
Мянга мянган өрхийг гэгээтэй залгуулах эрчим хүчний V дугаар эх үүсвэрийг цаасан дээрээс газарт буулгах ажлын эргэн тойронд өнөөдөр зөвлөгөөн болов. Тендерт оролцохоор санал ирүүлсэн талуудад Засгийн газрын байр суурийг тодорхой хүргэх, мөн төслийн судалгааны ажлуудыг танилцуулах чиглэлтэй арга хэмжээний дараа урьдчилсан шалгаруулалтад оролцох 6 тал тодрох юм. Улмаар 2012 оны гуравдугаар сард сүүлийн санал хүлээн авч тус сардаа багтаан концесс эзэмшигчийг шалгаруулах болно гэдгийг Төрийн өмчийн хороо өнөөдөр дуулгав. Тендерийн эхний шалгаруулалт энэ сарын 28-нд дуусах юм.
Тэрчлэн станцын зураг төслийг боловсруулах, санхүүжүүлэх, барих, ашиглах, засвар үйлчилгээ хийх, шилжүүлэх нөхцөлтэй концесс олгох шалгаруулалтын урьдчилсан тендерт оролцохоор саналаа хүргүүлсэн талууд Төрийн өмчийн хорооны зөвлөх багийнхантай ганцаарчилсан уулзалтуудыг хийж байгаа аж. Улаанбаатар хотод баригдахаар төлөвлөсөн 450 МВТ -830 МВТ хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг босгохоор хамтарсан Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгасан бөгөөд сонгуулиас урьтан эхлүүлэх учиртай ажлуудын нэг нь.
Шинэ эх үүсвэрийг барих төслийн техник эдийн засгийн бололцооны судалгаа, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн нэгдсэн судалгаа, эрчим хүчний үр ашгийг сайжруулах санхүүжилтэд төр, хувийн хэвшлийн түншлэл ашиглах боломжийг судлах гэхчлэн нэгдсэн Техник эдийн засгийн үндэслэлийг ЭБЭХЯ-ны захилгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж дуусгаад байгаа. ТЭЗҮ-ийн дүгнэлтэд газар зүйн байршлын хувьд хэд хэдэн хувилбар гаргаад ДЦС-3 байгаа газар тохиромжтой гэдэг нь тогтоогдсон гэж мэргэжилтнүүд хэлж буй. Тэгэхээр газраа сонгосон, одоо барьж байгуулж, шилжүүлэх этгээдийг тодруулах ажил явагдаж буй учраас тус станц газар дээр буух нь гэсэн итгэл төрж байгаа юм.
Харин нөгөө талд улам бүр өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг шийдвэрлэхээр байгуулж байгаа станцын үйлдвэрлэлийг тасралтгүй, найдвартай нүүрсээр хангаж байх уурхайнуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал давхар яригдаж байна уу гэдэг асуулт дагана. Мэдээж төрийн өмчит Багануур, Шивээ овоо гэхчлэн уурхайнуудын тухай яриа юм.
Саяхан нүүрсний салбарынхан ээлжит зөвлөгөөнөө хийж 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг тухайлан хэлэлцсэн. Дулааны цахилгаан станцуудад нүүрс нийлүүлдэг Багануур, Шивээ-Овоо, Шарын гол, Адуунчулууны уурхайн нүүрс нийлүүлэлтийн гэрээ 103,8 хувийн биелэлттэй, авахад болон нээсэн нүүрсний нөөц 1,6 сая тн. Салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 90,9 хувийн биелэлттэй. Эрчим хүчний нүүрс нийлүүлэх уурхайнууд болон ДЦС-уудын хооронд хуримтлагдсан өр авлага энэ онд 50 орчим хувиар буурч 11.4 тэрбум төгрөг болсон гэхчлэн өөдрөг талын зүйлсийг ярьж байсан.
Гэхдээ уурхайнуудын ужгирсан асуудлууд шийдэгдээгүй хэвээр байгаа юм. Нэг өвлийн цаана аргалаад гарах нэг хэрэг. Угтаж ирэх олон өвлийг тухай бүрт нь ажрахгүй давах чадамж бидэнд хэрэгтэй. Тиймээс ч станцуудыг найдвартай тасралтгүй хангахын тулд уурхайнууд техник, технологийн шинэчлэлийг цаг тухайдаа хийдэг байх ёстой. Тэрчлэн нүүрсний үнэ, хүчин чадал үе шаттайгаар нэмэгддэг байх учиртай. Энэ нь төрийн тодорхой бодлогын дор зангидагдаж ажил болох ёстой гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Гэсэн ч шийдвэр гаргагчид бэрхшээлийг өөрөөр зөөлрүүлж хардаг гэмтэй хүмүүс.
Зүй нь станцуудыг тэжээх төрийн өмчит уурхайнуудын хүчин чадлыг тухайлсан хугацаанд 2015, 2020, 2025, 2030 он хүртэл яаж шат дараалан өсгөж, нэмэгдүүлэх вэ. Хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай вэ. Техник технологийг нь яаж шинэчлэх вэ. Нүүрс үйлдвэрлэж буй уурхайнуудын нэг тонн нүүрсний өөрийн өртөг нь хэд, хэд болж гарч ирж байх вэ. Нүүрсний нөөц ашиглалтын лиценз, тусгай зөвшөөрлийн талбайнуудыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэхчлэн цогц харах ёстой. Үүнийг нь шийддэг техникийн бичиг баримт нь Техник эдийн засгийн үндэслэл ч өдийг хүртэл бэлэн болоогүй. Ажлын хэсэг гараад ТЭЗҮ-г гаргах гээд ажиллаж байгаа ч бодит ахиц одоогоор үгүй. Гол нь салбарын яам, газар, хэлтсүүдийн оролцоо энэ төсөлд төдийлөн даацтай орж чадахгүй байгаа талаар ч яригдаж буй. Ерөөс Монгол улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн дунд болон урт хугацааны бодлого маш тодорхой гарч ирж байж, тэндээс эрчим хүчний нүүрсний үйлдвэрлэлийн бодлого, төслүүд уялдаж, дагаж гарч ирэх ёстой байтал тус тусдаа яваад байдаг. Ийм байхад шинэ эх үүсвэр ДЦС-5-ыг хэн хэрхэн тэжээх вэ. Ер нь энэ станцын хүчин чадал цаашид яаж өсөх билээ. Тухайлбал хэдэн онд, хэдий хэмжээний нүүрсний хэрэглээтэй байх юм бэ. Тэр бүгдийг үндэслэж эрчим хүчний нүүрсний хэрэглээний өсөлтийн прогноз гарч ирэх ёстой. Тэгж байж төрийн өмчит уурхайнуудын үйл ажиллагааг ямар үе шаттайгаар нэмэгдүүлэх вэ. Ирэх онуудад хэчнээн сая тонн нүүрс олборлох шаардлагатай вэ гэхчлэн заавал холбоотой байх ёстой зүйлсийг зэрэгцэн ярих ёстой байтал өнөөдрийн тухайд станцын асуудлаа тухайлаад тэжээгч эх үүсвэрийн найдвартай байдлыг ард нь тавиад байна. Уг нь зэрэгцэж л яригдаж, шийдвэрлэгдэх ёстой асуудлууд юм.
Э.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ