоглолт Премьер лигийн аравдугаар тойргийг чимсэн юм. Ван Персигийн хүчин зүтгэл ийнхүү хоёр тойрог дараалан багаа хожилд хүргэснээр Арсенал лигийн хүснэгтэд долдугаар байрт жагсаж байна.
Chelsea v Arsenal by YaHUu


Өнгөрсөн тойрогт улаан чөтгөрүүдийг талбайд нь бут ниргэсэн Манчестер Сити Уолверхэмптонийг 3:1-ээр илүүрхэн хожсон юм. Эдин Жеко, Коларов, Жонсон нар Манчестерийн талаас гоолдсон бол талбайн эзэн клубээс Хант гоол оруулсан.
Ингэснээр Манчестер Сити 28 оноотой таван оноогоор тасарч лигийг тэргүүлсээр байна.
Норвик Сити Блэкберн 3:3, Сандерлэнд Астон Вилла 2:2-оор тэнцэж Сванси Сити Болтонг 3:1-ээр, Фулхэм Уиганыг 2:0-ээр, Ливерпуль Уэст Бромвичийг 2:0-ээр тус тус хожсон юм.
[gallery link="file"]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ