108 мянган төгрөгийг нэмэх асуудал 10-аадхан хоногийн дараа яригдана

img

Гурван жил өөрчлөгдөөгүй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх оны нэг сард нэмэгдэж мэдэхээр байна. 108 мянган төгрөгийг 150-170 мянга болгохоор ажиллана гэдгээ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэллээ. Гэхдээ энэ нь хэлэлцээрийн явцад шийдэгдэх юм байна.

Хуулиараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жил болгон өөрчлөх ёстой. Ингэхдээ багасгахгүй, нэмэх үүргийг Засгийн газар хүлээж байгаа. Гэтэл энэ засгийн газар 2008, 2009 , 2010 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 108 мянган төгрөгийг огт нэмэлгүй, 108 мянгад нь хав дарсан.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо үүнийг эсэргүүцэж хэл ам хийснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай хуультай болсон. Ингэснээр Засгийн газар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ганцаараа дур мэдэн тогтоохоо больж байгаа. Заавал ажил олгогч эзэд, үйлдвэрчний эвлэлтэй тохирох ёстой болсон юм.

Тэгвэл ирэх сарын эхний 14 хоногт багтаан эдгээр талууд уулзаж, 108 мянгыг өөрчлөх асуудлыг ярилцахаар болсон гэж МҮЭХ-ны ерөнхийлөгч  С.Ганбаатар хэллээ.

Иргэдийн авч байгаа дундаж цалин 330 мянга байгаа юм байна. Үүний 67 хувиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоодог жишиг гадаадын оронд байдаг. Үүнийг дагах боломж манайд байгаа. Ингэвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108 биш 216 болох боломж байгаа гэж үйлдвэрчний эвлэл үзэж байна. Гэхдээ нөгөө талууд нь 25 хувиар л нэмэх чадал байна гэж ярьсан байна.

Үүгээр нь тооцвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 130 гаруй мянга болохоор байгаа юм. Гэхдээ үйлдвэрчнийхэн 216 мянга гэж байгаа. Тэгэхлээр дундаа хийгээд 150-170 мянга болгох боломжийг хайна гэж С.Ганбаатар хэлж байна.

Ирэх онд 108 мянгыг нэмэгдүүлэх асуудал хуулийн хүрээнд хөндөгдөнө. Нойр хоолгүй хаа нэг газар ажиллаад 108 мянган төгрөг авдаг байсан иргэдийн цалин өснө. Харин хэдэн хувиар вэ гэдэг нь 10-аадхан хоногийн дараа мэдэгдэнэ.

Л.Ариун-Учрал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ