Улаанбаатарын аюулгүй байдлын талаар эрдэмтэн судлаачид хэлэлцэж байна

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Азийн том хотуудын аюулгүй байдал" олон улсын симпозиум өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Симпозиумд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч илгээлт ирүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан уншиж сонсгов. Ерөнхийлөгч илгээлтдээ Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын эмх замбараагүй бодлого, шийдвэрийг таслан зогсоож, албан тушаалтны үзэмжээр биш шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэшсэн төлөвлөлтийн үндсэн дээр шийдвэр гаргаж хэрэгжүүлдэг тэр тогтолцоонд шилжихээс Улаанбаатар хотын аюулгүй байдлын асуудлыг эхлэх ёстой. Эмх замбараагүй баригдсан барилга байгууламжийн газар хөдлөлтийг тэсвэрлэх чанар, замын хөдөлгөөний түгжрэл, ногоон байгууламжийн хомсдол, агаарын бохирдол, ундны усны асуудал гээд том хотуудад тохиолддог нийтлэг бэрхшээл манайд ч байна. Эдгээр бэрхшээлийг хэрхэн даван туулж шийдвэрлэж байгаа талаар Азийн орнуудын төлөөлөгчид Та бүхнээс сурч мэдэх зүйл их байгаа. “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль”-ийг санаачлан батлуулан хэрэгжүүлж, Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх Үндэсний хороог байгуулан ажиллуулж эхэлсэн нь зохих үр дүнд хүрч байгаа хэдий ч хийх ажил их байна. Манай улсын эдийн засаг хурдацтай хөгжиж хот, суурин газар өргөжин тэлж, хүн амын төвлөрөл ихээхэн нэмэгдэж буй энэхүү цаг үед зохион байгуулагдаж байгаа “Азийн том хотуудын аюулгүй байдлын асуудал” Олон улсын симпозиумын үйл ажиллагаанд оролцогч эрдэмтэн, мэргэд Та бүхнээс гаргасан санал, санаачилга, зөвлөмж Монгол Улсын болон Азийн томоохон хотуудын  хөгжил цэцэглэлт, аюулгүй байдалд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байна гэж дурдажээ. Үүний дараа Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл симпозиумыг нээж, үндсэн итгэлдээ орлоо. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректор, профессор Б.Дамдинсүрэн “Их хотын амар тайван, аюулгүй байдалд их сургуулиудын гүйцэтгэх үүрэг”, Японы Шинжлэх ухаан, технологийн төвийн Стратеги судлалын хүрээлэнгийн доктор Ёшифуми Ясуока “Хотын дэд бүтцийг динамик загварчлал ба симуляцын платформд нэгтгэн оруулах нь”, мөн Японы зочин профессор Ясуёоши Ичихаши “Фукушимагийн “Дайчи” атомын цахилгаан станцад гарсан осол ба эрчим хүч, хүрээлэн буй орчны талаарх Япон улсын хэтийн бодлого” гэсэн үндсэн илтгэлүүдийг тавилаа. Өнөөдрийн үдээс хойшх болон маргаашийн салбар хуралдаануудаар “Уур амьсгалын өөрчлөлт дэх хот суурин газрын үерийн эрсдэлийн менежмент”, “Эрсдэлийн үнэлгээ", “Даацыг хүчитгэх технологийн хөгжил ба нэвтрүүлэх арга зам”, “Гамшгийн эрсдэл ба сэргээн босголт”, “Хотын дэд бүтцийн системийн төлөвлөлт ба хөгжлийн асуудал”, “Газар зүйн мэдээллийн технологийг нэвтрүүлэх нь”, “Тогтвортой технологийн хөгжил ба ашиглалт” гэсэн илтгэлүүдийг гадаадын эрдэмтэд тавьж хэлэлцүүлнэ. Симпозиумд Австрали, Армен,  Бангладеш, БНХАУ, БНСУ, Вьетнам, Непал, Индонез, ОХУ, Сингапур, Шриланк, Тайланд, Филипин, Энэтхэг, Япон гэсэн 15 орны 51 эрдэмтэн, монголын эрдэмтэн, судлаачид оролцож байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zocin 3:
Гүний усны асуудлыг хөндөж байгаа нь тун зүйтэй хэрэг. Гэвч энд бас хэг зүйлийг огт дурсалгүй орхичихсон байна. Яагаад цахилгаан станцын үйл ажиллагаа нь гүний ус, агаарын бохирдол гэсэн тулгамдсан асуудлуудын учир шалтгаантай шууд хамааралтай мөртлөө энэ талаархи ямарч мэдээлэл дээр яригддаггүйг нь ойлгохгүй байна. Улаанбаатарын 3 цахилгаан станц өдөрт гүний усыг хэр хэмжээтэйгээр ашиглаж байгааг хичнээн хүн мэддэгийг нь мэдэхгүй юм. Турбин хөдөлгүүрийг ажиллуулах мөн шатаасан нүүрсний үнсийг зайлуулахын тулд 1 өдөрт 50000 тн гүний ус хэрэглэдэг. Энэ нь Улаанбаатарын нийт гэр хорооллын хэрэглэж буй гүний уснаас 3 дахин их гэсэн үг. Түүнчлэн цахилгаан станцаас гарч буй үнс нурамнаас хөрсөнд шингэх хэмжээлшгүй хортой бодис нь хар тугалга, мөнгөн ус юм. Цахилгаан станцын үнс нурам хаядаг газар нь Сүхбаатарын талбайгаас ойролцоогоор 30 дахин том гээд боддоо. google-с газрын зурагнаас харахын бол тодорхой харагдана. түүнчлэн станцад нүүрс нөөцлөх газар байдаг нь сүхбаатарын талбайгаас 5 дахин том. тэр ч гэсэн гүний ус болон хөрсний бохирдолд ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа. Монголын хүн амын тал хувь нь амьдарч буй Улаанбаатарыг цаашид хүн амьдарч болохоор газар байлгая гэвэл гэр хороолол, уул уурхайг ярихын хажуугаар хот доторхи цахилгаан станцынбайгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх хор уршгийн талаар ярихгүй байж яавч болохгүй. Гэр хорооллын жорлон, муу усны нүх гүний ус, хөрсийг бохирдуулж байгаа нь ойлгомжтой. Шийдэх арга нь ч амархан. Даанч манай төр засгаас гэр хороололд тулгамдаад байгаа асуудлыг зөвөөр шийдэхийн оронд ард түмний эмзэг байдлаар нь тохуурхан бизнес төдий юм санаачлаад түүнийг нь мэдээллийн хэрэгслүүд хөөргөж дэвэргээд байдаг нь харамсалтай. Ер нь бол гэр хорооллыг орон сууцтай адилхан боловсон 00 ашиглуулж тэгээд бохирдлыг цэвэршүүлэх төхөөрөмж, хоолой суурилуулан ашиглавал болох юм. Гэр хорооллын хүмүүс ч орон суучны хүмүүс ч адилхан монголын ард түмэн шүүдээ. Тиймээс хэрвээ орон сууцанд ус дамжуулах хоолой, боловсон 00 байгаа л бол гэр хороололд ч бас байх ёстой. Төрөөс ард иргэддээ адилхан амьдрах таатай орчин нөхцөл бүрдүүлэхэд хөрөнгө мөнгө зарцуулах ёстой. Үүнийг ойлгоход хялбар болгох үүднээс нэг зүйлийг хэлье. Өнөөдөр Улаанбаатарт байгаа түүх соёлын өв, дурсгалт зүйлс эвдлэгдэн сүйтгэгдээд хэтэрхий өрөвдөлтэй дүр зурагтай болоод байна. Чойжин ламын музей, зайсан толгой гээд бүгд л төмөр бетонин барилгаар хавчигдсан газар болжээ. Эх зохиолч Нацагдоржийн хөшөөний ойролцоох газар ч хэдий нь зарагджээ. Иймэрхүү байдлаар түүх соёлын өвөө устгаад байвал эцэст нь монгол хүн өөрийгөө үгүй хийж байгаа хэрэг. Мэдээллийн хэрэгслүүд ард түмний нэгээхэн хэсэг болох гэр хорооллын хүмүүсийг яг л хөдөө хээрээс төөрч будилаад ирсэн мал адгуус мэтээр бүгд л гэр хорооллынхоны хариуцлага юм шиг муучилаад байхаар гэр хороолол гэж нэг хэсэг тусдаа эрх ашигтай хүмүүс орон сууцныхон гэж бас нэг хэсэг өөр эрх ашгийн төлөөх хүмүүс болж хувираад байна. Орон сууцанд цэвэр бохирын шугам байгаа л бол гэр хороололд ч байх ёстой. Төр ард түмнээ ялгаж гадүүрхалгүй яг адилхан амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд ажиллах ёстой гэдэг талаас нь ярихгүй байгаа нь монгол хүмүүсийн дундын өмч, нийт түмний өв соёл гэж юу болох, түүнийгээ хэрхэн нэгдэж хамгаалах, ямар зүйлийг эсэргүүцэж, юуны талд зогсох ёстойгоо ард түмэн ойлгохгүйд хүргээд байна. 1960аад оны үед Америкид арьс өнгөөх ялгаварлах үзэл байсан ч тухайн үед ялгаварлагдан гадуурхагдаад байсан хар арьстнуудын гэрт ч халуун хүйтэн ус боловсон 00 хэрэглүүлж байсан. Учир нь энэ бол амьд хүний зайлшгүй хэрэгцээ бөгөөд ус агааргүй бол үхэхтэй адил гэсэн үг. Тиймээс л тэгтлээ гадуурхагдан үзэн ядуулж байсан хар арьстнуудад хүртэл төрөөс нь аятай амьдрах нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн хэрэг.
2012-10-11