
XIII зууны монголчууд нүүдлийн иргэншлийн өвөрмөц ахуйгаа дагасан байгальтай нягт уялдсан аж ахуй эрхлэх ёс, амьдралын хэв маягийн онцлог хэлбэрийг бий болгожээ. Түүнд зохицсон байгаль эх дэлхий, тэнгэр, газартаа суурилсан гүн ухааны сэтгэлгээний олон зууны өв уламжлалыг давхар бүтээн туурвисан байна. “Чингис хаан” дээд сургуулийн доктор (Ph.D) профессор Д.Болд-Эрдэнэ “Мөнх тэнгэр”-ийн гүн ухаан төр ёсны үзэл сэтгэлгээтэй холбогдох нь бүтээлдээ” монголчуудын гүн ухааны олон талын язгуур үндсийн дотроос “мөнх тэнгэр”-ийн гүн ухааны дотоод мөн чанар, онцлог, түүний төр ёсны сургаалтай холбогдох харилцан хамаарлын асуудлыг хөндөн авч үзсэн билээ. Мөн XIII зууны монголчуудын гүн ухааны сэтгэлгээний онцлогийн тухай академич Г.Лувсанцэрэн бичихдээ “Байгальтай зохицсон аж төрөх ёсны нэг илрэл нь тэнгэр, газрын нэгдлийг голчоор баримтлах үзэл, дадал болно. Газар дэлхий, агаар тэнгэр хоёр үзэгдэл үйлчлэлийн нягт уялдаатай, байгалийн нэгдмэл цогц болох нь ойлгомжтой. Түүгээр зогсохгүй байгалийн бүрдэл хэсэг болсон хүн, түүний үйл ажиллагааг ч уг нэгдэлтэй холбон үздэг байв” гэсэн сонирхолтой дүгнэлт дэвшүүлжээ.
Хүн төрөлхтөний философи сэтгэлгээний түүхэнд байгаль, түүний тодорхой бодит үзэгдэл, үйл явцтай нягт холбоотой байж, тэдгээрийг номлол үндэслэлийнхээ гол чиг баримтлалаа болгодог гүн ухааны хэлбэрийг бодит үзэгдлийн оршихуйн гүн ухаан буюу натурфилософи хэмээн оноон томъёолдог. Чухамдаа натурфилософийн монгол маягийн хэлбэр нь XIII зууны монголчуудын гүн ухааны сэтгэлгээний ерөнхий дүр төрх, хэв загвар нь болж байжээ. Натурфилософид суурилсан философи үзлийнх нь онол, номлолын суурь үндэс, гол хэлбэр нь тэнгэр шүтлэгийн гүн ухааны үзэл байсан гэж үзэх үндэстэй. Энэ нь монголчуудын язгуурын шүтлэг болох бөө мөргөлийн шашин философийн үзэлтэй нягт холбоотой хөгжиж ирсэн нь тодорхой байдаг. Бөө мөргөлийн гол шүтээн нь онгод, онгон сахиус бөгөөд тэрхүү онгодын гол илэрхийлэл нь тэнгэр мөн аж.
Мөнх хөх тэнгэр бол ертөнцийг бүтээгч эзэн бурхан тэнгэр биш. Харин юмс үзэгдлийг гардан бүтээгч бус, харин биежин бүтэх зүй жамыг чанадаас дан дамжиг (заяаж) байдаг учраас ерөнхий шүтээн мөн. Энэ тухай профессор Л.Лоренц “Мөнх тэнгэр бол ердийн утгаараа бурхан тэнгэр ч биш, эзэн сахиус ч биш. Мөнх тэнгэр юмсын гадна хамгийн дээр оршиж байдаг” гэжээ. Иймл мөнх тэнгэрийн өмнө “дээд”, “дээр”, “өндөр” гэсэн тодотголыг хэрэглэдэг. Нөгөө талаар “Хөдлөхийн дээд хөх тэнгэр”, “Хөдлөх бүгдийг заяасан тэнгэр” гэдэг нь орчихуйн дээд буюу эрчим хөдөлгөөний жам ёсыг дохиолж байдаг гэсэн утга буюу мөнхийн хөдөлгөөний хууль ажээ. Мөн бөө нарын ойлголтоос улбаалан дээр хөхрөгч тэнгэрийг бүхэлд нь “огт-оргүй-зүйл” гэсэн санаагаар “огторгуй” хэмээн нэрлэх болжээ.
Судлаач Х.Сэлэнгээ дорнын гүн ухаантан Дандаа хэмээгч Дэмчигдоржийн арга, билгийн ёсны философийг эш үндэс болгон “Мөнх хөх тэнгэр нь монголчуудын үнэт зүйлс болохын хувьд хүрээлэн буй бодит зүйлээс огт хамаарахгүй. Учир нь мөнх хөх тэнгэр нь оюуны ертөнц болохын хувьд ухамсар танин мэдэхүйн хязгаарын цаана байх шинжтэй, туйлын төгс мөнх ойлголт юм” гэжээ. Дээрх судлаачдын дүгнэлтээс үзвэл “мөнх хөх тэнгэр”-ийг оюун санаа, оюун санааны ертөнц гэж ойлгох нийтлэг хандлага ажиглагдаж байна.
“Мөнх тэнгэр”-ийн дараагийн гол үндсэн шинж нь бүхнээс дээгүүр оршигч, бүхнийг нөхцөлдүүлэгч туйлын, түгээмэл шинж юм. Энэ шинжийн тухай академич Г.Лувсанцэрэн “Мөнх тэнгэрийн тухай ойлголт нь бүхний язгуур болж, бүхэнд түгээмэл байдаг, энэ утгаараа бүхнийг “амилуулан” шимэлж өгдөг түгээмэл чанарыг илэрхийлнэ. Ийнхүү мөнх тэнгэрийн тухай үзэл бол бөө мөргөлийн олон тэнгэрт ёсноос дээш гарсан онол болох юмс” гэсэн байдаг бол доктор Ч.Жүгдэр “Тэнгэр хэмээх ойлголтод байгалийн харагдах ба үл харагдах бүх хүчийг хамруулан үзэж байсан бөгөөд эхлээд тэнгэрийг газар, усны нэгэн адил тодорхой үзэгдлийн утгаар шүтэж байснаа сүүлдээ харагдах тэнгэрээс үл харагдах хийсвэр тэнгэрийг шүтэхэд хүрсэн байна” гэсэн байдаг.
Эндээс “мөнх тэнгэр” нь жирийн хөх тэнгэр, газар дэлхийгээс илүү гарсан байгаль, нийгмийн ахуйн хийгээд сэтгэхүйн бүхий л үзэгдлийн хөгжлийн ерөнхий жам ёсыг бүхэлд нь тодорхойлогч, бүхний үндэс болсон анхдагч эхлэл юм гэж дүгнэн хэлж болохоор байна. Мөнх тэнгэрийн чухал шинж нь байгаль, нийгэм, сэтгэхүйн үзэгдлийн хөгжлийн жам ёсыг тодорхойлон нөхцөлдүүлэгч түгээмэл хууль гэдэг утгаараа монголчуудын оюун санааны хүч авах эх ундарга, аливаад ялан дийлж, зоригжин гэгээрэх сэтгэл зүйн хүчирхэг түлхэц өгөгч шинж юм.
“Мөнх тэнгэр”-ийн гүн ухаан эртний монголчуудын төр ёсны үзэл сэтгэлгээний суурь үндэс болж байсан гэдэгтэй хэн ч маргах аргагүй. Тиймээс ч “мөнх тэнгэр”-ийн гүн ухаан, төр ёсны үзэл сэтгэлгээ нь харилцан бие биеэ нөхөн сэлбэж, нөхцөлдүүлж байсан нь тодорхой байна. Монголчууд эрт үеэс хүн төрөөс гадна орших боломжгүй “хүн ахтай, дээл захтай”, “хүн тэнгэрийн дор төрж, төрийн дор амьдарна” хэмээн үзэж, хүчирхэг төрийг тогтоон хэрэгжүүлж, төр засахуйн ухааныг хөгжүүлж ирсэн байна. XIII зууны Монголын төр, эрх зүйн сэтгэлгээний тулгуур эх сурвалжийг нягтлан үзвээс “төр” гэдэг ойлголт орчин цагийн агуулгаар хэрэглэгдэж байгаагүй бололтой. Тэр үед төрийг “ёс”, “улс”, “хаан” хэмээх ойлголттой хамаатуулан үзэж байжээ. Монголчууд төрийг нэгдүгээрт ёс журмын илэрхийлэл, хоёрдугаарт улсын хууль ёсны илэрхийлэл, гуравдугаарт эзэн хааны эрх мэдлийн илэрхийлэл хэмээн ойлгон төсөөлж байжээ.
Хэдий тийм боловч “Монголын нууц товчоо” болон “Хөх судар”-т “Эрхэм өршөөлт сайн эзэн улсын эрдэнэ. Эрхт ухаант сайн түшмэл төрийн эрдэнэ” гэх зэргээс үзвэл XIII зууны үед “улс” гэдгийг хүн ард, нутаг дэвсгэр, засаг эрх мэдэл хэмээх гурван гол ойлголттой холбон үзэж байсан бөгөөд засаг эрх мэдэл гэдгийг ерөнхийд нь “төр” гэдэгтэй, харин “хаан”-ыг төрийг төлөөлөн, түүний эрх мэдлийг хэрэгжүүлэгч гол хүн гэдэг агуулгаар ойлгож байсан нь тодорхой байна. Тиймдээ ч монголчууд “улсын дотор төр буй, төрийн дотор ёс буй” хэмээхийн дээр төр ёсыг баригчийг улсын эзэн хэмээн ойлгож байжээ. “Мөнх тэнгэр” нь төрийг бүтээсэн биш, харин төрийн үйлс, хийморийг нь тэтгэгч хүчирхэг “энерги”, оюуны түлхэгч хүч болдог байна.
Үнэхээр ч монголчууд Мөнх тэнгэрийн философийн үүднээс эзэн хаанаа тэнгэр язгууртай хэмээн домоглож, үйл ажиллагааг нь мөнх тэнгэртэй холбож, төр, төр ёсоо дээдэлж иржээ. Тэнгэр язгууртай төрж, тэнгэрийн тааллаар оршиж, их үйл хэргийг бүтээж, тэнгэртэй харилцаж байгаа тэнгэрийн элч-эзэн хаан, түүний төрийг тахин шүтэж, улмаар хүчтэй, нэгдсэн төрийн үзлийг бий болгосон байна. Мөнх тэнгэрийг шүтэх үзэл төрийн хүндэтгэл, бэлгэдэл билэгдлийн дээд болсон төрийн туг, сүлдэнд гүн гүнзгий шингэсэн байдаг. Монголын төрийн эрх, хүч чадлын бэлгэдэл нь төрийн тамга, дуулал мөн билээ гэж доктор Д.Болд-Эрдэнэ бүтээлдээ өгүүлсэн билээ.
Д.Дүүриймаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ