Олон овоотын өр багассаар байна
Олон овоот хэмээх 18 тонн алтны нөөцтэй ордыг “Жаст” групп хамаг өр ширтэй нь худалдаж авсан цагаас хэл ам тасрахгүй л юм. Ядахад тэр ордын лиценз нь “Голдман сакс” хэмээх олон улсын санхүүгийн корпорацийн мэдэлд оччихсон байсан. Аз болж тус корпораци банк, эсвэл банкс бус санхүүгийн байгууллага биш учраас барьцаалах эрхгүй байж. Үүнийг “Жаст”-ынхан анзаарч хуулийнталаас нь тайлдбарлаж гарц олсоноор Олон овоотыг Монголын талд аваад иржээ. Тэгээд бүх өр ширийг нь төлж барагдуулаад холын ашиг хараачилж яваа. Түүнийгээ ч нуугаагүй. Ингэснийх нь төлөө УИХ-ын нэр бүхий гишүүд түүнийг буруутгаж эхэллээ.
Уг нь ойлгож ядаад байх юм бараг байхгүй. ОЛон овоот төсөлд 60:40 харьцаатай орсоноосоо болоод 20 тэрбум төгрөгөө алдчихсан. Гэтэл энэ авлагаа олж авч чадаагүй байж 186 тэрбум төгрөгийн өрийг нь өөрийн болгож аваад ажиллаж байгаа. Хэрвээ санхүүгийн маш сайн сахилга баттай явах юм бол энэ бүх өрийг дараад 2012 оноос ашигтай ажиллах юм гэсэн. Гэтэл бөөн өр худалдаж авсаныхаа хажуугаар бөөн дуулиан нэмж авсан нь энэ группийн утгагүй санагдах нь мэдээж. АНх Монголбанкинд хандаж Олон овоотын алтны төсөлд зориулан арилжааны банкуудаас олгосон зээлийг “Олон овоот гоулд” ХХК хариуцах үүрэг хүлээснээ мэдэгджээ. Ингээд бүх зээлийн барьцааны бүтцэд өөрчлөлт хийж, эргэн төлөлтийн хугацааг дөрвөн жилээр сунгах, хүүг бууруулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Хамгийн гол нь банкуудад олгосон тэрхүү зээлүүдийн аль нь ч барьцаагүй юм байна шүү гэдгийг анхааруулаад “Олон овоот гоулд” ХХК-аас зээлүүдийн барьцаа хөрөнгийг баталгаажуулж, банк дундын барьцаа хөрөнгийг бий болгоно гэж амласан байдаг. Ингээд барьцаагүй баахан хөрөнгө барьцаатай боллоо. Таван банк гэрээ байгуулж, дундын барьцаанд Олон овоотын лицензийг албан ёсоор бүртгэж авсан. Үүнийг 2011 оны гуравдугаар сарын 28-нд зээл олгосон гурван банкийг барьцаалагчаар нэмж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, Кадастрын албанд мэдэгдсэн байдал зэргээс харж болно. Мөн Олон овоотын алтны төслийн үйл ажиллагаанд хяналт тавих үүднээс “Олон овоот гоулд” ХХК-ийн ТУЗ-д Монголбанк болон арилжааны банкуудын төлөөллийг оролцуулах саналаа тавьжээ. Өөрөөр хэлбэл бүх юм ном журмын дагуу байх ёстой гэсэн үүднээс холбогдох байгууллагын хяналт дор ил тодоор ажиллаад асуудлыг даван гарахыг хичээсэн байна.
Эхэндээ энэ саналыг банкныхан зөв зүйтэй хэмээн алга ташин хүлээн авах байх гэтэл тэгсэнгүй. Урьд хожид ийм шударга жишиг байгаагүй болохоор балмагдсаных уу, эсвэл яаж хяналт тавих ухаанаа олохгүй, банкны төлөөлөл өртэй компанийнхаа ТУЗ-д очоод орох нь зохимжгүй гэж үзсэн байж болох юм. Харин өнгөрсөн оны эхээр Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Олон овоотын алтны төсөлд хяналт тавих банк дундын комиссыг байгуулан ажиллаж эхэлсэн. Энэ нь “Олон овоот гоулд”ХХК-ийн зээлийг эргэн төлөхийн тулд хийсэн ажлыг нь ойлгож эхэлснийх биз.
“Олон овоот гоулд” ХХК хамгийн эхлээд хамгийн эхлээд “Зоос” банкинд хамтран ажиллах саналаа хүргүүлсэн байдаг. Учир нь тус банкинд төлөх өрийн хэмжээ хамгийн их буюу 60 тэрбум төгрөгт хүрээд байсан юм. Уг нь “Зоос”-ын зээлийг “өөрийн” болгох 117 дугаарт “Зээлийн өр шилжүүлэх гэрээ”-г 2009 оны зургадугаар сарын 30-нд байгуулсан боловч тус банкны дараагийн удирдлагууд буюу Европын сэргээн босголтын банкнаас томилогдсон удирдлагын багийнхан зээлийн гэрээг хүчингүй болгож зээлийг банкны алдагдал болгон үлдээсэн байдаг. Дараа нь Монголбанкнаас “Зоос” банкинд томилогдсон эрх хүлээн авагчтай хэлцлийг үргэлжлүүлж, Олон овоотын төсөлд олгосон зээлээс 8.2 тэрбум төгрөгийг төлөөд, үлдсэн 59.4 тэрбум төгрөгийг 2010-2013 онд төлж барагдуулахаар график тохироод байгаа юм билээ. Түүнчлэн “Голомт” банкнаас “Олон овоот гоулд” ХХК-ийн нэр дээр шинээр зээл авч, Олон овоотын алтны төсөлд зориулан “Монгол газар” ХХК болон түүний харилцан хамааралтай этгээдүүдэд олгосон зээлийн өр төлбөрүүдийг барагдуулжээ. “Монгол газар” ХХК түүний харилцан хамааралтай этгээдүүдэд “Анод” банкнаас олгосон зээлүүдээс 10.8 тэрбум төгрөгийн зээлийг 2009 оны наймдугаар сард “Хадгаламж” банкинд шилжүүлж авчраад, үлдсэн 16.8 тэрбум төгрөгийн зээлийг мөн л 2010-2013 онд төлж дуусгахаар график тохирсон байна. “Монголшуудан” банк нь “Хадгаламж” банктай нэгдсэн учраас “Монголшуудан”-аас олгосон нэг тэрбум төгрөгийн зээлийг хариуцан барагдуулах гэрээг “Олон овоот гоулд” ХХК нь “Хадгаламж” банктай шинэчлэн байгуулжээ. Мөн “Капитрон” банкнаас “ Монгол газарт” ХХК-д олгосон 13.9 сая төгрөгийг төлж дууссан аж. Ийнхүү “Олон овоот гоулд” ХХК нь дотоодын арилжааны банкуудаас Олон овоотын алтны төсөлд олгоод найдваргүйд тооцоод байсан 123 тэрбум төгрөгийн зээлийг бүтцийн өөрчлөлт хийж, хэвийн ангилалд оруулж эргэн төлөлтийг нь баталгаатай болгосон байна.
Түүнчлэн “Олон овоот гоулд” ХХК нь “Монгол газар” ХХК-ийн татвар, нийгмийн даатгалын байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар болон төрийн бусад байгууллагад төлөх ёстой нийт 15.4 тэрбум төгрөгийн өрийг өөртөө шилжүүлэн авсан. Хамгийн ноцтой нь алтны үнийн гэнэтийн өсөлтийн 11 тэрбум төгрөгийн шүүхийн шийдвэртэй татварын өрийн асуудал байв. Үүнийг барагдуулж өгөх гэсэн биш Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас “Олон овоот гоулд” ХХК-ийн эд хөрөнгө, мөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа явуулж үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байсан ч удаатай. Гэвч олонтаа тайлбарласны эцэст Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албатай төлбөрийн график тохирч, 2009 оны арванхоёрдугаар сараас эхлэн өнөөг хүртэл нийт гурван тэрбум төгрөгийн өрийг барагдуулаад байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд төлбөл зохих “Хонгорын орд”, “Мейжор Дриллинг” компаниудад хуримтлагдсан 150 гаруй сая төгрөгийн өрийг төлж дуусгажээ.
Цаашилбал нийгмийн даатгалын газарт хуримтлагдсан 178.8 сая төгрөгийн даатгалын өрийг төлж, уурхайн болон үйлдвэрийн ажилчдын бухимтлыг намжааж, даатгалын үйлчилгээ авах боломжийг хангасан байна. Дээр дурьдсанаас гадна 58 иргэн, зарим байгууллагын өрийг төлөхгүй удсанаас болж тухайн байгууллага санхүүгийн хүндрэлд орох, авлагаа барагдуулж чадаагүй иргэдийн бие муудах зэрэг хүндрэлүүд байсан аж. “Олон овоот гоулд” ХХК-аас 59 иргэн, байгууллагын нийт 5.3 тэрбум төгрөгийн өр төлбөрийг өнгөрсөн хугацаанд бүрэн барагдуулаад байна.
Тиймээс олон өртэй Олон овоотыг олон зовоомооргүй л байгаа юм даа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ